Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар монголчууд олон жил ярьж байгаа ч сүүлийн жилүүдэд дөнгөж хөгжиж байгаа нь нууц биш. Гэвч энэ салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг анхаарлын гадна орхиж болохгүй болохыг фермийнхэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт учирлажээ.
Тухайлбал, сүүний фермийнхэнд тулгамдаж байгаа асуудал нь өвс, тэжээлийн үнэ их байгаагаас үхрээ стандартын дагуу тэжээж чадахгүй байна. Иймд малчдад тариан талбайг нэмж олгон шим тэжээл сайтай тариалан эрхлэх боломжийг олгохыг салбарын сайдаас хүсчээ.
Мөн наад зах нь Батсүмбэр сум гэхэд л цахилгааны хүчдэл муугаас цахилгаан саалтуур, сүү хөргүүрийн төхөөрөмжөө ажиллуулах боломжгүй болж, өөрсдөө цахилгааны өсгөгч авч сүүгээ хөргөн компаниудад нийлүүлдэг зэрэг олон саад бэрхшээл байгаа гэнэ.
Цаашлаад сүүний урамшууллыг есдүгээр сараас зургаадугаар дугаар сар хүртэл олговол хаврын хатуу цагт өвс тэжээлээ бэлтгэхэд бодит дэмжлэг болно. Иймд салбарын яам тооцоо судалгаа хийж үзэх хүсэлтийг тавьж байлаа.
Саяхан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Төв аймгийн Батсүмбэр, Сүмбэр, Дархан-Уул аймагт төвийн бүсийг хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс нутаг болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж ажилласан байна. Энэ үеэр сүүний фермийн төлөөллүүд эл асуудлыг хөндсөн нь энэ аж. Мөн салбарын сайд Батсүмбэр сумын “Үдлэг Бургалтайн шим” фермийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хадлан тэжээл бэлтгэх, тарих гарц шийдлийн талаар аймгийн Засаг дарга, мал аж ахуйн мэргэжилтнүүдтэй уулзаж, ойрын хугацаанд сүүний чиглэлийн үхрийн үүлдэр угсааг төрөлжүүлж, нэгдсэн тоо гарган зохиомол хээлтүүлэгт боловсон хүчнээ бэлтгэхийг үүрэг чиглэл болгожээ. Одоогоор “Үдлэг бургалтайн шим” хоршоонд нийт 40 гаруй өрх нэгдэж, 600 гаруй үнээний сүүг “Сүү” ХХК-д нийлүүлж байгаа аж.