Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алслагдсан цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жил алба хааж буй офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мөнгөн урамшуулал олгохоор хуулийн төсөлд тусгажээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 14 секунд

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг хэлэлцэн баталж, 2017, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах арга хэмжээний хүрээнд Олон улсын валютын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр (Stand by)-т хамрагдах нөхцөл, шаардлагыг хангах үүднээс холбогдох зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, цэргийн алба хаагчийн цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой гурван эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, мөнгөн урамшуулал олгох болон дээд офицерын цолны мөнгөтэй холбогдох хоёр эрх зүйн зохицуулалтыг хүчингүй болгосон аж. Тухайлбал,

Хуулийн 7 дугаар зүйлд заасан “Улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгохтой холбоотой зохицуулалтыг хүчингүй болгож, мөн хуулийн 9.5-д заасан дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгохтой холбогдсон зарим эрх зүйн зохицуулалтуудад өөрчлөлт оруулжээ.

Хууль тогтоомжийн энэхүү эрх зүйн ялгавартай байдлаас шалтгаалан Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын цалин хөлс, нийгмийн хамгаалал нь хуулиар харьцангуй илүү болох хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын болон цагдаагийн байгууллагад шилжин ажиллах хүсэл сонирхлыг бий болгож, алслагдсан болон хөдөө орон нутагт ажиллах хүсэл сонирхол илт буурч, жилээс жилд ажлаас чөлөөлөгдөх, өөр ажил, албан тушаалд шилжин явах тохиолдол ихсэх зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгаа нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэж заасантай зөрчилдөж, улмаар төрөөс тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчний хүний нөөцийн хомсдол үүсэх нөхцөл нь хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байгаа юм байна.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг дурдвал:

-Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мөнгөн урамшуулал олгох;

-Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчдад цалин хөлс олгох журмыг холбогдох Засгийн газар гишүүн батлах;

-Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн алба хаагчийн ажил, албан үүргийг хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох,

-Ажлын байрны бэлгийн дарамт шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхахыг алба хаагчдын үйл ажиллагаанд хориглох зэрэг болно.

Хуулийн төсөл батлагдсанаар, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгаа дээшилж, алслагдсан болон хөдөө, орон нутагт байрлах цэргийн анги, салбарт тогтвор суурьшилтай ажиллах, цэргийн албаны хэвийн, аюулгүй, тасралтгүй үйл ажиллагаа хангагдах нөхцөл сайжирч, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичгийн “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хэрэгжилт болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6-д “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ.” гэсэн зорилт хангагдахад чухал нөлөө үзүүлж, хууль тогтоомжийн нийцэл хангагдана гэж үзжээ.

ЭМИЙН СОНСГОЛ: МУ-д эм, оношлуур эмийн түүхий эдийн мэдээллийг бүртгэдэг “Лайсмед“ систем 100 хувь аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна
ЭМИЙН СОНСГОЛ: МУ-д эм, оношлуур эмийн түүхий эдийн мэдээллийг бүртгэдэг “Лайсмед“ систем 100 хувь аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.