Сүүлчийн 76 гишүүнтэй парламент халаагаа өгөхөд хоёр сар хүрэхгүй хугацаа үлджээ. Ирэх намар 126 гишүүнтэй холимог тогтолцоотой шинэ парламент бүрдэнэ. Харин Их хурал, Засгийн газрын гишүүнээр одоогийн 76-гаас хэн нь явж, хэн нь үлдэх эсэх нь удахгүй болох 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар тодорхой болно.
Сонгууль ойртсон энэ цаг үед төрийн түшээ хэмээх "цол" зүүсэн нөхдөөс хийсэн ажил, хэрэгжүүлсэн амлалтыг нь нэхэх нь зүй. Үүний зэрэгцээ тэдний орлогод хэр их өөрчлөлт гарсан тухай бид олон нийтэд хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийн өөрчлөлтийг цувралаар бэлтгэн хүргэж буй. УИХ-ын гишүүдийн орлого, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үнэт эдлэл, мал ахуйн хөрөнгийг өмнө нь танилцуулсан бол энэ удаа эрхэм сайд, гишүүдийн ЗӨРҮҮТЭЙ ХОМ-ийг онцолж байна.
ХАМГИЙН ОРЛОГО БАГАТАЙ Ч ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ НЭМСЭН ГИШҮҮД ХЭН БАЙВ?
Юуны өмнө өөрийн орлого нь буурсан УИХ-ын гишүүдийг таницуулъя.
УИХ-ын гишүүдээс өөрийн орлого нь буурсан ч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр тэрбум давсан нь цөөнгүй. Тэр дундаа Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж буй Л.Энх-Амгалан жагсаалтыг тэргүүлж байгаа бол араас нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ц.Анандбазар нар толгой цохиж явна.
БИЙЛЭГЖҮҮ САЙД
Одоогийн 76 гишүүнээс хамгийн "бийлэгжүү"-дээ ордог Боловсрол, шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан жагсаалтыг тэргүүлж буй. Түүний хувьд 2019 оны нэр дэвшигчийн ХОМ-тээ өөрийн орлогыг 5 тэрбум 109 сая хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд огцом буурч 45 сая төгрөг болсон гэж мэдүүлжээ. Түүний гэр бүлийн орлого 2020 онд гэнэт 281 сая 100 мянган төгрөг болж өсжээ. Ингэж хэлэхийн учир нь Их хуралд нэр дэвшихдээ гэр бүлийн орлогогүй гэж мэдүүлсэнтэй холбоотой.
Түүний гэр бүлийн орлого 2021 онд /энэ үед цар тахлын дэгдэлтээс үүдсэн эдийн засгийн хямрал үргэлжилж байсан/ мөн л нэмэгдэж 598 сая 400 мянган төгрөг болжээ. Үүнийг 2020 онтой харьцуулахад нэг жилийн дотор 317 сая 300 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Харин 2022 онд гэр бүлийн орлого нь огцом 46 сая 200 мянган төгрөг болтол буурчээ.
Хэдийгээр түүний өөрийн болон гэр бүлийн орлого буурсан ч эсрэгээрээ үл хөдлөх хөрөнгө нь УИХ-ын гишүүнээр гурван жил ажилласны дараа 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байгаа юм. Л.Энх-Амгалан сайд 2019 онд 1.5 тэрбумын төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 2022 онд 4.4 тэрбум болж үнэлгээ нь өсжээ. Түүний нийт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 15.5 тэрбум буюу /15,542,557,000/ төгрөгөөр хэмжигдэж буй.
НЭГ Ч ТӨГРӨГИЙН ОРЛОГОГҮЙ БОЛСОН Ч 6.5 ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ ГИШҮҮН
Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хувьд өөрийн орлого нь 199 сая төгрөг. Энэ нь түүний 2019-2021 он хүртэлх нийт орлогын дүн. Гэвч 2022 онд өөрийн болон гэр бүлийн орлогогүй гэж ХОМ-т мэдүүлжээ. Ийм боловч тэрбум, тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй гишүүдийн тоонд зүй ёсоор багтаж буй.
Ж.Мөнхбат гишүүний тухайд дөрвөн жилийн хугацаанд орлого нь буурсан УИХ-ын гишүүдээс сүүл мушгиж буй. Түүний орлого 2019 онд 153.7 сая буюу /153,781,650/ төгрөг байсан бол 2022 онд 22.7 сая төгрөг хүртэл огцом буурсан. Гэтэл 2022 онд нэг ч төгрөгийн орлогогүй болжээ. Харин нийт орлогын дүнг нь тооцвол 199 сая төгрөг байгаа юм.
ӨӨРИЙН ОРЛОГО НЬ БУУРСАН Ч ГЭР БҮЛИЙН ОРЛОГО НЬ НЭМЭГДСЭН ТҮШЭЭД
Нүүрсний хулгай, ногоон автобусны дуулиан зэрэг элдэв хэрэгт холбогдсон хэцүү анги нэртэй одоогийн парламентыг даргалж буй УИХ-ын дарга Г.Занданшатарын өөрийн орлого нь 66 сая төгрөгөөр буурчээ. Эсрэгээрээ гэр бүлийн орлого нь дөрвөн жилийн хугацаанд тогтмол өсжээ. Харьцуулахад, түүний өөрийн орлого 2019 онд 124 сая 305 мянга 940 төгрөг /124,305,940/ гэж нэр дэвшигчийн ХОМ-т мэдүүлж байв. Түүний энэ орлого 2022 онд эрс багасаж 58 сая 259 мянга 510 төгрөг болжээ. Түүний араас УИХ-ын гишүүн Д.Өнөрболор анхаарал татаж буй.
Д.ӨНӨРБОЛОРЫН ГЭР БҮЛИЙН ОРЛОГО 77.6 САЯ ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЖЭЭ
- 2019 онд гэр бүлийн орлого нь 33,6 сая /33,678,000/ байсан бол 2022 онд 77.6 сая болж нэмэгджээ.
ХОМ-ээр орлого болон үл хөдлөх хөрөнгөөрөө хамгийн их хямарсан гишүүдийн нэг. Их хуралд ажилласнаас хойш гурван жилийн дараа түүний орлого 784 сая төгрөгөөр буурч, үүний зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө нь 3.1 тэрбум төгрөгөөр хумигдсан.
Д.Өнөрболор гишүүн 2019 онд 853.2 сая /853,239,770/ төгрөгийн орлого мэдүүлж байсан бол 2022 онд 68.8 сая /68,837,170/ төгрөг хүртэл эрс багасжээ. Мөн 2019 онд 18.4 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй байсан ч 2022 онд 15.2 тэрбум хүртэл агшсан байна. Хэдийгээр орлого, үл хөдлөх хөрөнгө нь буурсан ч гэр бүлийн орлого нь нэмэгджээ.