Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарсан. Тэгвэл өнөөдөр даланг барих бэлтгэл ажил дуусаж, 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн түшиц ханыг хийж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тус байршилд мэргэжилтнүүдийн хамт ажиллалаа.
Сэлбэ, Дунд гол дагуу нийт 135 мянган шоо метр лаг хагшаасыг зөөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингэхдээ мод бургасыг чөлөөлөхдөө далангийн хоёр талаар ургасан мод бургасыг чөлөөлөхгүйгээр голын үндсэн голдирлыг хааж, урсцыг сааруулсан мод бургасыг чөлөөлж буй. Энэ талаар Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Баранчулуунаас тодрууллаа.
Тэрбээр “Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж буй үйлдэлд иргэд олон нийт сөрөг үзэл бодлоо илэрхийлээд буй. Харин мэргэжлийн талаас үзэхэд голыг үерээс хамгаалахад хоёр талын түшиц ханыг өндөрлөх, голын голдирлыг өргөтгөх, голын голдирлыг шулуутгаж доош гүнзгийлэх гэсэн үндсэн гурван арга бий. Түшиц хана хийх нь хөрөнгө болон болон цаг хугацаа их шаарддаг бол хот дундуур урсаж байгаа голыг өргөтгөх боломжгүй байгааг бид харж байна.
Иймд эцсийн арга нь голын голдирлыг шулуутгаж, лаг хагшаасыг цэвэрлэн доош гүнзгийлэх нь хамгийн түргэн шуурхай авч болох арга хэмжээ мөн. Олон жилийн лаг хагшаас бөөгнөрч ургамал ургах хамгийн таатай орчин нөхцөл хөрсөнд үүссэн учир бургас болон нэг наст ургамал ихээр ургаж байна. Эдгээр шарилж төрлийн ургамлыг авч голын урсцыг сайжруулахаас өөр техникийн шийдэл байхгүй” гэв.