Нэгэн эмэгтэй цахим орчинд авто осолд орсон нөхөрт нь анхны тусламж үзүүлж, амийг нь аварсан цагдаагийн алба хаагчид баярлаж буйгаа илэрхийлэн пост оруулсан нь өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тухайн эмэгтэй өөрийн цахим хуудастаа,
"Энэ залууг Б.Өлзийсайхан гэдэг. Тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын замын цагдаагийн хэлтсийн ажилтан. Саяхан болсон авто замын ослоос 3 хүн үрэгдэж, 2 хүн нь хүнд гэмтсэн байхад түрүүлж очоод цасан дээр сөхрөн суугаад нөхрийн минь толгойноос олгойдож байсан цусыг гараараа тогтоон барьж, түргэн тусламж иртэл ухаан алдуулалгүй анхаарлыг нь өөр дээрээ татан ярилцсан байна. Эмчээс нь тухайн цагдаа цусыг нь тогтоож, тусламж үзүүлээгүй бол амиа алдах эрсдэлтэй байсныг сонслоо. Нөхрийн минь амийг аварсан дүү чамдаа маш их баярлалаа. Өмнө нь бас 380в тогонд цохиулсан хүний амийг аварч өөрөө бэртэж байсныг дууллаа. Хүний амь юугаар ч үнэлж баршгүй. Хүн чанартай, ажил үүргээ сэтгэлээсээ гүйцэтгэдэг дүү чи жинхэнэ БААТАР. Ийм залуусыг эгнээндээ нэгтгэсэн цагдаагийн хамт олонд баярлалаа. МИНИЙ ЦАГДАА НАМАЙГ ХАМГААЛНА гэдэг үгийг яруу тодоор харуулж өгсөн шилдэг залууг Цагдаагийн Ерөнхий газар болон холбогдох газрууд нь анхааралдаа авч зохих ёсоор үнэлнэ гэдэгт итгэж байна. Цаашдын ажилд чинь улам их амжилт хүсье" хэмээн нийтэлсэн юм.
Олон нийтийн зүгээс баатарлаг гавьяа байгуулж, эрдэнэт хүний алтан амийг авран хамгаалсан эрэлхэг цагдааг магтан сайшаахаас гадна түүний аварсан иргэний биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Тиймээс бид Цагдаагийн ахлагч Б.Өлзийсайхан болон түүнд талархлаа илэрхийлж пост оруулсан Ц.Баасандорж гэх эмэгтэйтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
Б.ӨЛЗИЙСАЙХАН: ХЭДИЙ МИНИЙ АЖИЛ Ч УРМЫН ГОЁ ҮГ СОНСОХ САЙХАН САНАГДСАН
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Б.Өлзийсайхан гэдэг. Цагдаагийн байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Сургуулиа төгсөөд 4 жил эргүүлийн цагдаагаар ажилласан. 2024 оноос замын цагдаад томилогдоод ажиллаж байгаа.
-Авто осолд орсон хүнд анхны тусламж үзүүлж, амь насыг нь аварсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан байсан. Таныг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-Тухайн өдөр би Замын-Үүдийн хойд пүүн дээр гарч байсан. Осол гарсан тухай мэдээллийг аваад шууд очсон. Тухайн автомашинд сууж явсан 5 хүнийг эхнээс нь шалгахад, гурав нь амьсгалахгүй байсан. Үлдсэн хоёр хүний нэг нь гайгүй хөл дээрээ зогсож байсан бол нэг хүн нь толгойноос нь маш их хэмжээний цус алдсан байдалтай газарт хэвтэж байсан. Цус алдалтыг нь багасгах зорилгоор гараараа дарж, эмч нарыг иртэл ухаантай байлгахын 20-30 минутын турш маш тайвнаар ярилцсан. Эмчийг иртэл өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж, амийг нь аварчих юмсан л гэж бодсон.
-Ар гэрийнхэнтэй нь эргэж холбогдсон уу. Тухайн хүний биеийн байдал ямар байгаа бол?
-Холбоотой байгаа. Хагалгаа нь амжилттай болсон ч биеийн байдал нь хүнд байгаа гэсэн мэдээллийг хамгийн сүүлд авсан.
-Танд баярлаж талархсанаа илэрхийлж оруулсан пост олон хүнд хүрсэн байсан. Та яаж хүлээж авсан бол?
-Бидний ажлыг үнэлж, надад баярлаж талархсанаа илэрхийлсэнд маш их баярлаж байгаа. Хэдий миний ажил ч урмын гоё үг сонсох сайхан санагдсан. Хүмүүс ч маш гоё эергээр хүлээж авч, сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ.
-Өмнө нь 380в тогонд цохиулсан хүний амийг аварч, өөрөө бэртэж байсан гэж бичсэн байсан. Хэзээ болсон үйл явдал вэ?
-Коронагийн үед болсон. Гэрлийн шон засах гэж байгаад -10000-д тогонд цохиулсан хүнийг дахиж тогонд цохиулахаас нь урьдчилан сэргийлж ажиллаад онцгой байдлын алба хаагчдад хүлээлгэж өгсөн. Манай аав цахилгаанчин хүн учраас тухайн нөхцөл байдлыг хараад шууд аав руугаа залгасан. Зааварчилгааг утсаар аваад шууд гэрлийн шон руу авирсан. Хүнээ аюулгүй болгож чадсан ч өөрөө бас тогонд цохиулчихсан.
-Өөрөө ямар гэмтэл авсан бэ?
-Миний савхины дотор тал шатсан. Хэрэв савхигүй байсан бол аймар юм болох байсан байх гэж боддог. Онцгой байдлынхан ирээд чи тогонд цохиулсан юм чинь тог чиний бие рүү ороод гарсан байх ёстой гэхээр нь савхиа тайлаад үзсэн чинь баруун гарын булчин хоёр газар том нүх гараад цоорчихсон байсан. Тухайн үедээ би өөрөө тогонд цохиулбал яах билээ гэж бодох ч сөхөөгүй шууд авирчихсан байсан.
Б.Өлзийсайхан албан үүргээ гүйцэтгэж байсан тул бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм.
Ц.БААСАНДОРЖ: МАНАЙ НӨХӨР АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДААД АЙМАГ ОРЖ ШАГНАЛАА АВЧХААД ГЭР РҮҮГЭЭ БУЦАЖ БАЙГААД ОСОЛД ОРЧИХСОН
Харин дараа нь бид түүний аварсан хүний эхнэр Ц.Баасандоржтой холбогдож, нөхрийнх нь биеийн байдлын талаар болон тухайн үед юу болсон талаар тодруулсан юм.
-Нөхрийн тань биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Манай хүний дөрвөн мөч нь хугарсан. Хөл, гараа хадуулах хагалгаанд орсон. Биеийн байдал нь хүнд байгаа. Эмч нар хөл дээрээ алхах боломжгүй болсон шүү гэж хэлсэн. Гэхдээ мундаг цагдаа залуугийн ачаар амь наснаас нь холуур өнгөрч, ус уух хувьтай өнгөрлөө гээд баярлаад л сууж байна.
-Тухайн үед хаанаас хаа хүрч явсан юм бол. Таксинд суучихсан явж байсан гэж ойлгосон?
-Манай хүн Алтангадас одонгоор шагнагдаад аймаг орж шагналаа авчхаад гэр рүүгээ буцаж байгаад осолд орчихсон. Жолоочоос гадна 4 зорчигч нийт 5 хүн байсан юм байна лээ. Гурван зорчигч нь газар дээрээ нас барж, манай хүн хүнд гэмтсэн. Жолооч нь тухайн үед гайгүй хөл дээрээ босоод зогсчихсон байсан гэсэн. Одоо биеийн байдал нь ямар байгааг сайн мэдэхгүй байна. Ослоос хойш бидэнтэй огт холбогдоогүй байгаа.
-Осол ер нь юунаас болж гарсан юм бол. Танд ямар нэгэн мэдээлэл өгсөн үү?
-Сайншанд Замын-Үүдийн хооронд такси эрхэлдэг хүмүүс хурд хэтрүүлснээс үүдэж осол гарсан. Зам нь нарийхан том машинууд их зорчдог хэсэгт зам чөлөөлж зогсох зогсоолууд их цөөхөн байдаг. Осол гарах үед зам дээр том машин зогсож байсан юм байна лээ.
-Нөхрийн тань амийг аварсан цагдаад талархсанаа илэрхийлж пост оруулсан байсан?
-Тэгсэн. Цагдаа нарын маань хүн чанар сайхан байгаа юм байна гэдгийг юун түрүүнд онцолж хэлмээр байна. Тийм жаахан хүүхэд цасан дээр өвдөглөж суучхаад эмчийг иртэл цус тогтоох арга хэмжээ авч, ухаан саруул байлгахын тулд 20-30 минут ярилцаж, тайвшруулсан байна лээ. Үнэхээр мундаг санагдсан. Иймэрхүү хүүхдийг цагдаагийн байгууллага нь анхааралдаа авч, шагнал урамшууллыг нь харамгүй өгч, урам өгөөсэй гэж бодоод пост оруулсан. Энэ цагдаа өмнө нь бас тогонд цохиулсан хүний амийг аварч байсан их баатарлаг үйлстэй хүүхэд байна лээ. Энэ мундаг залуугийн гавьяаг шударгаар үнэлж, өгөх ёстой шагнал урамшууллыг нь өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Би энэ хүсэлтээ ЦЕГ-т өөрийн гараар өргөдөл болгон бичиж, шуудангаар илгээсэн. 11-11 төвд бас утсаар мэдэгдсэн байгаа.