Зочид буудлын үүдэнд таарсан цэнхэр дээлтэй өвгөн “Та нар хэтэрхий л оройтчихлоо доо. Арван жилийн өмнө л ирэх байсан юм” гэж байна. Тамхины ишээ нясалчихаад мотоциклээ торхийтэл асаагаад явж одлоо. Өөр нэг үг хэлснийг нь моторын чимээ, салхины исгэрээ нам дарав. Чиг, зүг асуух гэсэн бид хоёр дугуйтын тоосон дунд нь үлдэв. Эмнэлгийн барилгад засвар хийхээр Сайншандаас ирээд долоо хонож буй эмэгтэй “Өөр аргагүй болохоор эндэхийн урантай махыг л идээд байгаа” хэмээн гэмшингүй өгүүлэх. Энэхүү эмнэлгийг засварлах зардлыг уран олборлож буй “Бадрах энержи”-гээс гаргасан гэхээр даажинтай ч юм шиг. Францын хөрөнгө оруулалттай “Кожеговь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт хайгуул хийж Дулаан уулын орддыг илрүүлэхэд л анх ураны аюул сонсогдсон. Өдий 26 жилийн туршид энэ түгшүүр намжсангүй. Ядаж байхад ураны эсрэг хөдөлгөөнийхөн зарим хувь хүмүүс байсгээд л хоёр толгойтой хурга, найман хөлтэй ишиг, сохор ботгоны зураг, бичлэг үзүүлж биднийгээ айлгасаар...
Өнгөрөгч саруудад Франц, Монголын төрийн тэргүүнүүд харилцан айлчилж, хоёр улсын засгийн газраас энэхүү ордыг ашиглахаар хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр бэлтгэлээ базааж байгаа. Энэ цаг мөчид нутгийн иргэд чухам ямар үзэл бодол, чиг зүгтэй байгааг мэдэхээр бидний хэдэн нөхөд томилолт аваад явж байгаа минь энэ. Дулаан уулын энгэрт хайгуулын нүх өрөмдөж байхад төрсөн нярай хэдийн эрийн цээнд хүрч, үрийн зулай үнэрлэжээ. Энэ хугацаанд Франц, Монголын хамтарсан баг Азийн хамгийн том Зөөвч-Овоогийн ураны ордыг илрүүлж, туршилтаар 10 орчим тонн уран үйлдвэрлэж, техник эдийн засгийн үзүүлэлтийг бүрэн гаргасан гэх. Хайгуулын ажлаа бидэнтэй хамт эхэлсэн Казакстан улс ураны хамгийн том нийлүүлэгч болгоод зогсохгүй тус улсын Засгийн газраас цөмийн цахилгаан станц барихаар зэхэж байгаа. Хүнээр зүйрлэвэл Казакстанууд идэр насны хав, цог золбоогоо гайхуулж буй аав, бид тэнтэр тунтар алхангаа бор хоолондоо орж буй хүү юм уу даа.
НОХОЙД ХАЯДАГ ЭЛЭГ
Шинэ юм бүхэн ямарваа эсэргүүцэлтэй тулдаг нь амьдралын хууль. Уурхай, тэр тусмаа цацраг идэвхт уран олборлоно гэхээр малчдын амьдралд нөлөөлж таарна. Цөмийн цацрагт хордсон япон охин шаналалт өвчнөө түр ч гэсэн мартах гэж цаасан шувуу хийсээр нас нөхчдөг гунигтай дууг монголчууд хэдэн үеэрээ дуулж ирсэн. Укриан дахь Чернобылийн цөмийн станцын ослын талаар бид мэднэ. Газарзүйн хувьд холдоод байхаар нь өөрсдөө ч уранд хордож байсныг “батлаад” Мардайн уурхайн талаар өгүүлсэн кинотой болж авсан. Энэ бүхэн бидэнд өглөө бүр биш юм гэхэд үе үехэн ураны аюулыг сануулдаг. Худал хэлэхээргүй байрын тулхтай эрчүүд ураны цацраг Улаанбадрах сумыг сүйрүүлж байгаа тухай видео нэвтрүүлэг бэлтгэж, энэ сэдвээр төрөлжсөн соошл суваг хөтөлдөг болсныг нийгмийн сүлжээнээс та төвөггүй олно. Тэдэнд итгэсэн өөр олон хүн оруулсан пост, бичвэрийг нь түмэнд түгээж байгаа.
Ураны хайгуул эхэлж байх үед 20 гаруй тугалаа үхүүлсэнээс хойш олонд танигдсан малчин Д.Норсүрэнтэй уулзлаа. Зүүнбаян тосгоноос 50 орчим км зайд байх өвөлжөөндөө буужээ. Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тушаалаар ажилласан ажлын хэсгийнхэн малын үхлийг шалтгааныг хүнд металл, селений ужиг хордлого гэж үзжээ. Малчин Д.Норсүрэн тэрхүү оношд итгэсэнгүй. Гурван жилийн өмнө үхэр, хонь нь бэлчээр дээрээ нүд аньж боом, цусан халдварын хавсарсан халдвараар үхсэн хэмээн мэргэжлийн байгууллагаас тогтоожээ. “Шинжилгээ авсан хүмүүс 18 хоног таг болоод 19 дэх хоног дээр нь би өөрөө залгаж байж боом өвчин гэдэг мэдээлэл авсан юм. Маргааш нь Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга нь 6000 ширхэг вакцинтай ирээд манай малд хийнэ гэсэн. Би хийлгээгүй. Боомын вакциныг энэ хавийн айлын малд хийсэн юм билээ. Хангайд гардаг боом говьд гарна гэж юу байх вэ” хэмээсэн. Гэртээ сууж байгаад нөлөөллийн ажлыг төвөггүй хийж, нийгмийн сүлжээнд “лайв”-аараа төрийн бодлого, орон нутгийн удирдлагаа шүүмжилдэг байсныг “Бадрах энержи” компани болиулжээ. Өвөлжөөнийх нь сүлжээг унагасан гэнэ. Угаасаа тэрхүү сүлжээг нь францууд оруулжээ. Б.Норсүрэн гуай “Өөрсдийг нь шүүмжлээд байхаар чинь өгсөн юмаа авахаас яах вэ” хэмээн хүд хүд инээж сууна.
Мал төхөөрч, идэшээ базааж байх үед нь бид очиж таарсан юм. Цэврүү гүйсэн хонины уушиг харуулж байна. Хоёр байх ёстой өнчин уушиг тав салаалж, хэмжээ нь томорчээ. Гэрийн эзэн “Ийм л болчихоод байгаа юм даа” хэмээн санаа алдав. “Азарга адуугаа гишгэж чадахаа болиод 100 гүүнээс 60 унага төллөж байна. Хээл хаях, зулбах нь их болчихлоо” хэмээсэн. Уурхайн нөлөөллийн бүсэд орших айлуудаар явлаа. Ихэнх айлууд малынхаа гэдэс доторыг хаядаг болсон гэнэ. Малчид энэ байдлаа урантай холбож тайлбарлаж байна. Харин Мал эмнэлгийн ерөнхий газар болон бусад мэргэжлийн байгууллагаас судалгаа хийж говийн бүс нутагт тоосжилтоос үүдэлтэй малын элэгний өвчлөл бий болсныг онцолж байна. Нийгмийн сүлжээнд байсгээд гарч ирдэг эрэмдэг төл хотонд байгаа эсэхийг малчдаас асуулаа. Аргалант багийн малчин Буяндэлгэр “ 10 орчим жилийн өмнө мөлхөө ботго гараад үхсэн” хэмээсэн бол тус багийн малчин Эрдэнэчулуун “үсгүй хурга, ишиг гарч байсан” хэмээн нотлов.
Мөн л нэлээд олон жилийн өмнө гэнэ. Ураны туршилтын үйлдвэрээс таван км зайд орших Мөнхсуурь “Уранд мал хорддог бол манай мал хамгийн түрүүнд үхэх ёстой. Тийм юм алга л байна. Ургийн гажигтай төл гараагүй” хэмээсэн. Мал эмнэлгийн газрын дарга Б.Баярмандахын хэлснээр 2023 онд Улаанбадрах сумаас 80 гаруй дуудлага ирснээс нэг нь гоц халдварт мялзан өвчин байсан бол бусад нь түгээмэл гардаг өвчлөл байжээ. Тэнд мал учиргүй олноор өвчилсөн, хорогдсон тохиолдол алга. Ураны эсрэг хөдөлгөөнийхөн очихоороо хот болгоноос гарч ирээд байдаг хоёр толгойтой хурга, сохор ботгыг олж харсангүй. Статистик мэдээллээс харахад Улаанбадрах сумын мал жилээс жилд өсч, малын өвчлөл бусад сумынхтай жишиг ойролцоо байх юм. Аймгийн Хүнс, Хөдөө Аж ахуйн газрын дарга Ж.Наранболд Малчид мотоцикль машинаар малаа хариулах болсноос үүдэн мал хээл хаях, зулбах нь ихэссэнийг онцолсон.
“МОТО”-Д ДАЙРУУЛСАН “МУТАНТ”
Хөдөөгийн малчдад ураны талаарх мэдлэг, мэдээллийг хамгийн идэвхтэй өгч буй хүмүүс нь ураны эсрэг нэгдсэн хөдөлгөөнийхөн аж. Тэд малчдад тулгарч буй элдэв бэрхшээлийг хуваалцдаг, бусдад дамжуулдаг учир Улаанбадрахчууд тэдний үйл ажиллагааг дэмждэг байсан аж. Гэвч эцэст нь энэ хандлага өөрчилөгджээ. Аргалант багийн малчин эмэгтэй Өнөрцэцэг “Хөдөлгөөнийхөн ч арай дэгсдүүлээд байгаа юм аа. Мотоциклоор дайраад бөгсөн бие нь мэдээгүй болсон ишгийг эзнээс нь 60 мянган төгрөгөөр худалдаж аваад “ураны нөлөөгөөр Улаанбадрахын мал мутацид орж байна” гээд нийгмийн сүлжээнд оруулсан байсан” гэв. Настай малчин эмэгтэйг үхсэн малын сэг дунд уйлж сууж байгаагаар нүүр номын хуудсандаа оруулжээ. Хүүхдүүд нь “муу ёр зөгнөлөө” гэж ээжийгээ загнасан гэнэ. Өдгөө 74 насыг зооглож буй Хөвсгөл сумын иргэн Эрдэнэчулуун “Би уг нь гэртээ ярилцлага өгсөн юм. Яаж тэгж гадаа хотонд, олон үхсэн малын хажууд болгож эвлүүлсэн ухааныг нь олохгүй байгаа” хэмээсэн. Үзэгчдэд хүчтэйгээр нөлөөлөх гэсэн үү, хандалтаа өсгөх арга нь тэр байсан уу бүү мэд. “Улаанбадрахын хүүхнүүд хэвийн төрөхөө болиод удаж байгаа” гэсэн мэдээллийг хөдөлгөөнийхөн гаргаад амжиж. Олон жилийн туршид уурхайн кемп, туршилтын үйлдвэртэй саахалтын зайд амьдарч ирсэн малчин Мөнхсуурь хоёр настай хүүгээ заагаад “Эрүүл саруул төрсөн, сэргэлэн цовоо хүү байгаа юм. Хөдөлгөөнийхний үгэнд үнэмшвэл энэ хүү байхгүй биз дээ” гэж байна. Иргэний хөдөлгөөнийнхний энэ мэт хэтрүүлэг, дэгсдүүлэл өөрсдийнх нь нэр хүндийг нь унагажээ. Хэдий тийм ч малчдын айх айдас, сэтгэл түгшүүр арилсангүй. Аргалант багийн малчин Авирмэд “Хялгана, таана гээд манай говьд малд ашиг шим өгдөг олон төрлийн ургамал ургадаг байлаа. Үүл гараад аргал бүтээхийн зуур бороо асгардаг байсан. Одоо тэнгэр дуугараад салхи шороо болоод өнгөрнө. Шивээ өвснөөс өөр ургамалгүй болсон. Уранаас болж ийм боллоо” гэж байна. Тус багийн малчин Дэлгэрбуян “Бороо орохоо больсон, газрын чийг үгүй болчихоор тэнгэрээс хур орохгүй байна. Учир мэдэх хүмүүс газрын чийг уранаас болж үгүй болсон гэх юм билээ” хэмээсэн. Улаанбаатарт аадарласан бороо, ус Улаанбадрахыг алгасчээ. Настай малчид зутруу зуншсан шалтгаанаа “муу нэрт Тэгшбаяр, муухай нүүрт уран”-луу зүглүүлэх аж. Ургийн гажигтай мал төлийг нүдээрээ харах гэсэн бидний дөрвөн өдрийн эрэл эцэстээ мухардав. Мэргэжлийн байгууллагын ажилтнууд “Хөхөө, Цэгмид нарын зарим хүмүүс ургийн гажигтай төл малыг үзүүлдэг юм. Бид аль хотонд төллөсөн юм, эх нь ямар мал вэ гэх зэргээр шинжилгээ, судалгаанд хамруулахыг хүсдэг. Гэвч сошиал лайвдаа харуулчихаад бидэнд мэдээлэл өгдөггүй явчихдаг. Манай Улаанбадрахын мал гэдэгт нь эргэлздэг болчихоод байгаа” гэв. Хил хязгааргүй мал эмнэлэг олон улсын байгуулагаас малын эмч нар ирж, уурхайн нөлөөллийн бүсэд хоёр жил ажиллажээ. Энэ хугацаанд улаанбаатарчуудыг айлгадаг ургийн гажигтай мал нэг ч гараагүй аж. Уранаас болж мал нь үхдэг гэх нэр бүхий малчид тэрхүү мал эмнэлгийнхэнд мэдээллээ өгөөгүй гэж байгаа.
НҮҮР МУУДСАН “УРАН”, НЭР ГОЁДСОН “ТЭГШБАЯР”
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагчаар ажилладаг бүсгүй “Бодитой асуудал байвал “Бадрах энержи” компанийн үйл ажиллагааг нь хаая” гэсэн саналыг албаны хүмүүст тавьжээ. Нийгмийн сүлжээнд тавигдсан элдэв мэдээлэл, малчдын цөхрөлийг хараад сэтгэл хөндүүрлэсэн нь энэ гэнэ. “Хүн л юм болохоор төрөлх нутгийг минь хордуулж байгаа бол хөрөнгө оруулагч байна уу, хамаагүй тухайн компанид хариуцлага тооцох нь миний үүрэг гэж санагддаг юм билээ” хэмээсэн. Улс, аймгаас гарсан ажлын хэсэгт багтаж, олон удаагийн хяналт шалгалтанд өөрийн биеэр оролцсоны эцэст анхны бодлоосоо буцжээ. “Бадрах энержи” компани нь манай улсын хууль, дүрэм, журамыг мөрдлөг болгоод зогсохгүй өөрсдийн боловсруулсан стандартыг ч чанд сахидаг аж. Зөрчил, асуудал байхгүй учир үйл ажиллагааг зогсоох шалтаг, шалтгаан олдоогүй гэнэ. Харин ч олон судалгааны үр дүнд малын өвчлөл, газар, ус, хөрсний бохирдол нь ураны олборлолттой огт хамаагүй болох нь тогтоогджээ. Үе үеийн Засгийн газраас судалгаа, шинжилгээний баг гаргаж зөвхөн Улаанбадрах сумыг онцгойлон судалдаг нь малчдын гомдол, ураны айдсаас үүдэлтэй. Харин тэрхүү айдсыг өнөөх ураны эсрэг хөдөлгөөнийхөн бодитойгоор бий болгож чаджээ. Настай малчид “Тэгшбаяр гэдэг нэр нь гоёдсон муухай хүн анхнаасаа уран хоргүй гэж Засгийн газрыг ч, олон нийтийг ч хуурч уран олборлох нь тодорхой болчихлоо. Манай аймгаас сонгогдсон хоёр гишүүн малчидтай уулзаад явсан. Ураны үйлдвэр ажиллах юм байна. Залуус, хүүхдүүд маань цаашдаа яах бол” хэмээн санаа зовниж байна. Харин залуу малчид тэднээс өөр бодолтой байх аж. Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр болон энэ чиглэлийн эрдэмтэдийн нийтлэл, яриаг уншиж, сонсож ураны талаарх мэдлэгээ тэлжээ. Тэд хаяанд нь ирсэн айдсаа илүү сайн таних гээд холбоотой мэдээлэл болгоныг шимтэн үзжээ. Эцэст нь “Хяналт сайтай ашиглавал нутаг оронд нь өгөөжтэй, цашлаад нийт Монголчуудад хэрэгтэй төсөл” гэж үзэх болсон гэнэ. Урантай айлсах Улаанбадрах сумын эхний сонин энэ.