Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Явган хүний замд машинаа тавьсан жолооч нарт шаардлага тавихаар “Чиний зам юм уу“ гээд зодчих гээд байх юм

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 6 секунд

Жолооч та автомашинаа хаана байрлуулдаг вэ. Арай явган хүний зам, автобусны буудал гээд хаа дуртай газраа байрлуулчхаад, хээв нэг яваад өгдөг юм биш биз. Хэрвээ тийм бол таны гаргасан аминчхан, хувиа хичээсэн, залхуу үйлдэл бусдад хэрхэн төвөг уддагийг дараах сурвалжилгаас уншаарай.

Бид сурвалжилгаа бэлтгэхээр “Нарантуул” ОУХТ-ийн хойно буюу иргэдийн хэлж заншсанаар “Мангасын ам” орчмыг зорилоо. Учир нь яг энэ өдрүүдэд нийслэл болон орон нутгийн иргэд Сар шинийн баярын бэлтгэлээ базаахаар тус төвийг олноор зорьж буй юм.

Биднийг очиход, жолооч нь хаачсан нь үл мэдэгдэх машинууд явган хүний замаар дүүрэн байлаа. Автозамын захаар арай ядан явах зарим иргэнээс сэтгэгдлийг нь тодрууллаа.

ИРГЭД: Явган хүний зам дээр машинаа тавьсан жолооч нарт шаардлага тавихаар зодчих гээд байдаг

-Халтирч унах гээд ядаж явахад, явган хүний зам дээр машинаа тавьчих юм. Энэ тохиолдолд хажуугаар нь тойроод л автозам руу ороод явдаг. Зөрж багтахгүй хэцүү л байна шүү дээ.

-Явган хүний замаар явахад хэцүү байна. Жолооч нарт хандаж “Дэг, журамтай яваасай” гэж хэлье.

-“Хаа хаанаа л хүндрэлтэй байна. Явган хүний зам дээр машинаа тавьцгаачихдаг. Жолооч нь байгаа үед шаардлага тавихаар “Чиний зам юм уу” гээд барьж авч зодчих гээд л байдаг даа. Цаашид хууль дүрмээ баримтлаад, хүн хүнийхээ төлөө л баймаар байна” гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл дараагийн жишээ бол автобусны буудлыг авто зогсоол мэт ашиглах явдал. Сурвалжилгаа үргэлжлүүлэн Халдвартын эмнэлгийн урд байрлах автобусны эцсийн буудал дээр очив. Эцсийн зогсоол учраас том оврын автобус буцаж эргэх боломж бүхий талбай шаардлагатай аж.

Гэвч тухайн талбайд нь иргэд машинаа байрлуулснаас болж, автобус эргэхэд багагүй хүндрэл учирч байсан нь сурвалжилгын явцад харагдлаа.

“Трансбус” ХХК-ийн “Баруунсалаа-Халдварт” чиглэлийн автобусны жолооч: Шаардлага тавьсан ч хүлээж авдаггүй

-Жижиг тэрэгнүүд зогссон болохоор эргэх хөдөлгөөн хийхэд хэцүү л байна. Бид цагтай уралдаж яваа болохоор тэр жолооч нарт шаардлага тавьж амждаггүй. Шаардлага тавьсан ч наадуул чинь хүлээж авах ч үгүй. Тиймээс олон жилийн туршлагаараа машин тэрэг шүргэхгүйхэн шиг ухарч байгаад л явчихдаг шүү дээ.

“Эрдэм транс” ХХК-ийн “Цагаандаваа-Халдварт” чиглэлийн автобусны жолооч: 2-3 үйлдэл хийж байж буудал руугаа орж ирлээ

-“Хэцүү дээ. Жишээлбэл, би сая эцэс дээр ирээд, 2-3 үйлдэл хийж байж буудал руу орж ирлээ. Автобусны буудал дээр жижиг тэрэгнүүд зогсчихоод, ёстой хэцүү. Автобусны буудлаас холдооч гэхээр “Чамд ямар хамаатай юм, тойроод гар” гэдэг хүмүүс ч бий” гэв.

Харин эдгээр зөрчилд ямар хариуцлага тооцдог талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсгийн 35.2-д зааснаар 20 тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 20 мянган төгрөгөөр торгодог” гэсэн юм.

Эцэст нь, зөвхөн өөрийгөө бодож дуртай газраа машинаа тавьсан жолооч таны үйлдэл бусдыг бухимдуулж, тэдний цагаас хумслаад зогсохгүй, түгжрэлийн ч нэгээхэн хэсэг болдог гэдгийг анхааруулъя.

Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн удирдлагын шинэ баг 26 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлуулав
Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн удирдлагын шинэ баг 26 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлуулав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.