Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргаар ажиллаж байсан Б.Г нь 2022 оны 6 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн З-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон...“ гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тус шүүхээс хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг “Нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн хохирогч З-гийн эмчилгээний зардал болох 3 сая 900 мянган төгрөгийг шүүгдэгч Б.Г-с гаргуулахаар шийдвэрлэжээ.