УИХ-ын намрын чуулганы хаахтай зэрэгцэн Хөрөнгө оруулалтын тухай хууль дагасан хэл ам, хэрүүл шуугиан саарал ордныг хэсэгтээ л "бужигнууллаа". Сайд нар нь хүртэл Засгийн газраасаа оруулж ирсэн хуулийн төслөө тойрч суучихаад УИХ-ын чуулганы танхимд зөв буруу гэдэгт ам уралдан мэтгэлцэж, бие бие рүүгээ дайраад амжсан.
Энэ асуудлын "элч төлөөлөгч" хийсэн нэр бүхий хэдэн сайд нар бий. Тухайлбал, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн зүгээс "Хөрөнгө оруулалт нэрээр гадныханд нээлттэй байж болохгүй гэж би хэлээд байна. Бид тусгаар тогтнолоо хайрлах ёстой. Гуравхан сая хүнтэй улс дороо уусаад алга болно. Хууль дээр чинь ямар ч босго алга” гэсэн бол Х.Болорчулуун сайд "Оруулж ирж байгаа хууль чинь учир дутагдалтай байна. Хуульд босго байх ёстой. Хөрөнгө оруулалтын хуулийн босгыг нь авч хаяснаар аюул дагуулж байна. Магадгүй 10 жилийн дараа монголчууд газар нутаг дээрээ цөөнх болоод явж байхыг үгүйсгэх арга алга” гэж мөн л шүүмжилсэн юм. Удалгүй Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын сайд нар нийлж зогсоод мэдэгдэл ч хийж харагдана лээ.
Мэдээж Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төсөл, шийдвэрүүд бүхэн танхим дотроо яригдаж, Ерөнхий сайдын шийдвэрээр эцэслэгдэн УИХ-ын босго давна. Энэ утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс ч сайд нар асуудлаа танхимдаа ярь гэдэг шаардлагыг тавьж байв. Кабинетын зарчимгүй байна хэмээн шүүмжлэлд өртөхөд хүргэсэн тухайн сайд нарт хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ч мэдэгдсэн. Ийнхүү ил, далд аль ч талаараа тэднийг Засгаас явуулах хатуухан шүүмжлэлүүд өрнөж байсан ч чуулган хаахтай зэрэгцэн намжаад байв. Гэтэл тэдэнд хариуцлага тооцох асуудлыг нам дотоодоосоо эхлүүлэхээр шийдсэн бололтой.
Тодруулбал, өнөөдөр "Шилэн" гэгддэг МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл "Ардын хүч" холбооны гишүүд дэмжигчдийн зүгээс ногоон автобус, БЗС, Хөгжлийн банк, Нүүрсний гэх зэрэг дуулиант хэргүүд болон кабинетийн зарчмаар ажиллаж чаддаггүй сайд нарт хариуцлага тооцож МАН-ын гишүүнчлэлээс хасах шаардлагад гарын үсэг цуглуулах акц хийж байна. Улмаар эл шаардлагаа МАН-ын удирдлагууд болоод намынхаа Хяналтын Ерөнхий хороонд хүргүүлж буй юм.
Эдгээр хэргүүдээс шалтгаалж МАН-ын нэр хүнд унаж байна хэмээн ярих боловч начир дээрээ сайд нараа явуулах улс төрийн операц явагдаж байж болох талтай. Ямартай ч Б.Цогтгэрэлийн хүргүүлэх шаардлага зохих эзэндээ хаяглагдах нь тодорхой. Харин түүний хариуд МАН-ынхан Засгийн газраа муухай харагдуулсан "хэрэгт" унаад буй Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нараа намаасаа удаагаар нь Засгийн газраасаа хөөх үү гэдэг асуулт анхааруулгын тэмдэгтэй үлдэж байна..