АН-аас Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаа талаар Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл өгсөн. Энэ үеэр АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр,
"Батлан хамгаалахын салбарт үүсэж буй нөхцөл байдал нь тогтолцооны алдаа байгаа. Өнөөдөр ЗХЖШ-ын дарга нь хуулийн дагуу цэргийн мэргэжлийн хүн генерал байх ёстой. Гэтэл БХ-ын сайд нь мөн генерал байдаг. Угтаа БХ-ын сайд нь улс төрийн албан тушаалтан буюу бодлого хэрэгжүүлдэг газар байх ёстой.
Ерөнхий сайд сөрөг хүчин, иргэдээ айлгаад байдаг хэрнэ хамар дор байгаа сайд нь бодлогоо хэрэгжүүлэхгүй байхад таг дуугүй байж байдаг. Ерөнхий сайдад нэг давуу тал бий. Тэр нь Ерөнхийлөгчөөс асуухгүйгээр чөлөөлөх эрх нь байж байдаг. Энэ сайд нараа соль.
Хугацаат цэрэг дээр нэг асуудал байгаа. Энэ нь, оюутан цэрэг хөтөлбөрт бүгд хамрагдах хүсэл, сонирхолтой байгаад байдаг. Яг хугацаат цэргийн албанаас бүгд хүүхдээ авч үлдэх сонирхолтой байгаа. Тиймээс богино хугацаатай үр дүнтэй хөтөлбөр гаргаж, 2-6 сарын дотор цэргийн боловсрол олгох боломж байгаа.
Цэргийн алба хаана гэдэг нь цэцэрлэг ясли биш. Энэ нь сургалтын үйл ажиллагаа болдог. Дээр нь цэргийн ангиудыг шорон шиг байлгаад байдаг. Буутай цэргээр мануулж, хэн ч орж болдоггүй, хаалттай. Энэ болгоныг өөрчлөх цаг болсон.
Ерөнхий сайд аа яг хамар доороо байгаа сайд нартаа хариуцлага тооц. Өнөөдөр Олимпийн сайдаар яг яах юм бэ. Олимпын сайдгүй байсан ч Монгол Улс амжилт гаргаж байсан. Ийм байдлаар ямар ч хэрэггүй сайд нарыг албан тушаалыг бий болгодгоо болъё" гэлээ.