Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

4Merical Vibes баг: Дуртай тоглоомоо тоглож, амьдралаа босгож байгаа нь бидний хамгийн том аз завшаан

Ангилал
Спорт Ярилцлага
Огноо
Унших
9 минут 21 секунд

Өнгөрсөн арван хоёрдугаар сард Бүгд Найрамдах Турк улсад PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээн зохиогдож өндөрлөсөн. Дэлхийн өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн шилдэг 16 баг Гранд финалд шалгаран өрсөлдсөнөөс Монголын гурван баг хүчтэй өрсөлдөж нэг, хоёр, дөрөвдүгээр байрт тус тус шалгарсан билээ. Нэг, хоёрдугаар байрыг “IHC Esports” болон “Stalwart Esports” багууд эзэлсэн. Мөн тэднийг өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатай, чадварлаг багууд гэдгийг уншигч та бүхэн цөөнгүй мэдэх биз. Тэгвэл анх удаа Дэлхий аваргад оролцож, дөрөвдүгээр байранд шалгарсан Монгол Улсын “4Merical Vibes” багийг энэ удаагийн "New Talents" булангийнхаа зочдоор онцолж байна.

-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Юун түрүүнд “4Merical vibes” баг болон гишүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Анх манай баг 3 жилийн өмнө Б.Мөнхболд /East/, У.Дөлгөөн /Dok/, Archer гэсэн бүрэлдэхүүнтэй “Equinox” нэрийн дор байгуулагдаж байлаа. Гишүүдийн хувьд 2022 онд Б.Оргил-Эрдэнэ /Аpex/ элсэж байсан. Мөн 6 сарын өмнө манай отгон гишүүн элсэн орсон. Улмаар 4Merical Vibes баг үүссэн. Манай багийн гишүүд бүгд 19 настай. Хэн хүнээс хараат бус, дуртай тоглоомоо тоглож амжилт гарган, нэг багийн дор нэгдсэн нь бидний хувь тавилан байх.

-Хамгийн анх хаана, ямар амжилт гаргаж байв?

-Хоёр жилийн өмнө PUBG Mobile сонирхогчдын дунд зохиогдож байсан тэмцээнд Equinox нэрийн дор тоглодог байх үед анхны цомоо өргөж байсан санагдаж байна. Түүнээс хойш олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон. Зарим нэгийг нь сайн санахгүй юм.

-Танай багийнхан PUBG-гаар хэр удаан хичээллэж байна вэ?

-Бидний хувьд тийм ч удаан хичээллээгүй. Хамгийн удаан тоглосон гишүүн гэвэл Н.Даваажаргал /Baron/. 4 жил орчим л тоглож байна. Хүмүүс их гайхдаг л даа. Ийм богинохон хугацаанд яаж мэргэжлийн түвшинд тоглож Дэлхий аваргад хүртэл оролцов гэж. Хүн эхээс төрөхөд ямар нэгэн авьяас заавал өвлөж төрдөг гэж боддог. Түүнтэй адил бидний хувьд ч мөн бага зэргийн авьяас байсан байж магадгүй. Анх тоглож эхлэхэд л үнэхээр энгийн зүйл мэт санагдаж байсан. Гэхдээ мэдээж авьяастай байлаа гээд хүн болгон амжилтад хүрч чадахгүй шүү дээ. Энэ бол 99 хувийн хөдөлмөрийн үр шим юм.

Хөдөлмөрлөсөн хүнд л аз ирдэг. Уйгагүй хөдөлмөрлөж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ингэж байж л үр дүн гарна. Хүмүүс ихэвчлэн зүгээр л тоглоом мэтээр ойлгодог. Гэвч үнэндээ үгүй. Энэ тоглоомыг дэлхий нийт спорт хэмээн авч үзэж шилдгээ шалгаруулах аваргын тэмцээн хүртэл зохиож байна шүү дээ.

-Танай баг Pubg-Mobile дэлхийн аваргын 4 дүгээр байранд орсон шүү дээ. Тэр үеийн сэтгэгдэл ямар байв. Ялангуяа анх удаагаа оролцоод 4 дүгээр байранд шалгарна гэдэг нь маш том амжилт?

-Анхны дэлхийн аварга учир догдлолтой байсан. Мэдээж дөрөвдүгээр байр гэдэг бол чамлахааргүй амжилт. Гэхдээ бидний хувьд өөрсдийнхөө хүссэн хэмжээнд тоглож чадаагүй. Өөрсдийнхөө тавьсан зорилго, хүлээлтээс бага зэрэг доогуур тоглочихсон. Илүү амжилт гаргах бүрэн боломжтой байсан. Гэхдээ тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг тоглогчдын аз одтой үе гэж байна. Манай багийнхны хувьд бага зэрэг аз дутсан байх.

-Монгол Улсад И-Спортыг бусад спорттой харьцуулахад хүмүүс зөвөөр хүлээж авах нь харьцангуй бага байдаг. Анх хичээллэж эхлэхэд нь хүмүүс ойлгохгүй байх зэрэг бэрхшээл байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Анх И-Спорт хэмээн залуучууд ихээр сонирхож эхлэхэд дэмжлэг тун бага байлаа. Гэхдээ тамирчид маань шантраагүй. Dota, CSGO, Mobile Legends, PUBG Mobile гээд төрөл зүйл бүрээр нь ард олондоо өөрсдийгөө нотлон харуулсаар байна. Одоо биднийг дэмжих хүмүүсийн тоо маш их болсон.

Бид ч итгэлийг нь алдалгүй хичээх болно. Гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хувьд анх их дургүйцдэг байсан. Гэхдээ баг бүрдүүлэн тоглож амжилт гаргаж зурагт, сошиалаар харагдаж эхлэхэд бага багаар дэмжиж байгаа нь илт мэдэгдсэн. Улмаар бидний аав ээжүүд баг хамт олны маань бие эрүүл мэндэд анхаарал тавьж, гаргасан амжилт бүрд алга ташаад угтдаг болсон доо.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна?

-Нэг өдөрт дунджаар 3-4 скрим орно. Скрим гэдэг нь хэдэн үе тоглохыг хэлж байгаа юм. Нэг скрим нь 4-5 тоглолттой. Иймээс өдөрт 15-20 тоглолт хийнэ гэсэн үг. Үүнийг бодоод үзвэл 8-9 цаг болж байгаа юм. Гэхдээ энэ нь тогтмол биш. Тэмцээнтэй өдрүүдээс шалтгаалан янз бүр байж болдог.

-Мэргэжлийн түвшинд тоглож эхэлснээр амьдралд нь ямар нэг өөрчлөлт гарсан уу?

-Наад зах нь багаар ажиллах чадварт гарамгай сайн суралцана. Цаашлаад амжилт гаргаснаар тун боломжийн цалин авах учир аав ээж, гэр бүлд минь мөн өөрт маань ч тун эергээр нөлөөлнө. Аливаа тэмцээнд орон орноос цугларсан олон шилдэг тоглогчид чуулдаг учир тэдэнтэй найзалж нөхөрлөснөөр зөвхөн Монгол Улсдаа биш олон улсад ч танилын хүрээ маш өргөн болно.

Бидний хувьд эх орныхоо нэрийг гарган төрийн далбаагаа мандуулж түмэн тамирчны дээр эрэмбэлэгдэж байгаа нь үнэхээрийн бахархууштай.

-Зөвхөн энэ тоглоомыг тоглоод тогтмол хичээллээд явбал PUBG нь амьдралаа аваад явах боломжтой спорт уу?

-Энэ бол маш их эдийн засаг, мөнгө санхүү, нэр хүнд дагалддаг салбар. Өөрсдийнхөө цагийг зөв зарцуулж, зөвхөн энэ зүйлийг л чадна хэмээн цаг зав, хүсэл эрмэлзэл, зорилго ер нь бүх зүйлээ шингээж хичээн, амжилт гаргаж чадвал аж амьдралаа хангалттай авч явж чадна. Манай 4Merical Vibes багийн гишүүд бүгд 19 настай гэхэд өөрсдийгөө бие даагаад авч явах хэмжээнд хүрсэн. Ер нь дуртай тоглоомоо тоглож, амьдралаа босгож байгаа нь бидний хамгийн том аз завшаан гэж хэлж болно.

-Танай багийн хэтийн зорилго юу вэ?

-Энэ жил зохиогдох тэмцээнүүдэд бүгдэд нь аварга авахыг зорьж байна. Гэхдээ сайн багууд их байгаа учир ам гарч болохгүй. Хамгийн том зорилго бол энэ 2024 ондоо Дэлхийн аварга болохыг л маш их хүсэж байна даа.

-Монголд PUBG Mobile-г маш олон хүүхэд, залуус тоглож байна. Тэдэнд та бүхэн шиг тэмцээн уралдаанд оролцож, лигүүдэд тоглох боломж хэр их байдаг вэ. Энэ түвшинд очихын тулд юу хийх хэрэгтэй вэ. Зөвлөгөө өгвөл?

-Тууштай мөн уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Шантрах үе байна. Энэ тоглоомыг тоглоод амжилт үзүүлж чадахгүй юм биш үү, өөр зүйл хийе гэсэн бодол бидний толгойд ч орж ирж байлаа. Гэхдээ бусад хүмүүс чадаж байхад бид яагаад чаддаггүй юм гэсэн хор шараар суралцаж, ур чадвараа сайжруулан улам илүү шат ахиж өсөн дэвждэг. Түүний хүчинд л амжилтад хүрсэн.

Мэргэжлийн тамирчин болохыг хүсэж буй залуустаа хандан хэлэхэд уйгагүй хөдөлмөрлө. Нэг л өдөр амжилт хаалгыг чинь тогшоод ороод ирэх болно гэж хэлье дээ.

Ярилцсанд баярлалаа.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.