Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Ө.Дүүрэнбаяр: Тамирчид 30 нас хүрээгүй л хайвганаад, удаан зогсож чадахгүй, удаан суухаараа босож чадахгүй болдог

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 40 секунд

Энэ удаагийн олимпын наадамд тамирчдын сэтгэл зүйч, хоол зүйч нарыг оролцуулаагүйн улмаас нийгэмд багагүй асуудал үүссэн. Үе, үеийн тамирчид ч энэ асуудлаар шүгэл үлээсээр байна. Тухайлбал, нэгэн цагт жүдо бөхөөр амжилттай барилдаж байсан МУГТ Ө.Дүүрэнбаяр цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр,

"Манайхан сэтгэл зүйчгүй явсан юм уу" гээд их гайхаад байх юм. Сэтгэл зүйч, хоол зүйч гэдэг юм 3 жилийн өмнөөс л нийт тамирчидтай ажилладаг болсон (ганц олимпын үеэр). Тэрнээс өмнө нь ганц нэг тамирчин хувиараа холбогддог, бусад нь гадаадад тамирчид ингэдэг гэж байна гээд холын юм сонсогддог байлаа. Одоо харин улсаас гаргаж өгөөд байгаа нь бас дэвшил юм уу гэж харж байгаа.

Энэ асуудлаас гадна МҮОХ, бусад спортын холбоо нарт гаргах уриалга байна.

Үзэгчдийн хувьд бол яах вэ олимп, ДАШТ дуусаад цэнгүүлэх нь цэнгүүлээд, хараалгах нь хараалгаад дуусна. Харин тамирчид тамирчны замналаа дуусгахдаа маш их бэртэлтэй үлддэг. Энэ олимпоор ч гэсэн миний мэдэж байгаагаар нэлээн хэдэн хүнд бэртэлтэй тамирчид салаад уначихгүй бол дуустал нь үзнэ гээд ясаа цайтал үзэх шиг боллоо.

Миний хувьд гэхэд л 2019-2021 оны хооронд шилбэний булчин тасарсан, хоёр өвдөг чагт, миниск, 2 шагай гээд бүтэн шөрмөстэй юм байхгүй (машинаар бол явах эд анги будаа...). Тэгээд спортоо больсон, чадахаа ч байсан. Юу хэлэх гээд байна гэвэл, одоо бидэнд хэрэггүй боллоо гээд хаячихдаггүй нэгдсэн журмаар даатгалд хамруулдаг юм уу, бүхэл бүтэн улс байна даа нэг сайн эмнэлэгтэй гэрээ хийгээд хамтарч ажиллах ч гэдэг юм уу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол битүү өвчний үүр л үлдээд байна, бас дэндүү хайран байна аа.

30 хүрээгүй хайвганаад, удаан зогсож чадахгүй, удаан суухаараа босож чадахгүй. Өөрсдөө яваад эмчлүүлье гэхээр хувь хүнд бол арай л ахадсан мөнгө гардаг. За ганц бэртэл бол яах вэ, олон болоод ирэхээр үнэ дийлдэхгүй болдог юм билээ. Тамирчдыг хүн талаас нь харж эрх ашгийг нь хамгаалдаг газартай болмоор юм шиг.

Тамирчдынхаа спортын дараах амьдралд нь анхаараад, ядаж л бэртэлтэй тамирчдаа замналынх нь дараа цоо шинэ хөл гартай болгоод өгнө гэвэл тамирчдад бас алдах юм багасаад, сэтгэл зүйд ч сайнаар нөлөөлөх байх. Олимп, дэлхийн аваргад оролцож байгаа тамирчид ихэнх нь бэртэлтэй л байгаа. Тэр болгондоо энэ олимп, дэлхийн аваргаас л медаль авахгүй бол хэнд ч хэрэггүй, юу ч чадахаа болино гэсэн айдас маш их байдаг. Тэр нь их дарамт болдог шүү.

Тамирчин ч гэсэн хүн шүү дээ" гэжээ.

ТӨЛӨВ: Ирэх 7 хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, борооны өмнө салхи ширүүснэ
ТӨЛӨВ: Ирэх 7 хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, борооны өмнө салхи ширүүснэ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.