Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бямбацогт: Шүүхийн салбар бол оюуны их ундарга, анхдагчдын эх байгууллага

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
27 минут 52 секунд

Шүүхийн захиргааны ахмад ажилтан, “Монгол Улсын гавьяат хуульчид” номын зохиогч, шүүхийн түүх, хуульчдын намтар судлаач Ж.Бямбацогттой ярилцлаа.

-Та шүүхийн байгууллагад хэчнээн жил ажилласан бэ. Анх ажилд орж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Би 1986 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд Улсын дээд шүүх гэх энэ том айлын босгыг алхан орж байлаа. 1986 оноос дадлагажигч ажилтнаар 6 сар ажиллаад, улсын байцаагч болж байснаас хойш шүүхийн системд нийт 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд УДШ-ийн тогтоол гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хөрөнгө оруулалт, хангамж үйлчилгээний хэлтэс болон Шүүхийн хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. Би 1986-1989 он Улсын дээд шүүхэд хүртэл үндсэндээ 3 жил ажилласан.

Намайг 1989 онд Дээд шүүхийн дарга, Гавьяат хуульч, Хууль зүйн доктор Л.Рэнчин гуай өрөөндөө дуудсан юм. Бал дэвтрээ бариад нэлээд халгаад ортол тэр үед Улаанбаатар хотын шүүхийн дарга, Гавьяат хуульч Г.Даштүдэв гуай хамт сууж байсан. Тэр үеийн шүүхийн удирдлагууд бол дэлхий нийтийн хөгжлийн жишгийг эртнээс тун айхтар харж байсан байгаа юм. Ингээд надад Улаанбаатар хотын шүүхийн тогтоол гүйцэтгэлийн ажлыг цахимжуулах даалгавар өгсөн байдаг юм. Тухайн үед нийслэл 4 районтой байсан. Октябрь, Найрамдал, Сүхбаатар, Ажилчны район гээд. Энэ дөрвөн районы шүүх, дээрээс нь Улаанбаатар хотын шүүх нэмэгдээд нийт 5 шүүхийн хорихоос өөр төрлийн ялын бүх төлбөр 5 дансаар орж ирдэг байсан. Энэ тогтоол гүйцэтгэлийн ажлыг цахимжуулах үүрэг даалгаврыг надад өгсөн. Би энэ ажил руу шамдаж ороод жил гаруйн хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг нь хийж гүйцэтгэсэн. Цахимжуулалтын ажлыг шүүхэд анх нэвтрүүлээд хоёр өрөө байраар шагнуулж байлаа. Шүүхийн жинхэнэ алтан үеийн, мундаг шүүгч нарын удирдлага дор залуу наснаасаа эхлээд суралцсан. Миний бүх ажил амьдралын гараа бол шүүхтэй холбоотой. Ажил амьдралын гараагаа эхэлсэн энэ л салбараасаа гавьяаныхаа амралтад гарсан. Шүүх бол босго өндөртэй, их том айл шүү дээ. Энэ их том айлын нэг гишүүн нь болж явсандаа би их баяртай байдаг. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Мөрдөх ёстой хууль нь тэнгэрийнх байдаг учраас хуульчид бол тэнгэрийн томилгоотой хүмүүс гэж би боддог” гэж хэлсэн үг надад байнга бодогддог юм. Тэнгэрийн томилгоотой мундаг хуульчдыг дагаж тэр сайхан алтан үеийнхнээс их юм сурсандаа л өдий зэрэгтэй байгаа болов уу гэж дотроо баярлаж явдаг. Шүүхийн систем тэр дундаа Дээд шүүхэд ажилд орно гэдэг босго өндөртэй байлаа шүү дээ. Тухайн үед Дээд шүүхийн шүүгч гэдэггүй гишүүн гэдэг байсан. Дээд шүүхийн гишүүд гэдэг бол нийгмийн бүхий л салбарт ажиллачихсан, ажил, амьдралын халыг үзэж, хашир суусан үнэхээр л оюун ухаан нь тэгширсэн мундаг улсууд байлаа.

-Ер нь Монголд хуульч, боловсон хүчнийг хэрхэн бэлдэж байсан талаар та сонирхож судалж байсан уу?

-Анх 1949 онд 3 хүнийг Хууль зүйн яамны нэр дээр ЗХУ-д хуулийн дээд боловсрол эзэмшүүлэхээр явуулж байснаас Б.Жавзмаа, Д.Мижиддорж нар нь төгсөж ирж байсан юм байна лээ. Б.Жавзмаа гуай 1954 онд дөнгөж төгсөж ирээд л Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн орлогч дарга болсон байдаг. 1950 оноос өмнө бол Ардын шүүхүүдийг үүсгэн байгуулах бэлтгэл болгож, 1926 оны сүүлчээр Улаанбаатар хотноо Оюутны сургуулийн дэргэд хууль цаазын 6 сарын курсийг хичээллүүлж, 1927 оны хавар 18 хүнийг төгсгөн, Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх хороо болон орон нутгийн шүүхүүдэд ажиллуулж эхэлсэн байдаг. Сүүлд 1953-1954 оны үед хуулийн дунд сургууль байгуулагдсан. Монгол Улсын их сургуульд 1960 оны 10 дугаар сард анх хуулийн салбар 2 багш (Д.Сангиданзан, Д.Лувсаншарав), 35 оюутантай нээгдсэн. Үүнээс хойш дотооддоо дээд боловсролтой хуульчдыг бэлтгэдэг болсон.

-Та шүүхийн захиргаанд ажиллахын хажуугаар “Монгол Улсын гавьяат хуульчид” гээд хоёр цуврал ном гаргаж байсан. Хүмүүсийн намтрыг хэдийнээс сонирхож судлах болов?

-Би сайхан алтан үеийнхэнтэй ажиллаж байсан гэж түрүүнд ярьсан. Энэ улсууд ер нь ямархуу замаар яваад ийм сайхан амжилтад хүрэв, яаж ажлыг хариуцлагатай хийж сурав гэсэн асуулт байсан учраас би анх намтар сонирхож, судалж эхэлсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимэд гуай 1982-1986 онд Дээд шүүхийн дарга байхдаа тухайн үед хамт ажиллаж байсан бүх хүмүүсээ онцлогоор нь цөөхөн үгээр яг голыг нь олоод маш оновчтой тодорхойлоод хэлчихсэн байдаг юм билээ. Жишээлбэл Гавьяат хуульч Ж.Ичинхорлоо гээд олон жил Дээд шүүхийн иргэний коллегийн гишүүн байсан хүнийг “Эмэгтэй хүн гэхэд гэр орноо умартан ажилладаг, судлах, боловсруулах их чадвартай иргэний хэргийн мастер” байлаа гээд тодорхойлсон байх жишээтэй. Үнэхээр л тийм байсан. Намайг өглөө ирэхэд л тэр улсууд ажиллаад сууж байдаг, орой явахад ажиллаад үлддэг. Ар гэр, амьдрал ахуй, ажил төрлөө яаж ингэж зохицуулж сурах вэ гээд л би намтар судлалыг сонирхож эхэлсэн. Ер нь шүүгчийн ажил үнэхээр хүнд шүү дээ. Шүүгч нарыг би яаж тэсдэг юм бол гэж гайхдаг. Олон ч шүүгчтэй хамт ажиллаж байлаа, одоо ч олон шүүгчтэй нөхөрлөж байна. Маш хүнд, үнэхээр стресстэй ажил гэж хардаг. Нэг хэрэг нь шийдэгдлээ гэхэд дараагийн хэрэг гээд тархи нь хэзээ ч амарч чаддаггүй байх. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг тогтоох эцсийн шийдвэр гаргана гэдэг чинь хүнд. Намтрыг нь судлаад үзэхээр үнэхээр л тэнгэрийн томилгоотой тусдаа төрсөн хүмүүс байдаг юм байна гэж боддог болсон. Жирийн хүн бол ийм ачааллыг тэсэх боломжгүй шүү дээ.

-Гавьяат хуульчдын дундаас сонирхолтой намтартай хүмүүс их тааралдана биз?

-Өө их тааралдалгүй яах вэ. 1970 оноос гавьяат хуульч цол анх бий болсон. 1971 онд Р.Цуучил, С.Шайзадаа Ц.Лувсаншарав гээд шүүхийн салбараас анхны гавьяат хуульчид төрсөн байдаг. Үүнээс хойш улсын хэмжээнд 50 жилийн хугацаанд 35 жилд нь л гавьяат хуульч цолыг олгож байсан. Тэгэхээр маш хүндтэй цол байгаа биз. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 120 (2020 оны байдлаар) гавьяат хуульч төрсөн. Энэхүү бүтээлдээ би улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хөл, мөр хүрээгүй газар үгүй болтол зүтгэж, хүн зоныхоо амар амгалан амьдралыг сахиж, хууль ёсыг чанд мөрдүүлэхийн төлөө чөмгөө дундартал хөдөлмөрлөж явсан ийм л хүмүүс гавьяатын жинхэнэ эзэн байдаг юм байна гэдгийг харуулахыг зорьсон. Би одоо “Монгол Улсын шүүхийн түүхэн товчоо” гээд ном бичиж байгаа. Одоогийн байдлаар шүүхийн салбараас 39 гавьяат хуульч төрсөн байна. Шүүхэд ажиллаж байгаад өөр газар руу томилогдож ажиллаж байхдаа гавьяат болсон хүмүүс 20 гаруй байгаа. Үндсэндээ шүүхийн системд ажиллаж байсан 60 гаруй гавьяат хуульч төрсөн байна. Тэгэхээр шүүх бол том айл байгаа биз. Нийт гавьяат хуульчдын бараг 50-аад хувь нь шүүхийн салбартай ямар нэгэн байдлаар холбоотой. Гавьяат хуульчдын намтраас харахад нийгмийн амьдралын тал бүрийн хүрээнд хүч сорьж, амьдралын мөн чанарыг биеэр туулж, юм юм үзсэн, өргөн мэдлэгтэй “Туг ч барьж, тугал ч хариулж явсан хүн л” хүний хувь заяаг шийдэх эрхтэй болдог юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож бахархмаар санагдаж байлаа. Ер нь байгууллагын түүх гэдэг бол хүний л түүх байдаг. Улс орны ч бай, байгууллагын түүхийг ч бай хүн л бүтээж байгаа шүү дээ. Тиймээс би намтар судлалыг сонирхоод байгаа юм. 1920 оод онд шүүхийн систем яаж ажиллаж байв, ямар хүнд бэрхшээл байсан байна гээд түүхэн хүмүүсийн ярилцлага, намтраас маш их зүйлийг мэдэх бололцоотой байдаг. Гавьяат хуульчдын намтраас харж байхад хуульч гэдэг бол төрмөл, асар их тэвчээртэй, юмыг их олон талаас нь тунгааж хардаг, сэтгэлийн их хаттай хүн л хийнэ үү гэхээс биш бас зүгээр зөөлөн сэтгэлтэй ч юм уу шантрамтгай, туйлбаргүй хүн бол хийж чадахгүй ажил. Сайхан явбал сайхан, жаахан эвгүй гишгэвэл эргээд тухайн хүндээ ч салбартаа ч маш хүнд тусаж, толбо үлдээнэ. Тэр ч утгаараа шүүгч хүн, тэр тусмаа гавьяат хуульч хүнд алдах эрх байдаггүй гэж би хардаг.

1927 оны 1-р сарын 7-ны өдрийн тогтоолоор Улсын дээд шүүх байгуулсныг баталж, анхны даргаар Г.Гүрсэдийг томилж байсан. Тэрнээс хойш 96 жилийн хугацаанд Дээд шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр 23 хүн ажиллаж байсан байна. Бас л их тогтвортой ажиллаж ирсэн байгаа биз. Эдгээр хүмүүсийн намтрыг судлахад хүн болгон өөрийн гэсэн онцлогтой. Дарга болгон тухайн үедээ асар их юм бодож сэтгэж хийж байсан нь харагдана. Жишээ нь 1986-1990 онд Улсын дээд шүүхийн Л.Рэнчин дарга анх “Шүүх засаглал” гэсэн томьёоллыг дэвшүүлж, шүүх “шударга үнэний хүрээлэн” байх ёстой гэсэн зарчмын уриа гарган ажиллаж байсан байдаг.

1960-1970 онд Дээд шүүхийн даргаар ажиллаж байсан Х.Дамдин гуай дурдатгалдаа: МАХН-ын Төв Хорооны гишүүн байсны хувьд Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Ц.Лоохууз нарыг “шүүсэн” хэрэгт оролцож явлаа. Тэр Бүгд хурлын гишүүдээс үг хэлээгүй хоёр хүний нэг нь Гадаад явдлын яамны сайд Мангалын Дүгэрсүрэн бид хоёр. Ю.Цэдэнбал дарга Бүгд хурал дээр яагаад үг хэлээгүй вэ? гэж асуусан. Би “Дээд шүүхийн дарга хүн улс төрийн хурал дээр хамгаалсан үг хэлбэл хүмүүс надаар асуудлаа шийдүүлэхгүй болно шүү дээ.” гэсэн. Дарга жаахан бодсоноо “Тийм нь ч тийм шүү” гээд явуулсан.” хэмээн өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд Шүүхийн дарга, шүүгчид улс төрөөс ангид байх ёстойн үлгэр жишээ эндээс харагдах жишээтэй.

Ер нь шүүхийн дарга бол 1992 оноос өмнө ганц шүүн таслах ажлаа дагнадаггүй, орон нутгийнхаа захиргааны ажилд их оролцдог одоо тэр хадлан тариа, малын тооллого, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд бүх юманд дайчлагддаг байсан. Тухайн сум, аймаг, хотын ажилд маш их дайчлагдаж байсан нь харагддаг. Учир нь тухайн үед шүүх бол орон нутгаасаа санхүүждэг байсан учраас л тийм байсан байх.

Намтар судлалын бүтээлийг агуулга чиглэлээр нь ерөнхийд нь таван төрөл болгон хуваан үздэг. Би бол зөвхөн нэг төрлөөр нь буюу намтар судлалын лавлагааны төрөлд хамааруулан бүтээлээ хийхийг зорьсон. Энэ төрлийн судалгааны ажил нь тухайн хувь хүний үйл ажиллагаанд нухацтай үнэлэлт дүгнэлт өгдөггүй боловч түүний амьдрал, үйл ажиллагааны талаар цаашид гүнзгийрүүлэн судлахад зайлшгүй анхаарвал зохих мэдээллийг агуулдгаараа онцлог байдаг.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ой тохиож байна. Та энэ байгууллагад ажиллаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Би 2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийг бие дааж байгуулагдсан үеэс эхлээд ажиллаж байгаад өнгөрсөн жил гавьяаныхаа амралтад гарсан. Үнэхээр сайхан хамт олонтой ажилласандаа би баярладаг юм. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж гуай, тухайн үеийн гишүүд бол бие даан байгуулагдсан ШЕЗ-ийн эх суурийг маш сайн тавьсан гэж би боддог. Шүүхийн байгууллагад насаараа ажиллачихсан салбарынхаа зовлон жаргалыг мэддэг хүмүүс ирж шүүхийн захиргааны байгууллага ямар түвшинд явж байна эргээд хэдэн жилийн дараа ямар түвшинд очих вэ гэдгийг том зургаар нь харж байсан байна. Цаашид дахиад ч илүү сайжирна гэдэгт би итгэдэг.

-Таныг анх орж байхад ШЕЗ одоогийн энэ байрандаа орсон байсан уу?

-Энэ анх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн барилга гээд шавыг нь тавиад барьж дуусгаагүй 2008 оноос 2013 он хүртэл царцаасан барилга байсан. 2013-2015 онд шүүхийн хөрөнгө оруулалтад 9 тэрбум төгрөг тавигдаад ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва, Т.Мэндсайхан нар маш богино хугацаанд барилгыг ашиглалтад оруулах үүрэг бидэнд өгсөн. Өдөр болгон ирж гүйцэтгэл шалгана. Ердөө 7-8 сарын хугацаанд 2013 оны 11 сарын 18-нд ашиглалтад оруулчихсан. Манай шүүхийн хөрөнгө оруулалт, хангамж үйлчилгээ хэлтэс тэр үед бараг 40 гаруй хүнтэй байсан. Олон ч хүний хүчээр тэгээд удирдлагуудын шуурхай чиглэлээр ажлын ард гарч байлаа. 2014-2015 онд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өргөтгөлийн царцаасан барилга, шүүхийн сургалтын “Баяндөхөм” цогцолборыг бас ашиглалтад оруулсан. Эргээд харахад ямар ч ажил гурван үеийн холбоон дээр л явдаг. Залуучуудын эрч хүч, дунд үеийнхний мэдлэг, чадвар, ахмадуудын туршлага. Ердөө ийм гурван юман дээр улс орны түүх, байгууллагын түүх, ажлын амжилт бүтдэг гэж би боддог. Яагаад гэвэл би өөрөө энэ замыг тууллаа шүү дээ.

Ямар сайхан шүүхийн алтан үеийнхэнтэй ажиллаж байв биднийг яаж халамжилж хүмүүжүүлэв. Дунд үеийнхэн яаж тусалж байв ахмад үеийнхэн яаж тусалж байв. Ердөө ийм холбоо байхгүй бол ажил явахгүй. Үнэндээ би шижигнэсэн сайхан залуучуудтай ажиллаад л энэ их ажлын ард нь гарч байсан. Үнэхээр сайн залуучууд одоо манай П.Ариунболд, Ц.Цэдэндамба гээд хоёр чадвартай инженертэй, референт Б.Мөнхдөл, Б.Булганцэцэг, Ш.Мааний, Т.Алтангэрэл, Б.Нармандах гээд л менежерүүд, жолооч, үйлчлэгч, харуул, барилга засварын бригадынхан гээд л хүн бүр л хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан даа. Нэрлээд байвал олон хүн бий. Ийм л сайхан хамт олны хүчээр л энэ ажлын ард гарч байсан.

Ажилласан газар бүрдээ жоохон ч гэсэн мөрөө үлдээж явах юм сан гэсэн зорилго надад байдаг юм. Миний аав, ээж намайг тэгж хүмүүжүүлсэн. Социализмын үеийн хүмүүжилтэй бид нарын үеийн улсууд бол бараг бүгд тийм бодолтой. Өөрт ямар нөөц боломж байна, тэрийгээ ашиглаад хүнд тустай, нийгэм, байгууллагад үлдэцтэй зүйл хийе гэж хүсдэг. Энэ ч утгаараа би гавьяаныхаа амралтад суусан ч намтар судлал, шүүхийн түүхтэй холбоотой ном бичээд сонирхолтой ажлаа хийгээд завгүй амьдарч байна даа.

-Та 2023 оныг хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. Таныг ажиллаж байх үед шүүхийн төсөв автомашин, байр гээд хэр хүрэлцээтэй байв?

-Урьд нь бол 1993 оноос өмнө шүүхийн орон тоо, унаа машин гээд санхүүгийн бүх асуудлыг тухайн орон нутгийн засаг захиргаа хариуцдаг байсан. 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хуулиар шүүх бие даасан төсөвтэй болсон байдаг. Харин 2013 онд бол шүүхийн захиргааны байгууллага ШЕЗ бие дааж байгуулагдсанаас хойш шүүх өөрсдийнхөө эрх мэдлийн хэмжээнд төвлөрсөн төсвөө зарцуулаад хаана аль шүүхэд, юу шаардлагатай байна вэ гэдгээ өөрсдөө төлөвлөөд асуудлуудаа зохицуулаад явах боломжтой болсон. Гэхдээ төсөв өнөөдөр хүрэлцээтэй байна уу үгүй юү гэдэг асуудал бол бас өөр. Хэдийгээр бид нар өөрсдөө төвлөрсөн төсөвтэй болчихсон ч шүүх байгууллага өнөөдөр Улсын их хурал дээр очоод л төсөв мөнгөө батлуулахаар Сангийн яам бусад эрх бүхий байгууллагуудаас хасаж танах асуудлууд одоо хүртэл байгаа.

Тийм учраас шүүхийн барилга, шүүх танхим хүрэлцээгүй, сүүлийн 9 жилийн турш хөрөнгө оруулалтын төсөвт нэг ч төгрөг төсөвлөгдөөгүй маш хүнд нөхцөл байдалтай байна. Гэтэл шүүхийн хэргийн ачаалал бол жилээс жилд нэмэгдээд есхөн жилийн дотор хоёр дахин өссөн байдалтай байгаа.

Шүүхийн авто машин, техник тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа дуусчихсан. Дэд бүтцийн асуудал хүндрэлтэй. Ийм хүнд нөхцөлд өнөөдөр шүүх үйл ажиллагаа явуулж байгаа. Санхүү хангамж, үйлчилгээ хариуцаж байсны хувьд харахад байдал үнэхээр л хүндрэлтэй. Одоо яаралтай энэ асуудлыг шийдэхгүй бол ерөнхийдөө шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болоод эхэлчихсэн байгаа.

-Тантай ярьж байхад монголд хамгийн анхны нээлттэй шүүх хуралдаан 1926 онд болж байсан гэж хуучилж байсан. Энэ талаар тодруулаач?

-Монголын хамгийн анхны нээлттэй шүүх хуралдаан 1926 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Монголын хилийг нэвтрэн хязгаарын цэргийг эсэргүүцэн буудалцсан хэргээр оргодол, дээрэмчин Зөвлөлийн Засагт Холбоот Улсын (хуучин нэрээр) харьяат Чита хотын 19 настай Барматов Инкетий Николаевич нарт холбогдох хэргийг ардчилсан ёсыг баримтлан олон нийтэд нээлттэйгээр таслан шийтгэж байсан түүх байдаг. Барматов гэгч нь Тува улсад дээрэм хийж, оргож зугтаад Монголын хилээр орж ирэхдээ бас буудалцаж, маш дуулиантай хэрэг өдүүлсэн байдаг. Тухайн шүүх хуралдааныг Засгийн газрын дэргэд байгуулагдсан Түр цагийн (зуурын) шүүхийн анхны дарга, нам төрийн нэрт зүтгэлтэн Хорлоогийн Чойбалсан удирдаж, төлөөлөгчдөд (Түр цагийн шүүхийн гишүүд) С.Дэлгэрсан, Н.Насанбат нарыг байлцуулан хийж байсан юм билээ. Энэ нь тухайн үедээ эртнээс нааш үзэгдэж, сонсогдоогүй маш сонин, содон үзэгдэл байсан. Тиймээс ч шүүхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Ард түмэнд цочроо өгсөн, хууль шүүх гэдгийг ойлгуулж, мэдрүүлсэн түүхэн хурал болсон байдаг.

-Хэлмэгдүүлэлтийн шуурганд шүүгч нар бас ихээр өртөж байсан гэдэг. Энэ талаар та сонирхож судалж байв уу?

Монголын улс төрийн нэн ээдрээтэй 1930-1940 оны хүнд жилүүдэд шүүхийн удирдлага, шүүгчийн үүргээ үнэнчээр гүйцэтгэж байсан БНМАУ-ын Дээд шүүхийн болон аймаг хот, цэргийн шүүхийн дарга, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хууль ёсыг мөрдүүлэх, шударга үнэн байсныхаа улмаас улс төрийн хэлмэгдэлд өртөн амь насаа алдсан, хорих ялаар шийтгүүлсэн гашуун түүх шүүхийн байгууллага, ажилтныг тойроогүй, дайраад өнгөрсөн. Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос эрхлэн гаргасан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал Цагаан ном гээд 4 боть ном бий, энэ номоос судалж үзэхэд 59 хүн хэлмэгдсэнээс 30 гаруй хүн нь яг шүүхийн системд ажиллаж байхдаа хэлмэгдсэн, 20 гаруй хүн нь болохоороо шүүхийн системд ажиллаж байгаад өөр байгууллагад ажиллаж байх хугацаандаа хэлмэгдсэн байна лээ. Судалгаанаас харахад шүүхийн даргаар ажиллаж байхдаа ялын дээд хэмжээ авсан хүн хүртэл байдаг.

Ёндонгийн Лэнзэн гэж хүн 1930 онд Улсын дээд шүүхийн гишүүн, 1931 онд Төв аймгийн прокурор болоод тэгээд аймгийн шүүхийн даргаар ажиллаж байхдаа ялын дээд хэмжээ авсан байдаг. Ялын дээд хэмжээ авсан шалтгаан нь Ё.Лэнзэнг шүүхийн дарга байхдаа 1935 онд Улсын худалдааны дарга Түшигцоодолд, 1936 онд Эрүүлийг хамгаалах яамны Хий судлалын больницын дарга Жав нарт тус тус элсэгдсэн, эрүү, иргэний хэргүүдийг удаан хугацаагаар дарагдуулж зориуд буруу шийдэж, ард олны гомдол тэмцлийг ихэсгэсэн... зэрэг шалтгаанаар ялын дээд хэмжээ өгсөн байдаг. Ё.Лэнзэнг Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 165 дугаар тогтоолоор нэр төрийг нь сэргээн цагаатгасан.

Тэгэхээр бас л хүнд байсан байгаа биз. Би энэ номд тэдгээр хэлмэгдсэн 59 хүнийг аль аймаг нутгийн хүн байв, ямар шалтгаанаар ямар албан тушаал хашиж байхдаа хэлмэгдээд ямар ялаар шийтгүүлж байсан талаар нэг бүрчлэн бичсэн байгаа.

-Та гавьяаны амралтад гараад хийх ажлаа эртнээс төлөвлөж бэлтгэж байсан уу?

-Тэгэлгүй яахав. Судалгааны ажлыг хийе, гурав дахь номоо гаргая гээд төлөвлөж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Түүх намтар судлах бол тийм амар гарын үзүүрээр хийдэг ажил биш. Одоо жишээлбэл 1911 оноос хойших түүхийг судалж байхад 1946 он хүртэлх бүх баримт уйгаржин монгол бичгээр бичигдсэн байдаг. Одоо ажиллаж байгаа “Монгол Улсын шүүхийн түүхэн товчоо” номд гэхэд 200 гаруй хүний түүх намтар орж байгаа. Шүүхийн салбарыг оюуны их ундарга гэж хараад байгаагийн учир ч бас энэ номд тодорхой орсон. Монгол Улсын хууль зүйн салбарын анхны шинжлэх ухааны доктор Р.Гүнсэн гэхэд 1974 онд Дээд шүүхийн даргаар ажиллаж байхдаа шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалсан. Монгол Улсын хууль зүйн салбарын анхны эмэгтэй эрдэмтэн Хууль зүйн доктор Ц.Бүжинлхам гэхэд Дээд шүүхийн Эрүүгийн коллегийн гишүүн байсан. Мөн Монголын Улсын анхны гавьяат хуульчид болох прокурор Г.Дамдинсүрэн, С.Батсүх нар ажлын гараагаа шүүхийн байгууллагаас эхэлж байсан түүхтэй юм байна лээ. Тиймээс л шүүх бол оюуны их ундарга, анхдагчдын эх байгууллага, их айл байгаа биз.

Би 1911 оноос хойших шүүхийн байгууллагын түүхэн замнал, Монгол Улсын шүүхийн дээд байгууллага Улсын Дээд шүүхийн 97 жилийн түүхэн товчоог Монгол Улсын Үндсэн хууль ёсоор шүүхийн байгууллагын бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэгч Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан сонирхогч – судлаачийн түвшинд бүтээхээр зорьж байна.

-Ном, судалгааны их ажлын хажуугаар цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье!

Ярилцсан Г.Буянхишиг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.