Шинэ он гарахад 10 гаруйхан хоног үлдлээ. Яг энэ үед бид үдэх оныхоо алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэж байгууллага хамт олон, найз нөхдөөрөө баярладаг. Тусгайлан зассан тансаг ширээнд найз нөхөд, хамт олноороо тухлаж, шинэ жилийн баяраа тэмдэглэх нь юутай ч зүйрлэшгүй сайхан боловч түүнийг даган гарах зардал нь олон хүнд санхүүгийн дарамт болдог нь нууц биш. Ялангуяа бүсгүйчүүдэд. Шинэ жилийн үдэшлэгийн такс, гоёлын даашинз, үсчинд орох, нүүрээ будуулж, хумсаа янзлуулах, чимэг зүүлт, туфль гээд нэлээдгүй зардал гаргадаг.
Бид нэг шинэ жилд ороход бүсгүйчүүд хэдэн төгрөгийн зардал гаргаж байгааг багшийн дээд орчимд байрлах, үсчин, гоо сайхны газрууд болон гоёлын даашинз худалдаа болон түрээсийн газруудаас тодруулан дунджаар тооцоолон хүргэж байна.
-ШИНЭ ДААШИНЗ ХУДАЛДАЖ АВАХ ҮНЭ ЗАГВАР, ХИЙЦЭЭСЭЭ ХАМААРААД 90.000-1.200.000 ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА-
Шинэ жилд ороход хамгийн түрүүнд толгойны өвчин болдог асуудал бол ямар даашинз өмсөх вэ гэх асуулт. Прокатлах аль эсвэл шинэ даашинз худалдаж авах гэсэн хоёр сонголт бий. Прокатны плажны үнэ хамгийн багадаа 30.000, ихдээ 150.000-180.000 төгрөгийн хооронд байгаа бол шинээр худалдаж авах үнэ загвар, хийцээсээ хамаараад 90.000-1.200.000 төгрөгийн хооронд байна.
Гоёлын нүүр будалт энгийн, гоёлын будалтаас хамааран хамгийн багадаа 35.000 төгрөг хамгийн ихдээ 200.000 орчим төгрөг байна. Харин үс янзлуулах өртгийн тухайд, гоёлын засалт хэр зэрэг ажиллагаа орохоосоо шалтгаалаад 30.000-150.000 орчим төгрөгөөр хийж байгаа бол хумс будалт 30.000-100.000, сормуус хийхэдажлын туршлага, салоны зэрэглэлээсээ хамаараад 35.000-90.000 төгрөгийн хооронд байна.
Шинэ жилд орох таксны мөнгө дунджаар 70.000-180.000 мянган төгрөгийн өртөгтэй байсан юм.
Нийт зардлыг бага мөнгөн дүнгээр нь тооцож үзэхэд охид эмэгтэйчүүд шинэ жилийн баярын цэнгүүнд ороход хамгийн багадаа 400.000 мянган төгрөг, ихдээ 500.000-600.000 төгрөгийн зардал гаргахаар байна.
-ШИНЭ ЖИЛД ОРОХОД БҮСГҮЙЧҮҮД 400-500 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙГАА БОЛ ЭРЧҮҮД ТАКСНЫ МӨНГӨНӨӨС ӨӨР ЗАРДАЛ ГАРГАХГҮЙ БАЙНА-
Харин дараа нь бид эрчүүд болон бүсгүйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, нэг шинэ жилд ороход хэдэн төгрөгийн зардал гаргаж байгааг нь тодрууллаа. Бүсгүйчүүд дунджаар 400.000-500.000 мянган төгрөг зарцуулж байгаа хэмээн онцолсон бол эрчүүд таксны мөнгөнөөс өөр зардал гаргадаггүй гэлээ.
БҮСГҮЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 1: /25-35 насны бүсгүйчүүдийн төлөөлөл/
-Сормуус, маникюр, педикюр, нүүр будалт, үс засалт гээд маш их зардал гардаг. Миний хувьд такснаас гадна бусад зардалд 300-400 мянган төгрөг болох юм байна гэж тооцоолоод мөнгө бэлдсэн байгаа. Зарим хүмүүс 2-3 шинэ жилд орох шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ зардал 2-3 үржигдээд явна гэсэн үг. Ер нь бүсгүйдийн хувьд хамгийн их зарлагатай баяр нь шинэ жил шүү дээ.
БҮСГҮЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 2: /25-35 насны бүсгүйчүүдийн төлөөлөл/
-Зөвхөн өөрийгөө бэлдэхэд, хамгийн багадаа 200-300 мянган төгрөгийн зарлага гардаг. Хэрэв даашинз, гутал гээд явбал бүр ч өндөр дүн гарна. Би энэ жил ганцхан шинэ жилд орох учраас өнгөрсөн жил өмссөн даашинз, гутлаа өмсөж, нүүрээ өөрөө будаад орно гэж бодож байгаа. Хумс, үс, сормуус зэрэг жижиг зардалд 200-300 мянган төгрөг зарцуулах байх. Үүн дээр таксны 160.000 мянган төгрөг нэмэгдэнэ.
БҮСГҮЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 3: /40-50 насны бүсгүйчүүдийн төлөөлөл/
-Би энэ сарын 28-нд байгууллагынхаа шинэ жилд орно. Манай байгууллага төсөвөө хэмнэх үүднээс заавал даазинз гэхгүйгээр өөрт байгаа энгийн хувцаснуудаасаа өмсөж орохоор тохирсон. Эмэгтэй хүн юм болохоор даашинз өмсөхгүй ч үс гэзэгээ янзлуулж, нүүрээ будуулна. Маникюр, педикюр, сормуус хийлгэнэ гээд бусад зардлууд гарч таарна. Хумс, сормуус хоёрынхоо цагийг авчихсан байгаа нийлээд 100.000 мянган төгрөг болсон. Бусад зардлууд нь нэмэгдэхээр 300-400 мянган төгрөг болох байх гэж тооцож байгаа.
БҮСГҮЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 4: /Оюутнуудын төлөөлөл/
-Их зардал гардаг. Би таксаа төлнө. даашинз прокатлана гэж бодож байгаа тэгэхээр 100 мянган төгрөг орчим болох юм шиг байна лээ.
ЭРЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 1: /25-35 насны залуучуудын төлөөлөл/
-Бид хэд чинь хямдхан шүү дээ. Эмэгтэйчүүд шиг шинэ жил болгоноор плаж авахгүй. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг нэг найзаасаа костюм гуйгаад, нөгөө найзаасаа ботинк гуйгаад цомхон орчихдог. Үсээ янзлуулах бас бус жижиг зардлууд нийлээд хамгийн ихдээ 100 мянган төгрөг л болно.
ЭРЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 2: /25-35 насны залуучуудын төлөөлөл/
-Шаардлагатай бол цамц авна эсвэл гутал авна. Хослолыг бол 2-3 жилдээ нэг л сольдог учраас эмэгтэйчгүүдийг бодоход хамаагүй бага зардал гаргадаг.
ЭРЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 3: /Оюутнуудын төлөөлөл/
-Үсээ засуулж, ганц нэг хувцас авна. Таксныхаа мөнгийг төлнө гээд ойролцоогоор 100 мянган төгрөг гарах юм байна гэж тооцсон байгаа. Өнгөрсөн жил бол би таксны мөнгөнөөс өөр нэг ч төгрөгийн зардал гаргалгүйгээр шинэ жилдээ орсон. Ер нь бол эрчүүд зарлага багатай амьдардаг шүү дээ.
ЭРЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 4: /Оюутнуудын төлөөлөл/
-Би өчигдөр сургуулийнхаа шинэ жилд орсон. Таксныхаа мөнгийг урьдчилаад төлчихсөн байсан болохоор үс засуулахаас өөр зардал гараагүй.
Шинэ жилийн баяр өртөг өндөртэй гэдэг ч эрчүүдэд төдийлөн санхүүгийн дарамт үзүүлдэггүй гэдэг нь дээрх ярианаас тодорхой харагдаж байна. Харин эмэгтэйчүүдэд асар их зарлагатай баяр бол яах аргагүй шинэ жилийн баяр гэдэгтэй маргах хүн үгүй биз. Хэрэв байгууллагын шинэ жил, салбарын шинэ жил, аймгийн сумын, найзуудын гэх мэт бүх шинэ жилд орно гэвэл энэ тоо тэр тоогоор үржигдэж нэмэгдэнэ. Тэгэхээр нэг эмэгтэй хамгийн багадаа хоёр шинэ жилд ороход л сарын цалин "баяртай" болохоор байна.