Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр Төв цэнгэлдэхийн газрын маргааны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг нийслэл эзэмшдэг байтал улсын гэрчилгээнд Т.Нямдаваа гэсэн ганцхан эзэмшигч байна. Нийслэлээс 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад 2005 оноос хойш ногдол ашиг гэж нийслэлийн төсөвт 30 гаруй сая төгрөг л оруулсан" гэлээ.
Мөн тэрбээр "Төв цэнгэлдэх хүрээлэнг анх 1993 онд өмч хувьчлалаар ягаан тасалбараар хувьчилсан. Тэр үед 30 хувь нь хувийн эзэмшилд очиж, 70 хувь нь нийслэлийн өмчид үлдсэн. Улмаар 2003 онд иргэн Т.Нямдаваа 30 хувиа 49 хувь болгож, нийслэл 51 хувийг өмчилсөн. Гэтэл 400 мянган төгрөгийн асуудлаас болж, зөвхөн ТУЗ-ийн шийдвэрээр 49 хувиа 51 хувь болгож өмчилсөн байдаг.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар 2005 оноос хойш 29 салж, 12.6 га үлдсэн. 3 дахин багассан гэсэн үг. Мэдээж газрыг нь зарж идсэн гэсэн үг.
Одоо Төв цэнгэлдэхийн баруун талд "Мөнх сан" ХХК-ийн эзэмшил барилга баригдаж байна. Энэ нь иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн компанийнх. Өөрсдөдөө газраа хувьчилж авч, өндөр барилга барьж байна. Энэ газар дээрээ анх орон сууцны зориулалттай барилга барина гэчихээд үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж байна.
Үүнийг "Шунал" хороолол гэж нэрлэмээр байгаа юм. Шалгалт явуулаад энэ барилгыг зогсооно гэсэн бодолтой байна" гэсэн юм.