Анх 100 орчим төрийн үйлчилгээтэйгээр олон нийтэд танилцуулагдаж байсан "И Монголиа" систем өнөөдөр төрийн бүртгэл мэдээлэл, зөвшөөрөл, лавлагаа зэргээр 1170 үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэ бол сүүлийн гурван жилийн хугацаанд цахим шилжилт эрчимжиж буйн нэг илрэл билээ. Тэгвэл И Монголиа болон цахим шинэчлэл, ЗГ-ын "Шил" ажиллагааны эргэн тойронд ЦХХХ-ны сайд Н.Учралтай ярилцлаа
-Дөнгөж өчигдөрхөн авсан мэдээллээр И Монголиа системд 1.7 сая иргэн бүртгэлтэй байна. Хүн амынхаа 50 хувийг энэ системд нэгтгэж чадсан нь цахим шинэчлэлийн гол ололт болов уу гэж харж байна?
-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа УИХ, ЗГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, цахимжилтыг хурдасгах ажлыг эхлүүлж байсан. Ийнхүү Эстонийн Засгийн газар, И засаглалын академиас зөвлөгөө авч өнөөдрийн 1.7 сая хэрэглэгчтэй, 40 сая гаруй үйлчилгээг цахимаар үзүүлээд байгаа И Монголиа цахим платформыг олон нийтэд танилцуулсан. Гурван жилийн хугацаанд 40 сая үйлчилгээг үзүүлсэн хандалт өндөртэй платформ болж хөгжжээ. И Монголиа систем өнгөрсөн хугацаанд 1,2,3 шинэчилсэн хувилбарыг олон нийтэд танилцуулж байсан. Таны хэлсэнчлэн анх 100 гаруй үйлчилгээг нэгтгэж байсан бол өнөөдөр 1 мянга гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Үүний цаана төр нэгдсэн датагаа солилцох нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэн төрийн байгууллагууд хооронд гүйх биш төр өөрийнхөө мэдээллийг хоорондоо солилцдог нөхцлийг бүрдүүлсэн. Энэ онд И Монголиа 4.0 хувилбарыг нээхээр төлөвлөж байна.
-Бүх төрлийн бүртгэлийг И Монголиа системээр дамжуулан хийх нь элбэг боллоо. Тухайлбал, сугалаагүй цэцэрлэг. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулах ажлыг зохион байгуулсан?
-Цэцэрлэгийн бүртгэл маш сайн ажил болсон. Цэргийн бүртгэл хийж байна. Ер нь бүх л төрлийн бүртгэлийг хийж байна. Жишээлбэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг тараах тогтоол батлагдвал ногдол ашиг тараах ажлыг ч хийх боломжтой. Хүүхдийн мөнгө олгох ажлыг хийсэн. Гэхдээ цахимжилт сорилт дагуулдаг. Жишээлбэл, хүүхдийн мөнгө олгох ажлын үед нэлээдгүй шүүмжлэл дагуулсан шүү дээ. Гол учир нь, И Монголиа нүүрэн талдаа системээрээ тухайн мэдээллийг ил гаргаж ажиллаж байгаа. Ард нь Үндэсний дата төв Хур, Дан систем ажиллаж мэдээллээ солилцож байгаа. Түүнд төрийн байгууллагууд хандаж байгаа. Жишээлбэл, Хөдөлмөр халамжийн газрын мэдээлэл нь Хур системтэй холбогдоод И Монголиагаар харагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэнд байгаа хүүхдийн мэдээлэл ҮСХ-ны мэдээлэлтэй зөрөхөөр байгаагаараа л гараад явж байгаа байхгүй юу. Цахимжилт өөрөө болохгүй байгаа зүйлүүдийг ил болгож өгдгөөрөө давуу талтай. Энэ утгаараа төртэй холбоотой бүхий л шийдвэрүүд И Монголиагаар хэрэгжээд явж байгаа
-И Монголиа системээр үзүүлж буй үйлчилгээтэй холбоотойгоор бий болсон хэмнэлтийн тухайд мэдээлэл өгвөл?
-Архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд тухайн мэдээлэл анх цахимаар архивлагдсан бол цахимаараа л архивлагдаж болно гэдэг агуулга байдаггүй байсан. Өөрөөр хэлбэл, өмнө архивын цаасан баримт бичиг цахимтайгаа зөрвөл цаасан баримт бичгийг эх хувь гэж үзнэ гэдэг заалтаас болоод төрийн байгууллагууд цахимаар мэдээллээ солилцохоос гадна түүнийгээ цаасаар архивлаж хадгалдаг байсан. Давхар ажил хийдэг байсан гэсэн үг.
Цааснаас цахим руу шилжих зорилтын хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд И Монголиа 200 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн байна. Унаа тэрэг, цаас, ирж очих зардал зэргийг тооцоолсон энэхүү дүн мэдээг Дэлхийн болон Азийн банкны судалгаан дээрээс гаргасан. Харин цаасаар авч үзвэл, Эйфелийн цамхгийн өндөртэй дүйцэх хэмжээний цаасыг хэмнэсэн байна гэдгийг Дэлхийн банк судалгаандаа харуулсан байдаг.
-И Монголиагаас гадна Хур, Дан, Лавлагаа.мн зэрэг 29 системийг хөгжүүлж байгаа шүү дээ?
-Тийм ээ. Төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд, ухаалаг гар утасгүй хүмүүс ч авах ёстой шүү дээ. 21 аймаг сум суурин газруудаар олгох ёстой. Тэгэхээр хоёр боомтод бие даасан нэг цэгийн үйлчилгээг байгуулсан. Мөн улсын хэмжээнд 150 ХурДан цэг байгуулагдаад байна. Түүнчлэн төрийн ХурДан үйлчилгээ нэвтрээд байна. Нийслэлд гэхэд 50 цэг байгуулагдлаа. Одоо явуулын цэгүүд ажиллаж эхэлж байна. Байгаа газарт нь үйлчилгээ үзүүлж байна. Монголын цахилгаан холбоо компанийн шуудан компаниудаар төрийн үйлчилгээг давхар үзүүлдэг болоод байна. Тэгэхээр сум, сууринд байгаа хүн холбооныхоо байранд очоод төрийн үйлчилгээгээ авдаг болчихсон байна. Заавал хотод ирэхгүйгээр гэсэн үг.
Нэг цэг байхгүй газруудад киоск ажиллаж байна. Хувийн хэвшлүүдтэй хамтраад киоскуудыг байршуулсан. Одоогоор киоск болон нэг цэгүүдийн тоо нийлээд 500-д хүрээд байна. Тэгэхээр хамгийн ойрхон цэгээсээ очиж үйлчилгээ авдаг, заавал хотын төв рүү орох шаардлагагүй болсон. Цахилгаан холбоо компани л гэхэд операторын үйлчилгээг давхар үзүүлж байгаагаас гадна итгэлтэй хуудсуудыг бүх сургууль, цэцэрлэг, дотуур байруудад байршуулж, хүүхэд хамгааллын ажилд оролцож байна. И Монголиа дээр E Kids нэвтэрсэн. Google компани Монголд ирчихлээ. Ингэснээр Familylink буюу хүүхдийн цахим орчны хязгаарлалтыг монгол хэл дээр хийдэг ажлыг албан ёсоор Монголд нэвтрүүлсэн. Энэ мэтчилэн цахимжилт өрнөж байна. Ер нь цогцоор нь шийдэх гэж маш олон ажлыг өрнүүлсэн.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар 500 киоск, нэг цэгээр дамжуулаад үйлчилгээ үзүүлснээр И Монголиагийн хэрэглээ 200 мянгад хүрсэн. Одоо 1.7 сая хэрэглэгчтэй болоод байна. Хамгийн гол нь иргэнд сонголт байх хэрэгтэй шүү дээ. Гар утсаараа, компьютероосоо, өөрт ойр байрлах киоскоос үйлчилгээг сонголттойгоор авах боломж бүрдэж байна.
-4 сарын 1 гэхэд жирэмсний хяналтын дэвтэр, эх хүүхдийн дэвтэр, эмийн жор, орцын мэдээлэл зэргийг И Монголиад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа-
-И Монголиа системийн 4.0 хувилбарыг танилцуулах гэж байгаа нь шинэ мэдээлэл байна. Тэгвэл шинэчлэгдсэн хувилбарт ямар үйлчилгээнүүдийг нэмж нэвтрүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Энэ хувилбарын тусламжтайгаар И Монголиа системд анх удаа цахим түрийвчийг нээх ажлыг туршилтын журмаар эхлүүлж байна. Одоо олон нийтэд танилцуулна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохиргоог хийж өгсөн. 1.7 сая хэрэглэгч нар маань хоорондоо чатаар харилцах боломжийг И Монголиа дээр бүрдүүлэх гэж байна. Эрүүл мэндийн цахимжуулах үүргийг өгсний дагуу миний бие ажлын хэсгийг ахалж байгаа.
Эрүүл мэндийн цахимжилт энэ онд өрнөөд дөрөвдүгээр сарын 1 гэхэд жирэмсний хяналтын дэвтэр, эмийн жор, эмийн орцын мэдээлэл, импортод орсон он дараалал, вакцины гэрчилгээ зэрэг мэдээллийг И Монголиад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.
Цахимжилтын ажил эрчимтэй өрнөж, гар утсаараа үйлчилгээ авах боломж бий болсноор авлигаас хол болж эхэлж байна. Нэг ёсондоо, И Монголиа дээр байгаа E Business 300 гаруй зөвшөөрөл цахимжсан. Энэ онд 21 аймагт бүх үйлчилгээг цахимжуулна. Ингэснээр авлига, хүнд суртлаас хол хүнээс хамааралгүйгээр технологиор авлигатай тэмцэнэ гэсэн үг. Хийж буй ажил бүхэн авлигатай тэмцэх, ил тод, нээлттэй төрийг бий болгоход оршиж байгаа. Тиймдээ ч Шилэн ажиллагааны үр дүнд цугларсан мэдээлэл дээр шийдвэр гаргах, хувийн хэвшил, ААН түүнд анализ хийдэг сайн жишгүүд бий болж байна. Үүний үр дүнд орчин цагт яриад байгаа хиймэл оюун ухааныг ашиглах нөхцлүүд бүрдэнэ.
Цахимжилтын ажил 2019 оноос эрчимтэй өрнөсөн. Энэ ажил 2008 оноос бүртгэлийн төгөлдөршлөөс эхэлсэн хэдий ч одоо бол илүү хурдасгах, амьдралд илүү ойртуулах ажлууд нь хэрэгжилт нь хангагдаад явж байна. Сая л гэхэд УИХ-аас 109 хууль баталж, дүрэм журам "түгжрэлээс" гарсан. Тэгэхээр И Монголиа дээр байгаа жолооны үнэмлэхний мэдээллийг биетээр нэхдэг, заавал хэвлэ гэдэг, цаасаар бүх зүйлийг архивладаг байдлыг 109 хуулийн хүрээнд шийдэж чадлаа.
Энэ Засгийн газрын үед цахимжилтыг дэмжих улс төрийн манлайлал үр дүнгээ өгч байна. Цаашид илүү хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулснаар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлууд үргэлжилнэ.
-Цахим түрийвчийг нээх ажлыг туршилтын журмаар эхлүүлж байна гэлээ. Үүнийг тодруулбал?
-Төрийн үйлчилгээтэй холбоотой цахим төлбөр тооцоог И Монголиад оруулах гэж байна. Өмнө шимтгэл авдаг байсан бол одоо бүх төрлийн төрийн үйлчилгээ 300 төгрөг байхаар Монголбанк бусад банкуудтай тохирсон. Тэгэхээр И Монголиа дээр цахим түрийвч гэж ороод карт, дансаа холбож, төрийн үйлчилгээндээ л төлбөрөө төлдөг явах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм. Технологийн салбар бол өөрөө их либералчлагдсан салбар. Тиймээс манай яамны зүгээс Засгийн газарт танилцуулаад бид систем хөгжүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Төр дэргэдээ ийм олон софтвер хаусуудыг байгуулах шаардлагагүй. Хувийн хэвшил хийж чадна. Гол нь ЦХХХЯ байгуулагдсанаар стандартаа барьж ажиллая, бичиг баримт солилцоон дээр гэхэд 25 янзын систем ажиллаад мэдээллээ солилцож чаддаггүй байсан. Үүнийг нь шийдэхийн тулд дунд нь Docx нийлүүлж өгөөд мэдээллээ солилцдог болчихсон. Энэ бүгд стандартгүйгээр явж ирсний алдаа. Эрүүл мэндийн цахимжилт ч олон Засгийн газрын үед туршигдсан. Өнөөдөр ийм нөхцөлд байгаа нь эрүүл мэндийн салбар болохгүй байгаадаа биш шүү дээ. Мэдээлэл солилцоо, стандарт, хоорондын уялдаа байхгүй байгаатай холбоотой. Бид уялдааг хангах гэж ЦХХХЯ-ыг байгуулсан. Энэ утгаараа манай яам нэг салбарын асуудал гэхээсээ илүүтэйгээр салбар дундын уялдааг хангах ажлыг хийдэг. Мэдээж Ерөнхий сайд улс төрийн манлайлал өндөр байгаа, энэ ажлыг эхлүүлсэн хүний хувьд дэмжлэг үзүүлж, шахаж шаардаж байгаа учраас ажлууд урагшилж байна.
-Цахим шилжилтэд бүх талын оролцоо чухал байх. Гол сорилт юун дээр гарч ирж байна вэ. Нөгөө талдаа цахимжилтын гол үр дүнг юу гэж харж байна?
-Өнөөдөр "Цахимаар түрүүлж шийдье" гэх хандлагын өөрчлөлтийг нийгэмд төрүүлэхгүй бол болохгүй байна. Жишээлбэл, гадаад пасспорт ХурДан цэг дээр ирээд захиалахад 10 хонодог. Гэтэл ямар нөхцөлд 3 аль эсвэл нэг хоногийн дотор гаргаад байдаг юм бэ гэдэгт иргэд бухимдахаас өөр яах юм бэ. Эмнэлгийн цаг захиалчхаад цагтаа ирээгүй хүнийг оочир дайруулахгүй л байх хэрэгтэй шүү дээ. Цахимаар хүсэлт гаргасан бол түрүүлж авдаг байвал хүн болгон цахим руу хандана. Энэ хэрээрээ хүнд суртал багасна. Цахим шилжилтийг төр, ААН, иргэд бүгдээрээ дэмжиж байж хүнд суртлын эсрэг дайрна.
Цахимжилтыг сайжруулна гэдэг нь хүнд суртал, авлигалыг бууруулж хүнээс хамааралгүй байлгах гээд байгаа зүйл шүү дээ. Хүнээс хамааралгүйгээр зөвшөөрөл олгодог бол, эмнэлэгт цаг захиалдаг бол, үйлчилгээ авдаг бол үүний цаана ашиг сонирхол яригдахгүй. Хүн байгаа цагт хамаатан садан байна.
Хүн байгаа цагт набор, чихэр барьж гүйгээд байна шүү дээ. Энэ болгоныг болиулья. Технологитой хүн хэрэлддэггүй юм байна. Технологи цайндаа орохгүй, амрахгүй, зугаалаад явчихгүй учраас 24/7 ажиллаж байна гэсэн үг.
-Энэ ЗГ-ын үед маш богино хугацаанд 975 мянган мөр өгөгдлийг боловсруулж АТГ-д хүлээлгэн өгсөн. Хууль хяналтынхан ч технологи ашиглах нь зөв юм байна гэдэгт санал нэгдэж байгаа-
-Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааны хүрээнд нийслэлийн газар олголт, тусгай сангуудын мэдээлэл зэргэийг нэгтгэж Shilen.gov.mn-д байршуулсан шүү дээ. Энэ ажил хэр үр дүнгээ өгсөн гэж харж байгаа вэ?
-Саяхан Дубайд очоод Хиймэл оюун ухааны сайдтай нь уулзсан. Дубай хиймэл оюун хариуцсан сайдтай болсон байна. Ахисан түвшинд гарсан гэсэн үг шүү дээ. Хиймэл оюун ухаан төр бүх мэдээллээ нэгтгэсэн цагт хиймэл оюун ухаан ажиллаж эхэлнэ. Хиймэл оюун ухаан гэдэг бол маш их мэдээлэл дээр маш хурдан хугацаанд боловсруулалт хийгээд гаргаж байна гэсэн үг шүү дээ. Мэдээлэлгүй бол гаргахгүй. Тэгэхээр хиймэл оюун ухааныг төр ашиглахад мэдээллээ нэгтгэнэ гэдэг нь хамгийн гол толгойны өвчин. Гэтэл энэ Засгийн газрын үед маш богино хугацаанд 975 мянган мөр өгөгдлийг боловсруулаад АТГ-д хүлээлгэн өгсөн. Хууль хяналтын байгууллагын зүгээс нэг хэрэг мөрдөн байцаагч дээр хэргийн ачаалал асар өндөр байдаг. Гэтэл Шилэн ажиллагааны дүнд энэ мэдээллүүд ирснээр ядахдаа хамаарлыг нь тогтооход хүртэл ахиц гарч, ажлыг нь хөнгөчилж байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Технологи ашиглах нь зөв юм байна гэдэгт санал нэгдэж байсан. Шил ажиллагаа өөрөө төрийн алба хаагчдад хэний ч хамааралгүйгээр ажлаа хийх урам зоригийг өгсөн. Төрд байгаа залуучууд "Хэн ч над руу ярьсан наад мэдээлэл чинь Шилэн дээр байршиж байгаа. Би ямар нэгэн нөлөөлөлд орохгүй" гэж хэлж чаддаг болсон талаараа хэлж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд ч гэсэн хэн нэгэн рүү залгаад "Надад туслаад өгөөч, газар өгөөч" гэж ярихаасаа ичдэг санаа зовдог болжээ. Яагаад гэвэл бүх мэдээлэл Шилэн дээр тавигдаж байгаа. Нууц гэж байхгүй. Тэр байтугай Шилэн дээр тавигдсан мэдээлэл хамаарлыг тогтоож байгаа шүү дээ. Энэ нь төрд ч, нийгэмд ч хандлагын өөрчлөлтийг бий болгосон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд олон жилийн бугшсан асуудлыг шийдвэрлэх гэж хичээлээ. Гэхдээ зөвхөн олон нийтэд зарлаад байхаас илүүтэйгээр тэр олон асуудал, хэргүүдийг ил болгоод шүүхийн хаалганы өмнө авч ирлээ. Мөн Шилэн ажиллагааны хүрээнд төрийн өмнө хэзээ ч нэгтгэгдэж байгаагүй үнэн зөв, бүрэн бүтэн байдал нь хангагдаж байгаагүй мэдээллийг нэг цэгт авч ирээд олон нийтдээ харах боломжийг олгосон.
-Цаашид тухайн сайтад байгаа мэдээллийг илүү боловсронгуй болгох чиглэлд хэрхэн ажиллах вэ. Бас мэдээллийн ашиглалт тал дээр бодлогын түвшинд анхаармаар санагдсан?
-Одоо үүнийг big data болгоод шийдвэр гаргалтад ашиглах ёстой. Жишээлбэл, тухайн дүүргийн нийгэм эдийн засгийн нөхцлийг ганц кноп дараад мэддэг болно. Ухаалаг төр, ухаалаг шийдвэр гэдэг бол мэдээлэлд суурилдаг. Бид Shilen.gov.mn-ийг нээлттэй мэдээллийн сан гэж хуульчилсан. Удахгүй Shilen.gov.mn-ий 2.0 шинэ хувилбарыг танилцуулна. Энэ нь хүмүүст илүү энгийн, ойлгомжтойгоор харах боломжийг бүрдүүлж, хувийн хэвшлийнхэн хөгжүүлсэн.
Мөн Засгийн газрын тусгай сангуудаас 21 сангийн мэдээллийг ил болгосноор 6 сарын дотор 40 тэрбум төгрөг төлөгдсөн байсан.
Тусгай сангийн бүх мэдээлэл түүнд байршчихжээ. Иргэн өнөөдөр тавьсан мэдээлэлд үндэслээд маргааш зээлийн эргэн төлөлтөө хийсэн тохиолдолд мэдээлэл нь шинэчлэгдэж байх ёстой. Энэ эрхийг төрийн байгууллагуудад өөрсдөд нь өгч байгаа. Тэр байгууллагууд зээлээ төлсөн гэдэг мэдээллийг нэмэлтээр хийнэ. Үүнд нь ЦХХХЯ индексийг нь гаргаж байдаг ийм шинэчлэлийг хийсэн. Мөн Шилэн дээр цугларсан бүх мэдээллийг big data болгоод шийдвэр гаргалтад ашиглана. Хувийн хэвшил, ААН-үүд бизнесийн ашиг орлого олохдоо хэрэглэнэ. Сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагууд шүгэл үлээх, асуудал ярих бололцоотой болно.
-Эх сурвалж болгож ашиглах тухайд хэлж байна уу?
-Тийм ээ. Хаанаас эх сурвалж байгаа юм бэ гэхээр төрийн энэхүү эх сурвалжийг хэлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Shilen.gov.mn бол төрийн эх сурвалж шүү дээ. Эндээс хэвлэлийн мэдээ, эрэн сурвалжлах мэдээлэл бэлтгэхэд хаана ч хандахад бодитой эх сурвалж мөн. Манайхан тэндээс хэдэн постер гаргачихаад гол асуудал руугаа орохгүй байна. Орж чадвал нийгэм зөв тал руугаа явна.
Олон жил төрийн нууц, албаны нууц гэж дарж байсан бүхэн алган дээр тавьсан мэт ил болж байгаа нь гол өөрчлөлт гэж харж болно.
-Манай улс цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилсан-
-Салбар бие даасан яамтай болсон шүү дээ. И Монголиагаас гадна бусад онцлох ажлууд нь юу байв?
-Цахим хөгжлийн хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг ЦХХХЯ-наас хэрэгжүүлж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжилтийг хангуулж, Шилэн ажиллагааг өрнүүлсэн. Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд ЦХХХЯ хариуцан штаб байгуулж ажилласан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд 68 мэдээллийг ил болгох үүргийг мэдээлэл хариуцагч нарт хүлээлгэсний дагуу 975 мянган мөр өгөгдөл олон нийтэд ил болоод байна. Эстонид болсон "Нээлттэй засаглалын түншлэл" форумаас Монгол Улсын Засгийн газрыг шилэн, ил тод, цахимжилтыг дэмжиж байгаа бодлогыг үнэлж, нээлттэй засгийн түншлэл хүндэт өргөмжлөлөөр өргөмжилсөн. Мөн цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилсан.
Харилцаа холбооны салбар бие даасан яамтай болсон учраас хатуу дэд бүтцийг сайжруулах ёстой. Монгол Улс өнгөрсөн хугацаанд 330 сумд ямар нэгэн байдлаар үүрэн телефоны оператороор дамжуулан ярьдаг болсон. Тэгвэл үлдсэн 1700 багаас 150 орчим баг огт сүлжээнд холбогдоогүй байсан. Үүнийг шийдвэрлэхийн тулд 150 багийг бүрэн сүлжээнд холбох ажлыг энэ оны төсвөөр шийдэх гэж байна. Мөн манай шиг өргөн уудамтай улсад сансрын хиймэл дагуул хөөргөх ажил гараанаас гарч, Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын үеэр энэ чиглэлд хамтран ажиллахаар болсон. Хэрвээ бүтвэл ажил гараанаас гарч, санхүүжилтийн асуудал шийдэгдвэл манай улсын хаана ч гар утасны сүлжээ барьдаг, интернеттэй, олон суваг үздэг нөхцөл бүрдэнэ. Малаа, модоо тоолох, нарийвчлалтай зураг авах зэрэг нөхцлүүд бүрдэнэ гэж харж байгаа.
-Мөн мэдээллийг нь ашиглахдаа иргэнээс зөвшөөрөл авч, мэдэгдэл очдог болсон?
-Тийм. Кибер аюулгүй байдал, хувь хүний мэдээллийг хамгаалах чиглэлд иргэний мэдээллийг төр ашигласан тохиолдолд танд мэдэгдэл маягаар гар утсанд тань мэдээлдэг болсон. Өнгөрсөн хугацаанд төр иргэнийхээ мэдээллийг ашиглахдаа иргэдэд мэдээлдэггүй байсан. Мөн хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар мэдээллийн эзэн гар утсаараа зөвшөөрснөөр мэдээллийг нь ашигладаг болсон. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалж буй хэрэг юм. Хувь хүний эрх чөлөөг хамгаалах хуулийн дагуу ХЭҮК-тэй хамтран дуу дүрсний төхөөрөмжийн бичлэгүүдийг байршуулах, ашиглахтай холбоотой асуудлыг тодорхойлж өгсөн. Мөн кибер аюулгүй байдлын орчноо бүрдүүлэх чиглэлээр Кибер халдлага зөрчилтэй тэмцэх төв болон Ерөнхий сайдаар ахлуулсан Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс иргэд хэрвээ кибер халдлагад өртвөл нийтийн төв рүү хүсэлтээ илэрхийлдэг, түүнд нь хариу арга хэмжээг авдаг нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа