Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэлчээрийнхээ 70 хувийг СҮЙТГЭСЭН төрийн буруу бодлого, шагналд “хайртай” малчдын сэтгэлгээ хоёрыг өөрчилье

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 27 секунд

Улсын аварга, мянгат малчингүй аймаг, сум, баг алга. Шагнал, урамшуулал олгож, найр наадам баяр тэмдэглэснээрээ улс орон гайхалтай хөгждэг байсан бол манайх өдийд Азийн “бар”-д тооцогдох байлаа. Харамсалтай нь үгүй.

ТОО, ШАГНАЛ, ШИЙТГЭЛ

Хот нь харласан малчдад хоосон төмөр худлаа амлалт хэрэггүй гэдгийг энэ өвлийн зуд харууллаа. Бусдын зовлонгоор жаргал хийнэ гэгчээр улс төрчид уянгын халил, попролоо мартсангүй. “Улсын аварга малчин” сүржин нэртэй улаан тууз, аль социализмын үеийн тэмдэгтэй хоосон төмөр айл айлаар жийп хөлөглөн гардуулдаг шигээ хөдөөгүүр өвс тараах нэртэй өөрсдийгөө өргөмжилж малчдыг хөөрхийлж амжлаа. Тэдний үг, үйлдлээр Монголд малчнаас өөр хүн үлдээгүй бололтой. “Малчдын амьдрал хэцүү байна, зээлийг нь тэглэе, хүүг нь чөлөөлье”, “Малжуулах хөтөлбөрийн хүрээнд малчдад хүүгүй зээл олгоно” гэх зэргээр ярьдаг нь ч улиг болсон.

Угтаа бол мянгат малчин, аварга, хошой, алтан төлийн эздийнхээ тоогоор манайх ганц жилийн зуданд улсаараа үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэхгүй, нүүрснээс өөр илүүчлэх орлогогүй суухгүй байсан биз.

Төр нь тоонд дуртай, малчид нь шагналд дуртайн хар гай нь бэлчээрийг тахалж, цөлжилт рүү түлхэж байгаа нь нууц биш.

1.2 САЯ УЛСЫН АВАРГА МАЛЧИН, 88 ХОШОЙ МАЛЧИН ТОДОРЧЭЭ

Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр “улсын аварга малчин” 150, “Улсын хошой аварга малчин” 13 хүртэлх тооны малчныг шалгаруулдаг. Энэ нь мэдээж өссөн дүн.

14 жилийн өмнө буюу 2010 онд “улсын аварга малчин” ердөө 32 байсан бол энэ жил 194 малчин аварга болсон нь хамгийн өндөр үзүүлэлт. Энэ хугацаанд нийт дүнгээр улсын аварга малчин нэг сая 260 мянга 103 тодорчээ.

Мөн 88 “улсын хошой аварга” 2017 оноос хойш аймаг, сумдаас шалгарсан тооцоо гарч буй. Энэ мэтчилэн жилээс жилд аймаг, сум, багаас улсын аварга, хошой малчдын тоо нэмэгдсэн болохыг албан мэдээллүүд илтгэнэ. Тодруулбал,

Социализмын үеэс малын тоог өсгөх бодлогоор “улсын сайн малчин” шалгаруулдаг байсан нь ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд амь бөхтэй оршсоор байгаа нь энэ. Тухайн үед малын тоог нэмэгдүүлэх нь малчдад үүрэг байсан бол өнөө цагт шагнал, урамшуулал болж зүсээ хувилгажээ.

Малын тоо өсөх бүрт аварга малчин, шагналын мөнгө өсдөг нь бичигдээгүй хууль шиг болсон. Одоогоос 27 жилийн жилийн өмнө 1997 онд Улсын сайн малчин","Улсын тэргүүний тариаланч хамт олон"-ны шагналд зориулж 2,4 сая (хоёр сая дөрвөн зуун мянган) сая төгрөг төсөвлөж байв. Үүнээс хойш уг мөнгөн дүн 2012 онд 227 сая төгрөг болж нэмэгджээ.

Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд улсын сайн малчин улсын хошой аварга малчинд зориулсан дурсгалын цом хамгийн өндөр дүнтэй нь 2024 онд байна.

АВАРГА МАЛЧДАД 10 САЯ ТӨГРӨГТ ТЭНЦЭХ ШАГНАЛ ОЛГОДОГ Ч ТОО ЗААДАГГҮЙ

Засгийн газрын 2021 оны тавдугаар тогтоолоор батлагдсан “Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх” шалгаруулах журмын 4.1-т “Улсын аварга малчин өрх”, “Улсын хошой аварга малчин өрх”-ийг тус бүр 4.6 сая төгрөгт багтаан цом, энгэрийн тэмдэг, үнэмлэх, гуулин бүслүүртэй модон хувин, хадаг, өргөмжлөл, тууз, улаан хаз бүхийн таван ханатай гэр, бусад зүйлсээр шагнана гэж заасан байдаг. Тэгвэл энэ тогтоолыг хүчингүй болгож 2022 оны наймдугаар тогтоол хэрэгжиж буй.

Улсын аварга малчин, хошой малчин шалгаруулах журам 2021 ба Улсын аварга фермер шалгаруулах журам 2022 оны тогтоолоор шагнал олгох журмын өөрчлөлтөөс

Журамд шагналын дүн нэмэгдэж улсын аварга малчин, хошой аварга малчин тус бүрт 5 сая хүртэл төгрөгт багтаан цом, өргөмжлөл, улаан халз гэр олгохыг тусгажээ. Ийм боловч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр “улсын аварга малчин”, “улсын хошой малчин”-д 10 сая төгрөгт тэнцэх шагнал урамшууллын эд зүйл олгодог болохыг тус яамны Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ариунзаяа хэлсэн. Тэрбээр “Журмыг 2022 онд хүчингүй болгосон даруйд дахин шинээр хүчинтэй болгосон юм. 2022 оны наймдугаар тогтоолоор шинэчилсэн.

Бид мянгат малчин гэж шалгаруулдаггүй. “Улсын аварга малчин”, “улсын хошой аварга малчин”, “фермер”, “саальчин” дөрвөн төрлөөр шалгаруулдаг. Учир нь малчид бол Монгол Улсын өв тээж буй хүмүүс. Тэдний хөдөлмөрийг нь үнэлэх ёстой. Гэхдээ манай журамд малын тоо заагаагүй.

Чанарыг илүү тусгасан. Мөн журмаар шагнал олгоход 4 болон 5 сая төгрөг нь фермерт хамаарна. Харин улсын аварга, хошой аварга малчин 10 сая хүртэл төгрөгт тэнцэх шагналын эд зүйл, улаан халз гэр олгодогтой холбоотой” гэв.

ТӨР МАЛЧДЫГ ШАГНАЛ УРАМШУУЛЛААР ДЭМЖИХ НЬ БУРУУ

МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Захирал доктор Ч.СОНОМДАГВА:Цөлжилтөд уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд байгалийн хүчин зүйлс нөлөөлж байгаа ч үндсэн шалтгаан нь мал аж ахуйтай холбоотой. Нийт нутаг дэвсгэрийг 80 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа нь үндсэн шалтгаан болсныг судлаачид дүгнэсэн. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь цөлжилтөд өртөхөд малын тоо толгойн өсөлт үндсэн шалтгаан нь болсон.

1990 оноос мал сүргийг хувьчилснаар тоо толгой нь эрс өсөхөд төрийн татаас дэмжлэгүүд шууд нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, малын тоо толгой өсөхөд улс төрийн тогтолцоо, шийдвэр гол хүчин зүйл болж байна. Төрөөс сайн малчин, улсын аварга малчин зэрэг янз бүрийн шагнал, урамшуулал татаасуудаар малчдыг дэмжих нь буруу.

Харин дэмжлэг, татаас, татвар гурвыг бодлогоор зөв хослуулж зөв менежмент хийснээр асуудлыг шийдэх боломжтой. Харин энэ жилийн сонгууль бүсчилсэн тойргоор явж байгаа нь цөөн хүний эрх ашиг, саналаас илүү асуудлаас гарах чухал ач холбогдолтой болов уу. Ерөнхийдөө бэлчээрийн даац 40 орчим сая толгой малтай байхад хэвийн гэж үзэж байгаа ч үүнээс хэтрэх нь өөрөө өөрийнхөө тоо толгойг хязгаарлах хүчин зүйл болох үндэс болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, бид зөвхөн малын тоо толгойн өсөлт ярихаас илүү бүтцэд анхаарах цаг болсон. Мөн л 1990 оноос хойш сүргийн бүтэц алдагдаж хонь, ямаа 80 хувийг эзлэх болсон нь бэлчээрийг тахлахад нөлөөлсөн.

Тэр дундаа, ямаа сүргийн бүтцэд 18 хувийг эзэлдэг байсан бол 41 хувь хүртэл өссөн нь арьс, ноолуурын үнэ, ямаанд олгох татаас зэрэг маш олон зүйлтэй холбоотой. Хэдийгээр ямаа сүргийн бүтцэд байх нь зөв ч хэт олон тоогоор өсөх нь ургамлан бүрхэвч алдрах бэлчээр тахлагдах хүчин зүйл болж байна. Малын тоо толгой өссөн ч эдийн засагт оруулж буй үр өгөөж байгальд үзүүлж буй нөлөөллийг нь харьцуулбал харилцан адилгүй тоо гарах байх.

Өнөөдөр малчид хэт олон тооны мал өсгөх нь өөрсдийгөө хязгаарлах хүчин зүйл болж байгааг ойлгож байна. Иймээс чанартай цөөн тооны малтай байх нь чухал гэдэгт санал нэгдэж байгаа. Бэлчээрийн мал аж ахуйн өөр түвшинд очих ёстойг нийгэм хүлээн зөвшөөрч эхэллээ.

Хэдийгээр судлаачид өнөөдөр яригдаж байгаа цөлжилт, бэлчээрийн даац хэтрэхийг үүсээд буй энэ бүх асуудлыг 10, 20 жилийн өмнө нотолж анхааруулсан ч бидний үгийг хэн ч авч хэлэлцээгүй. Энэ бүх асуудал эцэстээ тулахад арга буюу өөрчлөгдөх шаардлага тулгарч байна гэв.

МОНГОЛЫН ЗОВЛОН

Өнөөдөр Монголын зовлон Үндсэн хуулиар дархалсан мал аж ахуй нь болжээ. Хүн амаасаа хэд дахин нугарсан мал бэлчээр талхалж, улмаар цөлжилт бидний хоолойд тулсан аюул болж байна. Нийт нутгийнх нь 70 орчим хувь цөлжилтөд өртсөн байхад бэлчээрийн даац нь 40 сая толгой мал хүртэл байгааг мэргэжилтнүүд сануулсаар өдий хүрлээ. Гэвч малын тоо толгой 2023 оны статистикаар 64.7 сая мал тоологдсон нь буурсан дүн болохыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж буй. Тус яамны Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ариунзаяагийн мэдээлснээр малын тоонд бус чанарт анхаарч 200 хүртэл малтай өрхийн тоо ихэссэн бөгөөд 2000-аас дээш тоон малтай өрхийн тоо багассан аж. Гэсэн ч малын тоо толгой хэрхэн өссөнийг энэхүү графикаас харж болохоор

Малын тоо толгой 2010 оноос тогтмол өссөн байна. Ингэхдээ 10 жил тутамд зудын давтамж малын тоо толгойн өсөлтийг хязгаарлаж ирснийг Ч.Сономдагва доктор тайлбарласан. Мөн түүний хэлснээр мал аж ахуйн нөлөөгөөр Монгол орны ойн сан бүхий талбай улам багасаж, эсрэгээрээ цөлийн бүс, хуурай хээрийн талбай нэмэгдэж буй урдаас хойш чиглэсэн шилжилтүүд жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Графикаас харвал,

Монгол орны цөлжилт 20 жилийн өмнө ба дараа

Нөгөөтэйгүүр, бэлчээрийн даац хэтрэх болсон шалтгаан нь сүргийн бүтэц 1990 оноос хойш алдагдсантай шууд холбоотой гэж байлаа. Хонь, ямаа 80 хүртэл хувийг сүрэгт эзлэх болсон нь ийн сөрөг нөлөөлжээ. Графикт харвал

малын сүргийн бүтэц 1990 оноос хойш эвдэрч ямааны эзлэх хувь 19.8-41.2 хүртэл нэмэгджээ

-------------------------------

МАЛ СҮРГИЙГ ЭКСПОРТОД ГАРГАЖ ЧАДВАЛ НҮҮРСНЭЭС ИЛҮҮ АШИГТАЙ

Бэлчээрийн даацаасаа хэтэрсэн өнөөгийн нөхцөлд мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой эсэх талаар эдийн засагч Б.Дөлгөөн: Бид хүссэн хүсээгүй 2030 он хүртэл уул уурхайгаас эдийн засаг хамаарна. Өнөөдрийн уул уурхайн салбар, экспортын хэмжээг харвал. Гэхдээ уул уурхай бол дахин сэргээгдэхгүй баялаг. Иймд эндээс олж буй орлогоо Монгол хүнийг сэргээх баялагийн нэг хэсэг хөдөө аж ахуйн салбарт зориулах ёстой.

Магадгүй 50 жилийн дараа Монгол Улс экспортлох бүтээгдэхүүнгүй болсон ч хөдөө аж ахуйн салбар орлох ёстой. Дараа нь аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбар юм. Энэ бүгд сэргээгдэх экспортын бараа бүтээгдэхүүн учраас үүнд түшиглэх нь зөв.

Иймээс хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй Монгол хүний бүтээмж Шинэ Зеландын түвшинд хүрэхэд фермерийн аж ахуйн ноу-хаунаас суралцаж аажмаар л шилжнэ. Үүнийг бид эдийн засагт бүтцийн шилжилт гэж нэрлэж байгаа юм. Тухайн салбарын хувьд бага бүтээмжээс өндөр бүтээмж рүү шилжих, эргээд бага бүтээмжтэй салбарын ажилчид өндөр бүтээмжтэй салбар луу ажилчид шилжих хоёр замаар Монгол Улсын хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлнэ, улсынхаа хувьд өрсөлдөх чадварыг сайжруулна. Өнөөдөр уул уурхайн салбарын бүтээмж хөдөө аж ахуйн салбараас 8 дахин өндөр байгаа юм. Энэ салбарын хөгжлийг Шинэ Зеланд улстай харьцуулбал хөдөө аж ахуйн салбар нь манай улсаас 20-30 дахин илүү өндөр бүтээмжтэй. Тус улс 5.1 сая хүн амтай, 36 сая толгой малтай. Үүнийгээ дагасан мал махан бүтээгдэхүүний экспортоос 6.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байгааг олон улсын статистикаас харж болно. Харин Монгол Улсын хувьд 3.5 сая хүн амтай, 2023 оны статистикаар 64 сая толгой малтай, газар нутгийн хувьд Шинэ Зеландаас 5 дахин том ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 70 сая тонн нүүрс экспортолж 300 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн.

Хэрэв бид Шинэ Зеланд улс шиг бүтээмжтэй болбол Монгол Улс өнөөдөр 65 сая малтай ч 70 сая тонн нүүрс экспортолсноос илүү орлогыг Монголын эдийн засагт оруулах боломжтой. Фермийн аж ахуйн мэдлэггүй бол Монголд их хэмжээний тоо толгой малтай байсан ч эдийн засагт өгөөжгүй.

Өнөөдөр 64 сая толгой малыг 200 гаруй мянган малчинд хувилбал 500-аас доош малтай буюу өөрийгөө л авч явах хэмжээний буюу тухайн малчны эдийн засагт оруулж буй орлого нь зөвхөн нэг өрхийг тэжээх хэмжээнд байгаа юм. Магадгүй малын тоо мянга, хоёр мянга, гурван мянгаар нэмэгдвэл 3, 5, 10, 100 өрхийг хангах түвшинд хүрнэ. Иймээс зайлшгүй өнөөдрийн Монголын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт шинэ мэдлэг шинэ сурц фермерийн аж ахуйн нэвтэрснээр ийм боломжид хүрнэ. Энэ мэдлэг чадвар байхгүй учраас л бид 70 мянган тонн нүүрс экспортолж оронд нь 280 сая ам.долларын орлого олж байна шүү дээ .

-----------------------

Малчид маргаашийг биш өнөөдрийг харж бэлчээргүй болтол тооны араас хөөж улс төрчдийн амлалт шагналд дулдуйдах нь өөрсдөд нь шар тос биш ус болохыг бүгд л харж, мэдэрч байна. Өнөөдөр малын тооноос илүү чанар чухал болохыг судлаач, эдийн засаг нар санал нэг байгаа юм. Хэрэв малчид тоонд биш чанарт анхаарч цөөн малтай болбол бэлчээрийн хэтэрсэн даацыг нөхөн сэргээх, цөлжилтийн аюулаас холуур тойрох боломж бий. Үүнийг хөдөө байгаа малчин Долгор ч тэр, саарал ордны эрхэм гишүүд ч тэр бүгд мэднэ. Гэтэл улс төрчид малчдыг угжны хурга мэт үзэж шагнал урамшуулал зээл тусламж элдэв төрлийн татаасаар дэмжих нь тэднийг алгаа тосоод дээшээ хараад сууж байгаа гэдэгтэй агаар нэг. Эцэст нь малчдад олгож буй урамшуулал дэмжлэг төрөөс биш татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа нь даан ч хайран.

Д.Сарангэрэл: Ковидын төсвийг ярих гэж байгаа бол Т.Мөнхсайхан, С.Энхболд хоёроос л асуух ёстой
Д.Сарангэрэл: Ковидын төсвийг ярих гэж байгаа бол Т.Мөнхсайхан, С.Энхболд хоёроос л асуух ёстой
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.