Дахин нэг шинэ өглөө. Нийслэлчүүд нэг л сурсан зангаараа амьдрахын төлөө тэмцэнэ. Автобус ч ил хуль. Арын суудал дээр нэг эгч хөөрхөн охинтойгоо элдвийг ярилцан, гар гарнаасаа атган сууна.
Ээж ээ би шинэ куртка авъя...
Буух буудал ч дөхөв. Бөхийн өргөөний Баянзүрх орох гэж байх шиг. Ээж охин хоёрыг дагаагүй ч нэг л чигт бид гурав алхах нь тэр. Тэр хоёр ч бас хүнсээ цуглуулахаар явж байгаа бололтой. Гэтэл охин ээждээ "Ээжээ мах, гурилаа авчихаад би шинэ куртка авъя. Миний куртка багадчихсан" хэмээн шинэ куртка авах хүслээ сэмхэн шивнээд амжив. Гэвч эгч, "Ээжийнх нь цалин буугаагүй ээ. Хоёулаа хүнснийхээ зүйлийг авчихаад буцъя. Цалингаа буухаар шинэ куртка авч өгье" хэмээнэ.
Яг хажууд нь алхаж яваа надад энэ яриа сулхан сонсогдох ч бяцхан охиныг ажвал куртка нь хэдийнээ багаджээ. Арга ч үгүй биз. Хүүхдүүд өдрөөс өдөрт өсдөг юм болохоор өнгөрсөн жил авсан куртка өнөө жил багадаж. Ээжийнхээ хэлсэн үгийг охин ойлгосон уу эсхүл жаахан гомдсон уу хэсэг дуугаа хураав. Ээж охин хоёрын яриаг сэмхэн сонссон надад ээж нь ч бас охиндоо куртка битгий хэл бусад хувцсыг нь ч аваад өгөх юмсан гэж бодсон байх гэх бодол зурсхийгээд өнгөрөв. Ингээд л ээж, охин хоёроос зам салав.
Гадуур хөл хөдөлгөөн ихтэй. Зах худалдааны төвөөр ч хүний хөл тасрахгүй нь. Баянзүрх захын махны тасаг.
Хоёр хоногийн мах авъя. Ястай нь арай хямд ч юм. Ядаж л дараа нь ясаа чанаад идчихнэ...
Ихэвчлэн хижээл насныхан мах худалдан авцгаах аж. Махны чанар ялгаж мэдэхгүй би дэмий л үнийг нь асууна. Хүйтний улирал болоод ч тэр үү адууны мах асуусан ч хараахан ирээгүй бололтой. Харин хонины цул мах 10500 төгрөг, ястай нь 9500 төгрөг гэж байв. Бас л ямар мах сонгохоо мэдэхгүй зогсож байтал хажууд нэг өвөө, эмээ хоёр ирж зогсов.
Тэр хоёр ч бас мах авах гэж байгаа бололтой. Хаанаас ирсэн, хэзээ гаргасан, тарган, туранхай гээд л элдвийг асууна. Худалдагч ч байгаа махаа рекламдаад л. Өвөө, эмээ хоёрын сонголтыг хараад би ч дагаад авчих санаатай. Гэтэл цул мах авбал заавал ястай мах авах ёстой гэнэ. Гэвч өвөө, эмээ хоёр маань их мах авч чадахгүй нь бололтой, "Хоёр хоногийн мах авъя. Ястай нь арай хямд ч юм. Ядаж л дараа нь ясаа чанаад идчихье" гээд махаа авав. Цагийн сайханд айлууд өвлийн идшээ бэлдээд л хэд, хэдээр нь хонь, ямаа гаргаж, ядаж л нэг үхэр аваад идчихдэг байсансан. Гэтэл өнөө цагт махныхаа үнийг ч дийлэхээргүй болжээ. 70 сая малтай л гэнэ. 70 мянган төгрөгөөр нэг гуя ч худалдаж авахад бэрх болсон аж.
Бид ямар үнийг нь нэмээд байгаа биш. Цаанаасаа л ингэж ирж байна...
Цаашаа хэдхэн алхаад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тасагт ирэв. Гэтэл өнөө өндөг чинь хэдийнээ 1000 төгрөг хүрэхэд ойрхон болжээ. Хэдхэн сарын дараа нэг ширхэг өндөр 1000 төгрөг гэвэл гайхах юмгүй. Учир нь өндөг 600 төгрөг гэнэ. 30 ширхэг өндгийг 15000 төгрөгөөр авдаг байсан бол өнөөдөр 30 битгий хэл гурвыг ч авахад халагламаар.
Худалдагч эгч өндөгний үнийг гайхсан хүмүүст хандаж, "Бид ямар үнийг нь нэмээд байгаа бишдээ. Цаанаасаа л ингэж ирж байна" хэмээн уцаарлангуй хэлнэ. Ойрд зах, худалдааны төвөөр яваагүй надад ч гэсэн энэ хамгийн том шок болох нь тэр. Хажуугаар өнгөрөх хүмүүс ч гэсэн өндөг, талхаа авахад хэцүүхэн болждээ хэмээн зөрцгөөнө. Арга ч үгүй шүү дээ. Хамгийн амтлаг, чанартай бас хамгийн хямд гэгдэх атар талх 2500 төгрөг болчихжээ. Нэг л мэдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, өөрсдийн маань цалин шалан дээр хэвтэж байж ч мэдэх юм. Магад энэ бодол хүн бүхний толгойд эргэлдэж байхыг үгүйсгэхгүй юм.
Ердөө хэдхэн хормын дотор таарсан эдгээр хүмүүсийн амьдрал нүдний өмнө зурсхан өнгөрөв. Бас болоогүй би ч бас тэдний нэг шүү дээ. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй үнийн хөөрөгдөлтэй тэмцэж чадахгүй ч нүүр тулж л яваа маань энэ. Зүгээр л бидний амьдрал бусдаас онцгойрох онц гойд зүйлгүй ч яг л нэг хэвэндээ, нэг л урсгалаараа байгаа нь энэ байх. Хүмүүсийн амьдралыг ажиглаад байх ч шаардлага бидэнд алга. Амьдрах гэж хичээж байгаа маань ч гэсэн яг л адилхан байна шүү дээ. Бас бидний өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөж, хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөг хэдхэн өдрийн хоолны материал авахад ч хүрэлцэхгүй байхад яаж хүмүүс хүүхдэдээ шинэ хувцас авч өгч чадах билээ дээ. За мэдэхгүй. Амьдралын бодит төрх ердөө л энэ юм болов уу...