Өсвөр насны хүүхэд холбогдсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 49 секунд

Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос санаачлан Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран өнөөдөр (2026.03.27) “Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд, Ханнс Зайделийн сангийн Эрх зүйн хөтөлбөрийн зохицуулагч С.Амармэнд нар нээж, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалсан, насны онцлогт нийцсэн шүүн таслах ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, ялын бодлого болон эрх зүйн орчны шинэчлэлтэй уялдуулах шаардлага тулгарч буйг онцлон тэмдэглэв.


Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хэлэлцүүлэгт цахимаар оролцож, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг танилцууллаа. Хуулийн төслийн хүрээнд өсвөр насны хүний холбогдсон эрүүгийн хэрэгт хүүхдийн нас, сэтгэлзүйн онцлогт нийцсэн ялгаатай ажиллагаа хэрэгжүүлэх, хүүхэд хохирогч, гэрчээр оролцож буй тохиолдолд сэтгэлзүйн дарамтаас хамгаалсан, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг тэрбээр онцлов.


Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд Канад Улсад туршлага судлан ажиллаж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт цахимаар оролцож, Канад Улсын Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн тогтолцоо, өсвөр насны хүний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тусгайлсан ажиллагааны талаар мэдээлэл танилцууллаа. Мөн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах зарчимд тулгуурласан шүүхийн ажиллагаа, олон байгууллагын хамтарсан оролцоо, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх нь өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор Х.Эрдэм-Ундрах “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн чиг үүрэг: Ялын бодлого ба байгууллагуудын уялдаа холбоо” сэдвээр илтгэл тавьж, хүүхэд гэмт хэрэг үйлдэж буй шалтгаан нөхцөлийн 90 гаруй хувь нь ядуурал, гэр бүлийн орчин, боловсролын хүртээмж, үе тэнгийн сөрөг нөлөө зэрэг нийгмийн суурь хүчин зүйлсээс үүдэлтэйг онцлов. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, архидалт нь хүүхэд гэмт хэрэг үйлдэх суурь нөхцөл болж байгааг дурдлаа. Тиймээс нийгмийн үнэт зүйлийн өөрчлөлтийг хангах, хүүхдэд чиглэсэн зөв шийдвэр гаргахын тулд шүүх эрх мэдлийн байгууллага төдийгүй мэргэжлийн бүх байгууллага мэдээллийн нэгдсэн систем, салбар дундын мэргэшсэн баг, шүүхийн дараах хяналтын механизмын түвшинд уялдаа холбоогоо бэхжүүлэн, хандлага сэтгэлгээнээсээ өөрчлөлтийг эхлүүлж ажиллахыг хүсэв.


Тус илтгэлийн дараа Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Б.Өнөрмаа, “Өсвөр насны хүнд холбогдох хэргийн нөхцөл байдал”, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах нь”, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Х.Наранбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгаалал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.


Мөн хэлэлцүүлгийн хүрээнд Канад, Япон, ХБНГУ-ын өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо, прокурор болон шинжээчийн оролцооны туршлагыг олон улсын экспертүүд цахимаар танилцуулж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой арга зүйн талаар санал дэвшүүлэв.


Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд хамгааллын стандартыг илүү тодорхой тусгах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсрууллаа.


Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөллүүд оролцов.

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 12 тохиолдол батлагджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурханы 12 тохиолдол батлагджээ
 
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч 2 цагийн бичлэг байхгүй
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч 2 цагийн бичлэг байхгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!