"Долдугаар ангийн нэг хүүхэд байсан. Самбо, жүдогоор хичээллэдэг, зүүн бүсийн аварга, улсын аваргад байр эзэлж байсан. Өөрөө жижигхэн биетэй. Ахынхаа морийг унаж яваад мориноосоо уначихсан. Одоо тэр хүүхэд морь ч унаж чадахгүй, барилдаж ч чадахгүй болчихсон. Тархиндаа гэмтэл авсны улмаас нэлээд удаан эмнэлгээр явсан" гэж нэгэн хүү ярьжээ.
Хэдийгээр хурдан морины уралдаан нь монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр боловч зөвхөн зун биш жилийн 4 улиралд үсэргээ, сунгаа хийж, зарим тохиолдолд далд хэлбэрээр бооцоот уралдаанууд зохиож бизнесийн болон бооцоот спортын төрөлд илүү ойртож байгаа гэдгийг Хүний эрхийн Үндэсний комиссын судалгаанд дурдсан байна. Үүний цаана унаач хүүхдийн амь насны асуудал ч яригдаж таарна.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах, сурч боловсрох эрхтэй бөгөөд хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заажээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3.1.1-д “уралдах морийг 7-гоос дээш настай, морь унаж, давхиулж сурсан, эрүүл хүүхдээр унуулах” гэж зохицуулсан байна. Эдгээрээс шалтгаалан унаач хүүхдийн нас72 нь нэг талаас хүний эрх, хууль тогтоомжийн нөгөө талаасаа үндэсний соёл, өв уламжлалын уулзах зөрчилдөөнт цэгт маргаантай оршсон хэвээр.
Зөрчлийн тухай хуульд Үндэсний баяр наадмын тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын заалт оруулж өгөөгүй бөгөөд тус хуулийн 6.20 дугаар зүйл73-ийн дагуу хувь хүн буюу зөвхөн уяачийг 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгохоор, харин төрийн албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй гэж үзвэл тус хуулийн 15.2 дугаар зүйл 74-ийн дагуу торгох шийтгэл оноохоор заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирвал эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх талаар гэмт хэргийн зүйлчлэл байхгүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалах ёстой чухал объектыг орхигдуулсан байна.
2024 онд 4 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан бол 3 хүүхэд гэмтэж бэртсэн
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:
-Хурдан морины уралдаан зохион байгуулж буй нөхцөл байдал, байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан унаач хүүхдэд эрсдэл учирч буй тохиолдол тасралтгүй гарч байна. Хурдан морины уралдаан нь хэдийгээр үндэсний өв соёл боловч бид хүүхдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах шаардлагатай.
2024 оны эхний хагас жилийн байдлаар 4 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан бол 3 хүүхэд гэмтэж бэртсэн.
Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морь, унаач хүүхдийн бүртгэл 2024 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдөр болох бөгөөд унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хувцас хэрэглэлийн стандартын шаардлага хангаж буй эсэх, даатгалд хамруулсан байдал, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл бий эсэхэд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хариуцан ажиллана.
Гэрээ санасан унаач хүүхдүүд уяаны галаас зугтах тохиолдол ч цөөнгүй
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяачтай хийсэн ярилцлагаас "Хурдан морь унуулах хүүхдээ найз нөхдөөрөө дамжуулж олж байна. Би найзынхаа дүүгийн хүүхдийг хөлсөөр авч байна. Бага овооны наадамд хүүхдэд нэг удаад морь унуулахад 50,000 төгрөг нөгөө хүн мөнгөгүй бол багадаа 40,000 төгрөг, тэгээд аймгийн наадамд айрагдвал хүүхэд өөрөө бай шагналаа авна. Бас 10 дотор орвол 70,000-80,000 төгрөг өгнө. Хурдан морио унуулж байгаа хүн бол 250,000-400,000 төгрөг өгч байна. Манай энэ хавьд бол бүтэн жилийн турш сар бүр 250.000 байдаг. Ер нь 250,000 төгрөгнөөс доош байдаггүй" гэжээ.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн статистикт жилийн дөрвөн улиралд хурдны мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо бүртгэгдсэн, мөн хурдан морь унаач хүүхдүүдтэй хийсэн ярилцлагад “жилийн дөрвөн улиралд уралдаан, үсэргээ, сунгаа явдаг” гэж хэлснээс үзвэл төрийн байгууллагуудын хянах боломжгүй байдлаар хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, уралдааны явцад хүүхэд мориноос унах, бэртэх тохиолдол эмнэлгийн үйлчилгээ авсан тоогоороо ийнхүү бүртгэгдсэн гэж дүгнэж болохоор байна.
Судалгааны үр дүнд унаач хүүхдүүдийг хүсэл зоригийнх нь эсрэг, албадах, үл хайхрах, мөрдөн мөшгөх, заналхийлэх, хязгаарлах, гутаан доромжлох хэлбэрээр сэтгэл санаанд айдас, түгшүүр, шаналал үүсгэхүйц нөхцөл илэрсэн гэдэг нь анхаарал татав.
Ерөнхийд нь дүгнэж үзвэл 12 хүртэлх насны унаач хүүхдүүд морины амыг татаж дийлэхгүйгээс эсвэл бороонд морь халтирах зэргээс болж унаж гэмтэх, уралдааны үед бусдад ташуурдуулах, үеийн хүүхдүүдэд дээрэлхүүлэх, архи уусан том хүмүүстэй харьцахаас айх, уралдаанд хоцрох, түрүүлэхгүй байх зэрэг айдас, түгшүүрээс, мөн гомдсон, гэрээ санасан тохиолдолд уяаны галаас зугтах тохиолдол ч цөөнгүй гардаг аж.
Харин 13 ба түүнээс дээш насны унаач хүүхдүүд мориноос хүчтэй унах, зодуулж шийтгүүлэхээс айх, завгүй ажиллахаас халшрах, цалингаа авч чадаагүй тохиолдолд том хүнээс нэхэж авахаас айх зэрэг айдас, түгшүүрээ илэрхийлсэн байна.
Өөрийн гэртээ байж өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө морийг унадаг хүүхдүүд өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар сайн, харилцааны хувьд нээлттэй байдаг бол айлд байж, хүний морийг унадаг хүүхдүүдийн хувьд өөртөө итгэх итгэлгүй, маш их зүйлд сэтгэл нь түгшиж айдаг, сэтгэл зүйн түгшүүр өндөр, өөрийн ах эгч, дүү нарыг санадаг ба сайн байгаа эсэхэд эргэлзэж байнга санаа нь зовдог байна.
Хурдан морь унаж байсан хүүхдүүд хөлсөөр морь унадаг, унаач хүүхдүүдийн хийх ажил нь ялгаатай хамаатны хүүхдээр арай хөнгөн ажил хийлгэж өөр айлаас ирж морь унадаг хүүхдээр ихэнх ажлыг хийлгэдэг, уяач, туслахууд жаахан хүүхдүүдийг шоглодог бол уяач айлынх нь хүүхдүүд нь бас дээрэлхдэг гэнэ.
Унаач хүүхдүүд ихэвчлэн гэрээсээ эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтаас хол байдаг тул тамхи татах, хараалын үг хэлэх, согтууруулах ундаа хэрэглэх хорт зуршилд автах магадлал өндөр байдаг. Мөн туслах уяачид унаач хүүхдүүдэд байнга заавар өгч, хянаж ажиллах үүрэгтэй гэж үзвэл тэдний үлгэрлэл, зан харилцааны доголдол нь хүүхдийн ёс суртахуунд сөрөг нөлөөлөл үзүүлэх боломжтой гэж үзэж болохоор байна.
Түүнчлэн унаач хүүхдийн хийж байгаа ажил, нь хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор, эцэг, эх, асран хамгаалагч нь шан харамжтай эсвэл шан харамжгүйгээр бусдад өгөх гэсэн боолчлолын бүх шинжийг бүрэн хангаж байгаа тул бүх талаас нь бүрэн зохицуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.