Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг дуулиан “намжаагүй” байна. Дээрх хэргээс гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд цэргийн ангид хүний амь хохирсон 10 гаруй тохиолдсон бүртгэгдсэн байдаг. Үүнээс өнгөрсөн онд гэхэд л зургаан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хууль хяналтын байгууллагад шилжсэн. Тухайлбал, Зэвсэгт хүчний ангид гурав, Хилийн цэрэгт хоёр, Дотоодын цэрэгт нэг хэрэг гарсан байна. Тэгвэл UBN сайт дээрх зургаан хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар нэхэн сурвалжиллаа.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Дээрх зургаан хэргээс харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн нэг, Гэмт хэргийн шинжгүй учраас хэргийг хаасан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тус бүр нэг тохиолдол байна. Мөн шүүхээр шийдвэрлэсэн хоёр, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй нэг хэрэг байгаа” гэх хариултыг өглөө.
Гарсан хэргүүдийг сийрүүлбэл:
2022 оны зургадугаар сар: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай “Н” нь зургадугаар сарын 16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай тусламж авахаар ухаангүй хүргэгдэж, улмаар ходоодны мэс засалд орсон ч нас барсан.
Шийдвэрлэлтийн явц: Хэргийг АТГ-т шилжүүлэн шалгаж байна.
Долдугаар сар: "Зэвсэгт хүчний 167 дугаар ангид цэргийн алба хаагч нь Өмнөговь аймагт барилгаас унаж амиа алдсан.
Шийдвэрлэлтийн явц: Золгүй явдал тул Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар Прокурорт шилжүүлсэн.
Наймдугаар сарын 1: Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд тогонд цохиулж нас барав.
Шийдвэрлэлтийн явц: Шүүхэд шилжсэн
Наймдугаар сарын 6: Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч 21 настай Х усанд живж амиа алдав.
Шийдвэрлэлтийн явц: Гэмт хэргийн шинжгүй тул хаасан
Наймдугаар сарын 7: Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангид Увс аймгаас татагдсан 19 настай, байлдагч “Б” мод бэлтгэж байхдаа модонд цохиулан гэмтэл авч ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн.
Шийдвэрлэлтийн явц: Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн
Есдүгээр сарын 29: Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж, малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч өөрийгөө боомилж амиа алдав.
Шийдвэрлэлтийн явц: Нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгаж байна.
Сануулахад, 2023 он гарсаар зургаан цэрэг амиа алдсан бөгөөд уг хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцлийг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.