Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй аялал жуулчлалын салбарт хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд болон тэдгээрийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөний талаар ярилцлаа.
-Өнгөрсөн олон жилд Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьж ирсэн ч бодит байдал дээр төлөвлөсөн түвшинд хүрдэггүй байсан. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар бүтэн нэг жилийг зорилт болгож, үүнийг нь танай яам хэрэгжүүллээ. Ямар бодлогуудыг баримталж ажиллав?
-Гурван жилийн хугацаанд Welcome to Mongolia буюу “Монголд зочлох жил”-ийг зарласан. Энэ бол Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах, хөтөлбөр зорилтыг биелүүлж ажиллах хугацаа гэсэн үг. 20 жилийн дараа буюу 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Өмнө нь аялал жуулчлалын салбар хэзээ, хаана, хэн ч хамаагүй гэсэн бодлоготой байсныг энэ хуулиар өөрчилж, хэнийг хэзээ, хаана аваачих вэ гэдэг бодлогыг тодорхойлж өгсөн. Мөн чухал хэд хэдэн заалтууд орсон. Тухайлбал, аялал жуулчлалын тухай хуулиар нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх асуудлыг зүйлчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын үр өгөөж, орон нутагт шингэдэг байх ёстой. Орон нутаг болон малчид эндээс орлого олохын хэрээр эргээд аялал жуулчлалын төлөө ажилладаг эдийн засгийн хөшүүрэг бий болгох концепц орж байгаа гэсэн үг.
Жуулчдын аюулгүй байдлыг бүрэн хуульчилсан. Жишээлбэл, гаднаас ирж буй жуулчин даатгалтай бол давхар даатгуулахгүй. Хэрвээ огт даатгалгүй бол даатгуулах зохицуулалтыг тусгасан байгаа. Үүнээс гадна Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулсан. Ингэснээр 300 гаруй ТББ-ыг нэгдсэн удирдлагад оруулж чадлаа.
Аялал жуулчлалын тухай хуулийн онцлогт юуг оруулсан бэ гэхээр тулгамдсан асуудлуудын нэг болох “00”-ын асуудал юм. Бид жорлонгоо бариагүй байж яаж жуулчин авах гээд байгаа юм бэ, зочлох үйлчилгээний салбар задгай, стандарт бус байхад яаж жуулчин авах гээд байгаа юм бэ гэх асуудал урган гардаг. Эдгээрийг аль болох хуульд оруулснаараа онцлог. Хоёрдугаарт, 110 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргаад байна. Өөрөөр хэлбэл, 2023 онд асгах бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь жорлонгүй байсан ч, зочид буудлын ор хүрэлцэхгүй байсан ч жуулчдаа авъя аа л гэж байгаа юм.
Энэ бодлого юутай холбоотой вэ гэхээр бизнес эрхлэгч, бизнесийн байгууллагууд тухайн аялал жуулчлалын салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй хүмүүс маань “Жуулчин ирвэл бид хөгжье. Хөрөнгө оруулалт хийе гэхээр жуулчдын тоо нэмэгдэхгүй байна” гэх агуулгыг ярьдаг. Тэгэхээр бид “асгах бодлого” буюу “Жуулчдыг хангалттай авч ирье. Та хөрөнгө оруулалт хий” гэдэг зарчмыг барьж эхэлсэн гэсэн үг.
Мөн олон улсад Монгол Улсыг сурталчлах контентуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Нийт 577 сая хүнд инфлүүнсерүүдээр дамжиж олон төрлийн контент хүрээд байна. Өнгөрсөн 2023 онд Монгол Улсын аялал жуулчлалын салбар 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Манай салбарт 16 салбар хамаардаг. Тухайлбал,
Агаарын тээврийн салбар, нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээ, хоолны салбар, худалдан авалт, гар үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг 16 салбарыг дагнаж, эдгээрт өөрийн үр өгөөжөө хүртээж буй.
-Тэгвэл аялал жуулчлалын салбарын голлох хүндрэл, бэрхшээлтэй асуудал нь юу вэ?
-Мэдээж баазын асуудал. Пап Францис айлчлахад БНСУ-аас 10 мянган жуулчин буюу католик шашинтнууд ирэхээр бүртгүүлж байсан. Гэтэл Улаанбаатар хотын 4000 орны 3000 нь битүү. Өөрөөр хэлбэл, 10 мянган жуулчнаас зөвхөн мянгыг нь л авах боломжтой байсан. Өөр улсуудаас ч ирэх католик шашинтнууд байсныг авч чадаагүй. Энэ нь жуулчдын тоо нэг сая хүрэхгүй байгаагийн шалтгаан. Тиймээс бизнес эрхлэгчид “Төр бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг дэмжсэнээр жуулчид хангалттай ирэх юм байна” гэдэг мэдрэмжийг авсан. Энэ хүрээнд биднээс зээл хүсэж эхэлсэн.
Жуулчид татахын тулд хоолны амт чанараа сайжруулж, ариун цэврийн байгууламж баримаар байна. Ингэж чадвал бид олон улсын зах зээлээс хамгийн багадаа 500 мянгаас нэг сая жуулчин авах боломжтой. Тиймээс ААН-үүд зээл хүсэж эхэлсэн. Энэ нь миний өмнө хэлсэнчлэн 2023-2024 онд олгох тус бүр 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл буюу Засгийн газар долоон хувийн татаасыг дааж, үлдсэн 11 хувийг ААН авах хөтөлбөрийг арилжааны 10 банктай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.
"Газар ашиглуулах эрх өгсөн нь газрыг тасалж өгөх эрх олгож байгаа явдал биш"
-Яг энэ үед Хөрөнгө оруулалтын тухай хууль яригдаж байна. Таны хувьд аялал жуулчлын салбарыг хариуцаж буй сайдын хувьд энэхүү хуулийг хэрхэн харж байна вэ?
-Бид Японы зах зээлд ажилладаг компаниудтай олон уулзаж, газрын асуудал, хөрөнгө оруулалтын босгын асуудлыг хөндөж ярьж байсан. Хөрөнгө оруулагчдад газар ашиглах эрх олгосноор хөрөнгө оруулалтыг баталгаатай гэж тооцдог уу гэвэл дэлхийн бүх орон л баталгаатай гэж тооцдог. Гэвч бид яагаад өөр байх ёстой вэ. Тэр газрыг ашиглуулснаар газар доорх баялгийг ухаад, тэр чигт нь явчих юм уу. Үгүй шүү дээ. Бид хөрөнгө оруулалтыг татахын тулд таатай орчныг бүрдүүлэх ёстой. Энэ бол татварын болон эрх зүйн орчин байгаа юм.
Хөрөнгө оруулагчид яг юу хэрэгтэй байдаг вэ гэвэл хөрөнгийн баталгаа. Монгол Улсын хаана баялаг байгааг, хаана хөрсний бохирдол нэвччихсэн байгааг бүгд мэдэж байгаа. Улаанбаатар хотын газар доор ямар баялаг байна. Өнөөдөр Улаанбаатар хот нүхэн жорлондоо эзлэгдчихсэн, хөрсний бохирдол 88 хувьд хүрчихсэн ийм л газар. Тэгэхээр бид газрын үнэ цэн хэзээ, хаана байх ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой. Газар ашиглуулах эрх өгсөн нь газрыг тасалж өгөх эрх олгож байгаа явдал биш. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ч.Хүрэлбаатар сайдын баримталж буй зарчмыг би дэмжиж байгаа. Үүнийгээ ч хэлсэн.
-Өнгөрсөн 10-20 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар хөгжөөгүй байсан алдааг хэрхэн харж, хэрхэн дүгнэж байна?
-“Хэзээ ч, хаана ч, хэнийг ч хамаагүй” буюу ямар ч бодлогогүй байсан. Тухайн бүс нутагт аялал жуулчлалын бүс гэж байгуулагдах ёстой байтал Монгол Улсын бүх нутаг дэвсгэр тэр чигтээ аялал жуулчлалын бүс болчихсон байсан. Тиймээс жорлон, буудал, зочлох үйлчилгээний салбар, дэд бүтэц шийдэгдээгүй.
Вьетнам улсын Фукуок арал дээр тухайн нутгийн иргэдийн суурьшлийн бүс бий. Тэнд Монголтой адилхан асуудлууд байдаг. Тухайлбал, мөн л жорлон, хөрснөөс эхлээд худалдаа үйлчилгээ нь ч асуудалтай. Гэтэл яг эсрэг талд нь байгаа аялал жуулчлалын бүс дотор энэ асуудлуудын нэг нь ч байхгүй. Түүнийг 30 тэрбум ам.доллароор бий болгож байгаа юм.
Мөн Пукет арал 200 мянган хүн амтай. Гэхдээ эдгээр иргэд нь 20 сая жуулчин авах үйлчилгээний салбарт ажилладаг. Яг Фукуок аралтай адилхан. Ялангуяа аялал жуулчлалын бүс болгон зарласан хэсэг дотор ямар нэг асуудал байхгүй. Тэнд шаардлагатай бол усан парк, казино, далайн эрэг, худалдаа үйлчилгээ, брэндинг байдаг. Яг эсрэг талд байгаа суурьшлын хэсэгт эдгээр нь огт байхгүй.
Тэгэхээр Монгол Улсын алдаа бол аялал жуулчлалын бүс тогтоогоогүй явдал. Манайд аялал жуулчлалын зургаан бүстэй гэж ярьдаг. Түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг. Тэнд яг өнөөдөр юу нь хөгжсөн бэ. Байгаль, экологийн чиглэл дээр өндөр уулархаг бүс болон баруун таван аймаг. Бас л юу нь хөгжсөн бэ. Ний нуугүй хэлэхэд, бид алдаа дутагдлаа шударга, зоригтой шүүмжилдэг шиг олж хардаг байх ёстой.
Түүнчлэн Аялал жуулчлалын тухай хуульд оруулсан бас нэг заалт нь “Улсын аялал жуулчлалын бүс” байгуулах юм. Яагаад өнөөдөр Төвөдийн Лхас хотод Shangri La, Intercontinental зэрэг дэлхийн томоохон зочид буудлууд байгаа юм. Харин яагаад Улаанбаатар хотод Intercontinental зочид буудал алга байна. Яагаад гэвэл,
- Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай бус байна.
- Хоёрдугаарт, тэр бизнес эрхлэгчид Монголд орж ирснээр хөгжих үү, бизнес ашигтай юу гэдгийг тооцоод байна.
Төвөд жилд нэг сая жуулчин авдаг. Үүний 800-850 мянга орчим нь дотоодын жуулчид, үлдсэн нь гадаадын жуулчид байдаг. Шалтгаан нь өндөрлөг газар байдаг учраас хүчилтөрөгчөөс эхлээд асуудал үүсдэг. Яг зорьж, дурласан жуулчид л очдог ийм газар. Энэ мэт эрхзүйн орчныг бүрдүүлээд өгчихсөн, таатай орчныг нь бүрдүүлчихсэн, баталгааг нь гаргаад өгчихсөн учраас тэнд аялал жуулчлал хөгжөөд байна.
Тиймээс бид аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татахын тулд тодорхой хууль эрхзүйн орчинд өөрчлөлтүүдийг оруулах ёстой. Тэгж байж хэнийг хаана, хэзээ авч ирэх вэ гэдэг бодлого явагдана гэсэн үг. Яагаад бид гадны инфлүнсерүүдийг авч ирээд байна вэ гэхээр, тэр хүмүүсийг зөв газар нь аваачиж байгаа. Хэнийг хаана ч хамаагүй гэдэг бодлого баримталбал тэр хүн хэзээ ч сонирхохгүй. Тиймээс бодлого зөв байх ёстой. Монголчууд дангаараа хөрөнгө оруулалт хийгээд, гадны жуулчдыг авах боломжгүй. Харин аливаа зүйлд хандахдаа хэнийг хэзээ, хаана аваачих вэ гэдэг бодлого дээр төвлөрч байгаа. Энэ нь Засгийн газрын бодлого болоод, ажиллаж байгаа гэсэн үг.
"Өвлийн аялал жуулчлалын газрын зурагт Монгол Улс байдаг юм шүү гэдгийг тодорхойлж цэг хатгасан"
Түүнээс гадна манай улсад өвлийн аялал жуулчлал “ТЭГ ЗОГСОЛТ” хийдэг. Тиймээс саяхан тогтоосон Геннисийн амжилтаар өвлийн аялал жуулчлалын дэлхийн газрын зурагт Монгол Улс байдаг юм шүү гэдгийг тодорхойлж цэг хатгасан. Ингэж байж өвөл аялдаг хүмүүс ийм улс байдгийг мэдэж авна. Харин үүнийг Геннисийн амжилт эвдсэн хүмүүстэй харьцуулаад байж болохгүй. Тэр бол хувь хүний амжилт. Харин 408 хүн мөсөн гулгуураар гулгах нь өвлийн аялал жуулчлалын дэлхийн газрын зурагт Монголыг тэмдэглүүлэх л зорилготой. Энэ бол эхний зорилго, үүнийг биелүүлсэн.
Дараагийн удаа магадгүй дэлхийн Геннисийн дээд амжилтыг тогтоосон мөсөн гулгуурт очиж гулгахыг хүсдэг хүмүүс ирэхийг үгүйсгэхгүй. Өвлийн аялал жуулчлал “тэг зогсолт”-д орсон. Үүнтэй зэрэгцээд ААН, айл өрхүүдийг орлоготой болгохын төлөө хийж байгаа ажил гэдгийг маш сайн ойлгох ёстой. Энэ бол амны салиагаараа чалчдаг сэдэв биш.
-Welcome to Mongolia буюу “Монголд зочлох жил”-ийн онцлогийг юу гэж харж байна. Нэг жуулчин Монголд хэчнээн хэмжээний орлого оруулж байна вэ. Орлого оруулахын хэмжээгээр Монгол Улс бэлэн байна уу гэх асуудал гарч ирж байна. Жишээлбэл, үнийн хөөрөгдөл бий шүү дээ?
-Эх дэлхийн цэнхэр гараг дээр Монгол Улс ганцаараа оршин тогтнодоггүй. БНСУ-д 5000 вонын үнэтэй шөлтэй хоол 6500 вон болчихсон л байна лээ. Цар тахлын дараа бүх улс оронд үнийн өсөлт явагдаж байгаа. 2019 оноос өмнө нэг жуулчнаас үлдэж буй мөнгөн дүнг 1600 орчим ам.доллар гэж тогтоосон байдаг. Харин цар тахлаас хойш 2000 ам.доллар болсон. 400 ам.долларын өсөлт явагдсан байгаа биз.
Энэ бүх өсөлт дэлхий дахинд явагдаж байгаа. Зөвхөн Монголд явагдаад байгаа асуудал биш. Монголчууд яагаад өөрөө өөрсдийнгөө үнэлэх системд шилжиж болдоггүй юм бэ. Яагаад дандаа үнэгүй байх ёстой юм бэ.
Монголд ирлээ, байгалийн дурсгалт газрууд нь үнэгүй. Түүхийн олдворууд нь байгальд байдаг учраас үнэгүй. Хөтөч тайлбарлагчид нь амьдралынхаа хоолыг залгуулахаар яагаад өдрийн 100 мянган төгрөгөөр ажиллах ёстой юм бэ. Яагаад монгол хүний үнэлэмж, Монголын ондоошил, эх орны маань дүр төрх үнэгүй байх ёстой юм. Би үүний эсрэг байдаг. Энэ бол зах зээлийн зарчим шүү дээ. Хэт үнэтэй бол хүн ирэхгүй, тэр газар дампуурна. Тэр газар хүн ирээд байвал дахин ирэх хүмүүс нэмэгдээд л байна.
Бид олон улсын олон үйл ажиллагаанд оролцож байсан. Жишээлбэл, АНЭУ-ын 150 ам.долларын үнэтэй зочид буудал 550 ам.доллар болчихсон байна лээ. Тэнд шүүмжилж байгаа нэг ч хүн алга. Энэ бол эрэлт, нийлүүлэлт. Тэнд буух шаардлагагүй. Гэхдээ өөр газар олбол илүү хол явна.
Тэрэлж, Фукуок хоёр дээр ор хоногоор нь бодохоор Тэрэлж 250 мянган төгрөг, Фукуокд 170 мянган төгрөг гэж байсан. Тэгвэл Фукуокд очиж амар л даа.
-Хувь хүний сонголт гэж тайлбарлаж байна, тийм үү?
-Гэхдээ онгоцны зардлыг нь яаж тооцох вэ. Тэр хүн онгоцоор очиж байж тэнд буудаллана. Онгоцгүйгээр яваад очиж болдог юм уу. Гэтэл Тэрэлж рүү ямар үнээр очиж байна. Тиймээс бид эрэлт, нийлүүлэлт, бизнес гэдгээ маш сайн бодох ёстой. Цахилгааны үнэ тариф дээр ч “Үнэ хэтэрлээ, үүнийг зохицуул” гээд байдаг.
1990 онд сонголтоо хийчихсэн шүү дээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Бүх юмны үнэ чөлөөт зах зээлээр явах ёстой. Энэ л дутуу хийгдсэний гай. Мөнгөө төлж чадахгүй бол битгий яв. Тэнд хүн ажиллаж байгаа, өртөг, татвар бий болж байгаа. Ямар ч тэнэг бизнесмен хүн орж ирэхгүй байгаа газрыг үнэтэй байлгаж чаддаггүй. Хүн ихтэй байхад үнэгүй байлгаад байж чаддаггүй. Энэ зарчмыг маш сайн ойлгох хэрэгтэй.
Өнгөрсөн зун манай зочид буудлууд үнээ нэмсэн. Манай яаманд ч их гомдол ирсэн. Гэтэл гадны оролцоотой хүч хэрэглэсэн байдлаар үнэ тогтоох процесс явагдвал эдийн засаг дампуурдаг. Монгол Улс доод үнийн босго тогтоох хуульгүй, дээд үнийн босго тогтоох ганцхан хууль байдаг. Тэр нь өрсөлдөөний тухай хууль. Уг хуульд дайн, аюул, гамшиг, онцгой нөхцөл байдал зарлагдсан тохиолдолд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дээд үнийг тогтоож болно гэж Засгийн газар бүрэн эрх олгосон байдаг. Өөр үнэ тогтоох ямар ч хууль байхгүй.
-Аялал жуулчлалаас нэг тэрбум ам.долларын орлого олсон гэж байгаа. Тэгвэл аялал жуулчлалын салбар энэ мөнгөөр юуг хэрхэн сайжруулах зорилт тавиад байгаа вэ?
-Энэ мөнгө бол жуулчдын үлдээж байгаа мөнгө. Жуулчин ирж мөнгөө үлдээж байгаа бол бизнес эрхлэгч 1000 ороо 2000 болгохыг хүснэ. Хувийн сектор өөрийнхөө бизнест хөрөнгө оруулах л мөнгө. Улсын төсөвт ороод байгаа зүйл огт биш. Жуулчдын үлдээж байгаа мөнгө бол тухайн үйлчилгээний хөлс болж үлдэж байгаа мөнгө. Энэ мөнгөөр юу хийх нь хувь хүмүүсийн өөрсдийн асуудал. Өөрөөр хэлбэл, жуулчны баазууд маань тэр мөнгөөр ариун цэврийн байгууламжаа цэгцэлж, худалдаа үйлчилгээний салбарууд илүү сайн, чанартай бараатай болох хэрэгтэй. Зочид буудлууд нь орныхоо тоог нэмнэ, эсвэл байгаа өрөөгөө илүү гоё болгох шаардлагатай. Монголд нэг зүйл байдаг. Тэр нь Монголиш гэдэг шиг болчихсон. Жишээлбэл,
Шинэ нисэх буудал монгол стандартад буюу монголчуудад зориулсан байдлаар ажиллаад байна. Яагаад олон улсын стандартаар ажиллахгүй байгаа юм. Яагаад Монголд гэхээрээ тоостой, Наритад тоосгүй, цэмбийж байх ёстой юм. Энэ бол Монголиш.
Монголчуудад тааруулаад байгаа биз дээ. Бид монголчууддаа тааруулсан менежмент авахыг хүсээгүй шүү дээ. Харин олон улсын стандартыг авахыг хүсэж байгаа. Тэгэхээр бид зочлох үйлчилгээний стандартыг аль болох олон улсын стандартад нийцсэн байлгахын төлөө ажиллах ёстой. Ингэж чадахгүй бол олон улсын менежмент шаардлагагүй гэсэн үг.
"Инфлүүнсерүүдийг нэг тэрбумаар авч ирж, дөрвөн их наядын орлого оруулсан"
-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн инфлүнсерийг Монголд авч ирсэн. Тухайн үедээ багагүй шүүмжлэл гараад байсан. Тэгвэл инфлүүнсерүүдийг авч ирэхэд хэчнээн төгрөг зарцуулав. Мөн эргээд хэдэн төгрөгийн орлого орж ирсэн бэ?
-Үүнийг аялал жуулчлалын салбарынхан өөрсдөө шүүмжилж байгаа юу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Тухайн салбарт ажилладаггүй бол шүүмжлээд хэрэггүй. Тэр хүнд ямар ч наалдац байхгүй. Өнгөрсөн 2023 онд БОАЖЯ 4.9 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Харин 1.2 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор дөрвөн их наяд төгрөгийн борлуулалт хийж чадсан. Гэтэл бид яагаад нэг тэрбум төгрөг гаргаад, дөрвөн их наядыг олоход уурлаад байгаа юм. Энэ бол үр дүн. Нөгөө талдаа ч тасралтгүй үргэлжлэх үр дүн шүү дээ.
Монгол Улс хэзээ нэг тэрбум ам.доллар давсан аялал жуулчлалтай байж, 650 мянган жуулчин авдаг байсан юм. 2023 онд байлаа. Хэзээ Монгол Улс аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулаад, энэ салбарын төлөө мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан юм. Хэзээ ийм олон инфлүүнсерүүд манай улсад ирээд, 577 сая хүнд хүрсэн контентууд үйлдвэрлэж байсан юм. 2023 онд л байлаа.
-“Нэг жуулчин нэг хонь” санаачилгаа бүрэн хэрэгжүүлэх боломж хэр байгаа гэж харж байна. Үүнд жуулчид ямар хандлагатай байгаа вэ?
-Хэрэгжээд, үр дүн нь гарч эхэлсэн. Булган аймгийн Булган сумын малчин зургаан жуулчинд зургаан хонь бэлэглэсэн байна лээ. 700 мянган төгрөг өгөөд явсан. Нэг хонь хөдөө орон нутагт хэдэн төгрөг байгаа гээч, 100 мянган төгрөг. 300-400 хоньтой малчид хэдэн төгрөг олж байгаа гээч, жилд 8-10 сая төгрөг. Мянган малтай байсан ч жилд 50 сая төгрөг хүрэхгүй орлоготой байгаа. Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувь нь бэлчээр. Үүний 57 хувь нь доройтчихсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд байгалийн гамшигт үзэгдэл 80 гаруй удаа тохиож, 29,6 сая толгой малаа алдсан. Малчид маань өглөө, оройгүй ажиллаж байгаа. Ингэж ажиллаад, жилд 8-10 сая төгрөгийн орлоготой ажиллаж байна. Үүнийг бизнесээр авч үзвэл алдагдалтай бизнес.
Малчин хэзээ ашигтай байдаг вэ гэхээр малаа зарж эсвэл төхөөрч байж махыг нь зарах үе. Гэтэл амьдаараа байгаа мал өөрөө ашигтай биш. Тэгвэл мал нь амьсгалангаа мөнгө олох энэ систем “Нэг жуулчин - Нэг хонь” хөтөлбөр буюу малчныг орлогожуулах хөтөлбөр юм. Хоёрдугаарт, өвлийн аялал жуулчлалаар буюу дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл энэ хөтөлбөр хэрэгжинэ.
БНСУ-ын нэг жуулчин 4-5 сая вонтой ирдэг. Гэхдээ Улаанбаатарт ирдэггүй, харин орон зайг хайж ирдэг. Өөрөөр хэлбэл, уул, ус, байгаль, мал, ан амьтныг хүсэж ирж байгаа. Дээр нь аймгийн төв биш суманд хэчнээн зочид буудал байдаг вэ. Хангалттай биш. Харин илүү гэргүй малчин нэг ч байхгүй. Тэгвэл илүү гэрийг нь жуулчид хүлээж авах стандартад нийцүүлээд, гэрийг нь тохижуулж байгаа юм. Малчин бүр илүү гэрээ гаргаад тавихад нэг гэрт 3-4 жуулчин хүлээж авах бүрэн боломжтой. Энэ бол эдийн засгийг дэмжих хөтөлбөр.
Энд гурван төрлийн тариф гарч байгаа. Үүнд, Жуулчид хоёр хоноход хамгийн багадаа нэг сая төгрөг. Нэг хонь 100 мянган төгрөг. Тав хоноход нэг сая төгрөг өгнө. Мэдээж, хоол, үйлчилгээгээ авна. Нүүдэлчин соёлтой танилцана. Ингэхдээ нэг хонийг 10 нугалж мөнгийг нь төлж байгаа юм. Дээд тал нь 2.5 сая төгрөг төлнө. Ингэхдээ ан гөрөө хийж болно, адуунд явж болно. Энэ мэт сонирхолтой маш олон зүйл бий.
-“Go Mongolia”-д “Welcome to Mongolia”-аас давсан ямар шинэ арга хэмжээ, бодлого барихаар төлөвлөж байна вэ?
-2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Засгийн газар гурван жилийн хугацаанд тогтвортой аялал жуулчлалыг эрхэмлэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2025 оноос хойш аялал жуулчлалын жил зарласан ч зарлаагүй ч аялал жуулчлал тогтсон байх ёстой.
Тийм ч учраас 110 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргаж байгаа. “Welcome to Mongolia” бол зөвхөн аялал жуулчлалын уриа. Нэг ёсондоо, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд орж ирж буй үг гэж ойлгож болно. Энэ бол брэнд. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд том хэмжээний сэргэлт явагдсаны хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүчний салбарт үргэлжлүүлмээр байна.
-Засгийн газрын уялдаа холбоо маш чухал. Соёлын яамтай хэрхэн нягт холбоотой ажиллаж байна вэ? Зүгээр аялуулаад орхих биш, нүүдэлчин өв соёлоо таниулах хэрэгтэй байна.
- Аялал жуулчлалын салбар чинь БОАЖЯ-ны харьяа юм уу, Соёлын яамных юм уу. Нисэх буудал чинь ЗТХЯ-ных юм уу, БОАЖЯ-ных юм уу гээд манай парламентын зарим гишүүд ойлгохгүй байсан. Яагаад гэвэл Засгийн газар нэг кабинетаар ажиллаж чадаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн менежментийг базаж, нэг зүгт чиглүүлж байгаагийн илрэл юм. Өмнө нь ЗТХЯ-ны асуудал гэдэг утгаар хэзээ ч БОАЖ-ын сайд нь нисэх дээр очоод, хуруугаараа тоос шалгадаггүй байсан байхгүй юу.
Өнөөдөр агаарын тээврийн либералчлалыг хамгийн их жишээ татаж ярьж байгаа хүн нь би. Хамгийн их хийж, хэрэгжүүлж буй хүн нь С.Бямбацогт сайд. Тэглээ гээд бид хоёрын хооронд асуудал үүсээгүй л байна. Яагаад гэвэл агаарын тээвэр хөгжиж байж, аялал жуулчлал хөгжинө. Аялал жуулчлалын үндэсний хорооны даргаар яагаад Ерөнхий сайд ажилладаг вэ гэхээр нэг кабинет зарчмыг мөрдөж байна гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний бодож сэтгэж байгаа бодлого, хөтөлбөрийн хүрээнд сайд нартайгаа уялдаа холбоогоо хангаж, манлайж буй нь өөрөө үр дүн юм.
-Таны хувьд сайдаар хоёр жил гаруй ажиллалаа. Цаашид багадаа 6 сар ч юмуу ажиллах хугацаа байна. Аялал жуулчлалын ирээдүйг юу харж байна. Та ямар бодлогыг энэ салбарт үлдээе гэж бодож байна вэ?
-2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах санал авсан. Тэр үед надад нэг л зүйлийг хэлсэн. Юу вэ гэхээр энэ яамыг Аялал жуулчлал, байгаль орчны яам шиг авч яваарай гэж захиж байсан юм. Хүмүүс өнөөдөр Аялал жуулчлал, байгаль орчны яам гэж ярьдаг. Бодлого, хөтөлбөр хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл, энэ салбар төрөөс хараат бусаар хөгжих ёстой. Үүнийг хуульд илүү баталгаажуулж өгсөн. Энэ хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулаад байна.
Бид төрөөс мөнгө авахгүйгээр Аялал жуулчлалын хөгжлийн санг 10 тэрбум төгрөгийн орлоготой болгохоор зориод буй. Яагаад гэвэл аялал жуулчлал өөрөө уул уурхайгаас ч илүү орлого олох боломжтой. Түүнчлэн энэ салбар хэн гэдэг сайдтай байхаас үл хамаараад, тогтвортой менежменттэй байх ёстой гэдэг агуулга дээр бүх бооцоогоо тавин ажиллаж байгаа. Хэрхэн хэрэгжиж буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос асуух хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.