Б.Чоймаа: Хохирогчийн сэтгэлзүйтэй хүмүүс асуудлыг шийдэхийн оронд зовлонгоо бусдад ярьж, өрөвдүүлэхийг хүсдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 40 секунд

"Монгол Билиг" сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Б.Чоймаатай ярилцлаа.

------------------

-Сүүлийн үед хүмүүст ихээр илрэх болсон хохирогчийн сэтгэлзүйн талаар ярилцлагаа эхэлье.

-Хохирогчийн сэтгэлзүй гэдгийг маш энгийнээр хэлбэл өөрт нь тулгамдаж байгаа аливаа саад, бэрхшээлүүдийг нийгэм, бусад хүмүүсийн харилцаа, орчин нөхцөлөөс шалтгаалдаг гэж хардаг. Ерөөсөө харах өнцөг нь л энэ. Уг нь хүн аливаа асуудлыг олон талаас нь авч үздэг бол дээрх төрлийн хүмүүс зөвхөн өөрийнхөө өнцгөөс өөрийгөө хохирогч болгож хараад "Төр засаг тогтворгүй байгаа учраас би сайхан амьдарч чадахгүй байна", "Миний цалин муу байгаа учраас болохгүй байна" гэх мэт бурууг бусдаас хайдаг. Ямар нэгэн юм боллоо гэхэд хэзээ ч өөрийнх нь буруу болдоггүй. Яаж ийж байгаад л хамт ажиллагч, ах эгч, дүү гээд бусдын буруу л болж таардаг. Өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээхээс айдаг бүх хариуцлагаа бусдад үүрүүлдэг муу зантай. Би ур чадваргүй учраас миний цалин өндөр биш байна гэж хардаггүй гэсэн үг.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хохирогчийн сэтгэлзүй хоорондоо ялгаатай юу ?

-Мэдээж ялгаатай. Аль аль нь нийгмийн хүлээлтэд хүрэхгүй болохоороо хохирогчийн сэтгэлзүй нь гарч ирдэг. Тухайлбал, эмэгтэй хүн сайн эхнэр, сайн ээж байх ёстой гэсэн нийгмийн хүлээлтэд хүрч чадахгүй болохоор өөрийгөө бусадтай харьцуулж эхэлдэг. Сэтгэл хөдлөлийг эмэгтэй хүн илүү хүчтэй илэрхийлдэг. Олон дахин яриад байхаар яваандаа "Би байнга зовоод байна" гэх мэдрэмжийг мэдэрч эхэлдэг. Уг нь бол нөхөртэйгээ ярьж төлөвлөж, хүүхэдтэй болсон, хамтын үүрэг хариуцлага боловч яваандаа би л ганцаараа хүүхдээ өсгөөд ганцаараа үүрэг хариуцлага мэдрээд байгаа юм шиг бодол нь эмэгтэй хүнд хохирогчийн сэтгэлзүйг бий болгодог. Харин нийгмээс эр хүнийг уйлж болохгүй, хүчтэй байх ёстой, мөнгөтэй байх ёстой гэх мэт хүлээлтийг тавьдаг. Эр хүн энэ хүлээлтэд хүрэхгүй болохоор би арчаагүй, гэх мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхгүйн тулд биеэ өмөөрөх шалтаг нь "Ажил бүтэхүй байна", магадгүй "Аав, ээж намайг их сургуульд сургаагүй учраас би ингэж амьдарч байна" гэх мэт шалтгаан хэлдэг. Энгийнээр бол хамгааллын механизм нь хүчтэй ажилладаг гэсэн үг.

-Тэгвэл тухайн хүн яагаад хохирогчийн сэтгэлзүйтэй болчихдог юм бол.

-Олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Хамгийн эхэнд эцэг, эхийн хүмүүжил нөлөөлнө. Эцэг, эх нь хүлээн зөвшөөрөөгүй хийсэн үйлдэлд нь тохирсон урамшуулал, магтаал хэлдэггүй, эсрэгээрээ шүүмжилж бусдын хүүхэд чадаж байхад чи чадахгүй байна гэх харьцуулах нь хамгийн буруу.

Тухайн хүүхдийг ямар ч зүйлийг сайн хийсэн магтаал, урамшууллыг өгөхгүй байгаа тохиолдолд "Би яаж ч хичээсэн угаасаа нэмэргүй юм байна" гэх бодол тухайн хүүхдэд суучихдаг. Гэхдээ энэ нь олон удаагийн тохиолдолд шүү.

Дараагийнх нь нөхцөл байдлаас хамаарна. Өөрт нь олон удаагийн таагүй нөхцөл байдал давтамжтайгаар тохиолдсон үед "Би угаасаа азгүй", "Би ийм л хувь тавилантай" гэж өөрийгөө өрөвдөх хандлага үүсдэг. Хохирогчийн сэтгэлзүй ч гэсэн даварч гарч ирдэг. Бүр хүнд хэлбэр нь гэмт хэргийн хохирогч болсон үед хохирогчийн сэтгэлзүй хүчтэй гарч ирдэг.

-Энэ төрлийн хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ ?

-"Хохирогчийн дүр" буюу өөрийгөө үргэлж хохирсон, буруутгагдсан, зовж шаналсан мэтээр харуулдаг хүнийг таних хэд, хэдэн нийтлэг шинж тэмдгүүд байдаг. Нэгдүгээрт идэвхгүй байдал буюу угаасаа хичээсэн ч бүтэхгүй гэх хариу үйлдэл үзүүлдэг. Бусад хүмүүст бурууг тохож хариуцлагаас зайлсхийдэг. Өөрийнхөө үйлдэл, шийдвэрийн үр дагаврыг хүлээдэггүй. Асуудлыг шийдэхийн оронд зовлонгоо бусдад ярьж, өрөвдүүлэхийг хүсдэг. Бусдын анхаарал, дэмжлэгийг авахын тулд өөрийгөө хохирогчийн байр сууринд тавьдаг гэсэн үг. Өрөвдүүлэх замаар бусдыг удирдахыг оролдож магадгүй гэх мэт олон шинжээр илэрдэг. Тэд үргэлж л хорвоо ертөнц өөрт нь ямар хатуу хандаж байгаад халаглан, юуг ч өөрчилж чадахгүй байгаадаа гомдоллодог. Нэг удаа хүнд зовлонгоо яриад нөгөө хүн нь ойлгоод өгчихчвөл ингэж болох юм байна гэж сураад тэр зүйлээ үргэлжлүүлээд байдаг. Олон хүн дээр ашигладаг. Тодорхой хэмжээний шунал төрж байна гэсэн үг. Тэр бүрт нь туслаад байвал "дүрдээ" орчихдог.

-Таны ярианаас энэ төрлийн хүмүүс өөрчлөлт хийхээс зайлсхийдэг юм шиг санагдлаа. Асуудлаа шийдэхийн тулд ямар нэг алхам хийдэггүй юм шиг ээ.

-Ер нь бол тийм. Энэ төрлийн хүмүүс удирдлагаа өөртөө авдаггүй. Шийдвэр гаргах үед өөрөө үргэлжлүүлэх сонголтыг хийдэг. Жишээ нь токсик хос байлаа гэхэд энэ харилцааг дуусгахын тулд жолоодлогыг гартаа авахгүйгээр "Би салах гэсэн чинь энэ хүн надаас салдаггүй. Миний хойноос гүйгээд байдаг" гэх байдлаар харилцааг үргэлжлүүлэх сонголтыг хийдэг.

Нийтлэгээр нь харахад өөрөө, өөрийнхөө амьдралыг жолоодлогыг өөртөө авдаг шийдэмгий байдал их дутмаг байдаг.

Түүнчлэн өөрийгөө үнэлэх үнэлэмж их сул. Өөрийгөө бусдаас дор гэж боддог. Энэ нь бага насандаа магтаал, сайшаал, хайрыг хангалттай хэмжээнд аваагүй учраас "Би юу ч хийсэн бүтэхгүй.Үүний оронд хүний хий гэсэн зүйлсийг хийх нь илүү дээр. Учир нь хариуцлагаас зугтаж болно" гэх бодолтой болчихдог.

-Тэгвэл энэ төрлийн хүмүүс хосын харилцаанд ямар алдаа гаргадаг вэ ?

-Хосын харицаанд хоёр төрлийн байдлаар илэрдэг. Нэгдүгээрт тухайн хүнийхээ хэлсэн үг үйлдэл бүрийг "За" гэж зөвшөөрч хүлцэнгүй болдог. Эсвэл манипуляци хийж ухамсаргүйгээр хохирогч дүр нь гарч ирээд "Чи надад тэгж хэлсэн учраас би гомдсон. Миний гомдлыг тайлахын тулд чи ингэвэл болно" гэдэг зүйлийг илэрхийлдэг. Энэ хүн миний өмнө гэмшхээрээ, уурлахаараа, онгироох, эсвэл загинаж байгаад ямар нэгэн аргаар хүссэн зүйлээ авчихдаг гэсэн үг.

Би цэцэг авмаар байгаа ч гэсэн би чамд цэцэг авмаар байна гэж хэлмээргүй байна гэдэгтэй яг ижилхэн. Би энэ хүнээр цэцэг авхуулахын тулд тойруугаар хэлээд ямартай ч эцсийн зорилго нь цэцэг авах дээрээ хүрнэ гэсэн үг. Тэгэхийн тулд уйлж, уурлаж, гомдож болж байна.

Нөгөө талдаа манипуляци маш хортой. Учир нь зөвхөн өөрийнхөө сайн сайхны тулд нөгөө хүнээ золиосолж байгаа хэрэг. Тэр хүн шархлах, гомдох хамаагүй. Зөвхөн би хүссэндээ хүрч байвал болоо гэж бодож байгаа нь маш хортой.

-Ярилцлагын төгсгөлд хохирогчийн сэтгэлзүйтэй хүнтэй хэрхэн харьцах ёстой вэ гэдгийг асууя.

-Тэднийг сонсохдоо хэтэрхий их өрөвдөхгүйгээр бодит гарцыг санал болгох хэрэгтэй. Байнга буулт хийж өөгшүүлэхгүй байх. Асуудлыг шийдэхийн тулд тодорхой алхмуудыг хийхийг дэмжих нь чухал.

С.Амарсайхан:  Нисдэг тэрэг, дрон, агаарын тандалт ашиглан, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл өглөө
С.Амарсайхан: Нисдэг тэрэг, дрон, агаарын тандалт ашиглан, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл өглөө
 
З.Мэндсайхан: Заавал татваргүй болгосныг цуцлах хэрэг байна уу
З.Мэндсайхан: Заавал татваргүй болгосныг цуцлах хэрэг байна уу
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!