Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баттуул: Нэг мөнгөн дэвсгэрт өөрөөсөө хэд дахин өндөр өртгөөр бүтдэг

Огноо
Унших
7 минут 42 секунд

Үндэсний мөнгөн дэвсгэрт бол тухайн улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Түүнчлэн та бидний халаасанд байгаа мөнгө бол бидний мөнгө биш эдийн засгийн эргэлтэд орох ёстой үнэт цаас учраас түүнийг санаатайгаар бохирдуулж, устгаж, зурж баллаж, овоонд өргөх нь мөнгийг зохистой хэрэглэх соёлд нийцэхгүй үйлдэл ажээ. 

Тиймээс төгрөгийг дээдлэх, зүй зохистой ашиглах үйл ажиллагааг сурталчилах зорилготойгоор Монголбанкнаас “Халаасанд бус хэтэвчинд, Овоонд бус хэрэглээнд аян”-ыг зохион байгуулж байгаа билээ. Бид энэ талаар Монголбанкны ОНБМТ-ийн эдийн засагч Д.Баттуултай ярилцлаа.


-“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

-Монголбанкнаас “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл  орон нутгийн  салбар хэлтсүүд, арилжааны банкууд, холбогдох байгууллагуудтай хамтран орон даяар зохион байгуулж байна. Энэ аяны гол зорилго нь мөнгөн дэвсгэрттэй зөв зохистой харьцах, мөнгөний насжилтийг уртасгах, уул овоонд мөнгөн дэвсгэртийг өргөхгүй байх зэрэг зөв дадлуудыг хэвшүүлэхэд оршиж байгаа юм. Аяны хүрээнд дараах ажлуудыг төлөвлөн зохион байгуулаад явж байна.

  • Мөнгөн дэвсгэртийг олон нийтэд таниулах, сурталчилах, мөнгөтэй ёс зүйтэй харилцах талаар сургалтыг УБ хот болон орон нутагт зохион байгуулна.
  • Мөнгөн дэвсгэртийг уул, овоо, түүхэн дурсгалт газруудад сүсэг бишрэлийн чанартайгаар өргөх нь зохистой зүйл биш гэдгийг нийтэд таниулах сурталчилгааны ажлыг хийнэ. Жишээлбэл, Ууланд  будаа, сүү зэргийг өргөвөл түүнийг ядаж л амьтан иднэ. Харин мөнгөн дэвсгэртийг уул овоонд өргөхөд тэр мөнгө нь салхинд хийсэх, бороонд норох, байгаль орчин бохирдуулах гээд олон сөрөг үр дагавартай байдаг гэдгийг иргэдэд ойлгуулах чухал юм.
  • Уул, овоонд өргөсөн мөнгөнүүдийг цуглуулах аяныг орон даяар зарлаж, цуглуулсан мөнгөөрөө сайн үйлс хийхээр төлөвлөөд эхний шатандаа явж байна
  • Залуусын дунд түрүүвчний соёлыг түгээхээр ажиллаж байна 
  • Мөн мөнгөн тэмдэгтэй зөв харьцах, зөв удирдах талаар залууст мэдлэг олгохоор подкаст, сонирхолтой бичлэгүүд хийнэ.
  • Цахим орчинд мөнгөн дэвсгэртийг зөв зохистой ашиглах талаар олон төрлийн мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх гэх мэт олон ажлыг төлөвлөөд байна.

 

-Манай иргэд мөнгөн дэвсгэрттэй харьцахдаа ямар нийтлэг алдаануудыг гаргаж байна вэ?

-Манай зарим иргэд мөнгийг бохир гараар барих, зурж баллах, урах, нугалах, байгаль дэлхий, уул овоонд өргөх зэрэг байдлаар мөнгөн дэвсгэртийг зөв зохисгүй хэрэглэж байна.

Жишээлбэл, мах худалдаалдаг хүмүүс гэхэд ихэнхдээ мах барьсан гараараа үйлчлүүлэгчийн өгсөн мөнгийг авч цус, тос гэх мэт зүйл болгодог. Ногоо, жимс зардаг зарим хүмүүс төмс гэх мэт шороо, тоостой ногоог гараараа барьж,  мөнгөө бохирдуулж байна.  Мөнгө өөрөө зах зээлд байнгын эргэлтэд орж байдаг зүйл учраас таны бохирдуулсан мөнгө эргээд тань дээр ирдэг, гэтэл түүнийг хүүхэд нь гараараа барьж, эсвэл амандаа хийчихсэн явж байдаг шүү дээ. Мөн уул овоонд энэ тэнд өргөж гандаж, урагдаж, салхи шооронд дарагдаж байсанг харсан хүмүүс их байх. 

Их дэвсгэртийн элэгдэл, хорогдол их байгаа ч үүний хажуугаар бага дэвсгэртүүд Монголбанк дээр буцаж ирэх нь ховор болж байна. Учир нь буцаж ирэхгүйгээр үрэгдэж алга болдог нь харамсалтай. Жишээ нь: Байшингийн хундааман дор 999 ширхэг 1 төгрөг хийсэн тохиолдол ч байна. 

Айлууд бурхан тахил дээрээ боодол боодлоор нь мөнгийг залчихдаг. Энэ нь мөнгийг эргэлтэнд оруулахгүйгээр түгжиж, тэнд нь өөрсдөө хадгалаад ,ураад, эсвэл дээр нь балаар сараачаад дуусах үндэс болдог. Иймээс эргээд дутсан мөнгийг нөхөж, шинэ мөнгө гарган мөнгөний эргэлтэнд оруулах гэж Монголбанкнаас асар  их зардал гардаг. Мөнгөн дэвсгэртээ хайрлаж, гамтай хэрэглэх нь улс орныхоо томоохон зардлуудыг хэмнэхэд хувь нэмрээ оруулж байгаа жинхэнэ эх оронч хэрэг шүү дээ.

-Бидний буруу хэрэглэснээс болж бохир болсон мөнгөн дэвсгэртийг устгалд оруулах үйл явц яаж өрнөдөг вэ? Сүүлийн үед устгалд оруулах мөнгөний тоо ихэссэн үү?

-Төв банк буюу Монголбанк нь мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, устгах эрхтэй цорын ганц институт юм. Мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, устгах гээд бүхий л үйл явц нь асар олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа зардал мөнгийг оролцуулсан процесс юм.

Мөнгөн дэвсгэрт мөнгөний дундаж насжилт гэж байдаг л даа. Улс орон болгонд мөнгөний насжилт янз бүр. Европийн өндөр хөгжилтэй орнуудад мөнгөний насжилт 8-12 жил байдаг бол манайд бага дэвсгэртийн насжилт 3,8 жил бол их дэвсгэрт нь үүнээс арай өндөр байдаг. Энэ нь тухайн мөнгө үйлдвэрлэгдээд 3,8 жилийн дараа устаад байна гэсэн үг.

Гэхдээ энэ тоо бол бид Монголбанканд дээр буцаж ирсэн мөнгөөр насжилтыг нь барагцаалан тогтоож байгаа тоо юм. Зарим мөнгөн дэвсгэрт үүнээс бага хугацаанд буцаж ирэхгүйгээр устаж байх магадлалтай. Гэмтэж муудсан мөнгийг Монголбанк болон арилжааны банк дээр авч очин, журмын дагуу солиулж болно.

-Мөнгийг зохистой хэрэглэх тухайд та хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мөнгө өөрөө үнэт цаасаар бүтээгдэж байгаа. Дээрээс нь түүн дээр нууцлалын элементүүд болон олон хүний хүч хөдөлмөр орж байдаг. Тэгэхлээр та бидний хэрэглэж байгаа 1 төгрөг, 5 төгрөг байлаа ч бүгд өөрөөсөө олон дахин өндөр зардлаар бүтээгдэн гарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.  Мөнгөн дэвсгэрт элэгдэж, устлаа гэхэд тогтоосон хэмжээнд хүргэхийн тулд дахин нэмж, нөхөж үйлдвэрлэн эдийн засгийн эргэлтэнд оруулж байдаг ба энэ зардал нь бүгд улсаас гардаг гэдгийг ойлгох нь зүйтэй. 

Мөнгийг зохистой хэрэглэхийн тулд:

  • Түрүүвчний соёлтой хэрэглээг нэмэгдүүлэх. 
  • Мөнгийг нугалаж, базаж хэрэглэхгүй байх
  • Бохир гараар мөнгөтэй харьцахгүй байх
  • Мөнгийг уул, овоо, бурхан тахил дээрээ залахгүй эргэлтэнд оруулдаг байх
  • Төгрөгийн дэвсгэртээ хүндэлдэг байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Л.Дэлгэрмаа

 

 

 

 

 

Замын-Үүд боомтоор 110 иргэнээ татан авч байна
Замын-Үүд боомтоор 110 иргэнээ татан авч байна
 
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.