Г.Мөнхтулга: Залуучуудын амьдралын буруу хэвшил ГЭНЭТ НАС БАРАХ эрсдлийг нэмэгдүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 6 секунд

Зүрх судасны өвчлөл ба залуучуудын дунд нэмэгдэж буй гэнэтийн нас баралтын шалтгааны талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Г.Мөнхтулгатай ярилцлаа.

-Залуу хүмүүс орой нь зүгээр унтаад өглөө нь сэрэхгүй нас бараад байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсаар байна. Ийм тохиолдол нэмэгдэж байгаа шалтгаан юу юм бол?

-Энэ нь сүүлийн үед огцом нэмэгдсэн шинэ үзэгдэл биш юм. Суурь шалтгаан нь нэмэгдээгүй байж болох ч мэдээлэл илүү нээлттэй болсноор олон нийт илүү анзаарч байгаа хэрэг. Бид яагаад гэнэт нэмэгдсэн юм шиг анзаараад байна гэхээр энэ төрлийн мэдээлэл цахим орчинд нээлттэй болсонтой холбоотой гэсэн үг. Товчхондоо бол энэ төрлийн гэнэт нас баралтууд өмнө нь ч байсан.

-Ковидын нөлөө ийм байдлаар илэрч байна гэж үзэх хүмүүс их байна?

-Энэ үзэгдлийг зарим хүмүүс ковидтой холбон тайлбарлах нь бий. Гэхдээ одоогоор энэ нь бүрэн нотлогдсон зүйл биш болохоор шууд шалтгаан гэж үзэх хангалттай баталгаа байхгүй.

-Залуучуудын дунд зүрхний өвчлөл нэмэгдэж байгаа хандлага байна уу?

-Байна. Гэхдээ суурь шалтгаан өөрчлөгдөөгүй гэж үзэж болно. Хүний генетик суурь, амьдралын хэв маяг, стресс, хорт зуршил зэрэг нь өвчнийг сэдрээж, далд байсан эмгэгийг ил гаргаж байна.

-Насны хувьд хэдээс хэдэн насныхны дунд түгээмэл байгаа вэ. Зүрх, даралт зэрэг өвчлөлүүдээр ахимаг насны хүмүүс өвддөг гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр залуучууд их өвддөг болсон байна?

-50 наснаас өмнөх гэнэтийн нас баралтыг зүрхний гэнэтийн үхэл гэж үздэг. Энэ нь залуу насанд тохиолдох нь элбэг учраас ингэж нэрлэдэг. Гэхдээ суурь өвчин нь аль ч насанд байж болно. Залуучууд ихэвчлэн зовууриа үл тоомсорлож, “би залуу юм чинь гайгүй” гэж бодсоноос хүндрүүлэх тохиолдол их байдаг.

-“Орой унтаад өглөө сэрсэнгүй. Зүрх нь өвддөггүй байсан” гэх утгатай пост өдөр алгасахгүй шахам цахим орчинд нийтлэгдэж байна шүү дээ. Энэ юутай холбоотой юм бэ?

-Зүрхний гэнэтийн үхэл буюу гэнэтийн нас баралтын хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн түгээмэл шалтгаан нь зүрхний шигдээс. Зүрхний титэм судас нарийсч, бөглөрснөөр зүрх цусан хангамжгүй болж, үхжил үүсч гэнэт нас баралт болдог. Энэ өвчний бас нэг шалтгаан нь удамшил. Удамшлын өвчин нь стресс бухимдал, тамхи татах, даралт ихсэх, жингийн илүүдэл гэх мэтчилэн амьдралын буруу хэвшлээс болж сэдэрснээр зүрхний шигдээсээр гэнэт нас барах тохиолдол бүртгэгдэж байна гэсэн үг. Зүрхний шигдээсээс гадна бусад удамшлын хэм алдагдал гэх мэт төрлийн өвчнүүд байна. Гэхдээ ховор. Товчхондоо бол удамшлын өөх тосны солилцооны алдагдал, тамхи, стресс, даралт ихсэх, илүүдэл жин зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг.

-Вакцинаас шалтгаалж цус өтгөрч, зүрхний шигдээс нэмэгдэж байна гэсэн ойлголт бий. Үүнд тайлбар өгнө үү?

усны бүлэгнэмтгий чанарыг бага зэрэг нэмэгдүүлж байна гэсэн судалгаа бол байдаг. Гэхдээ “цус өтгөрөх” хэмжээнд хүрээгүй. Энэ нь шууд нас баралтад нөлөөлж байна гэж үзэх хангалттай нотолгоо байхгүй. Мөн зүрхний шигдээс нь голчлон судасны өөх тосон товруу, бөглөрлөөс үүдэлтэй байдаг.

-Залуучууд өөрсдийгөө эрсдлээс хэрхэн хамгаалах вэ?

-Эрт илрүүлэгт тогтмол хамрагдах, гэр бүлийн удамшлын мэдээллээ мэдэх, амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх шаардлагатай. Мөн стрессээ зөв удирдах, хорт зуршлаас татгалзах нь чухал.

-Ямар шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандах ёстой вэ?

-Биеийн ачааллын үед амьсгаадах, цээж дарагдах, хүндээр өвдөх, шөнө зовуурь сэдрэх зэрэг шинж илэрвэл заавал эмчид хандах хэрэгтэй. Залуучууд өөрийгөө “залуу байна” гэж тоолгүй орхих нь эрсдэл дагуулдаг.

-Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юу вэ?

-Эрүүл хооллолт, тогтмол хөдөлгөөн, тамхинаас татгалзах, архины хэрэглээг багасгах, стрессийг бууруулах зэрэг амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх нь хамгийн чухал урьдчилан сэргийлэлт юм.

Ч.Лодойсамбуу: Үндэсний их баяр цэнгэл наадмыг талцал, хагарал, хэрүүл рүү хөтөлж байгаа хуулиудаа гишүүд эртхэн татаж авах хэрэгтэй
Ч.Лодойсамбуу: Үндэсний их баяр цэнгэл наадмыг талцал, хагарал, хэрүүл рүү хөтөлж байгаа хуулиудаа гишүүд эртхэн татаж авах хэрэгтэй
 
Ү.Амарбатыг Хотын дарга Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөхөөр томилжээ
Ү.Амарбатыг Хотын дарга Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөхөөр томилжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!