Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тус салбарын хүрээнд хамтран ажилладаг ТББ-уудтай Өглөөний уулзалт-хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж буй.
Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай уулзалт зохион байгуулж тэдний санал хүсэлтийг сонсож, цаашид хамтран ажиллах чиглэл зорилгоо тодорхойлсон.
Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийгмийн халамжийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэж байгаа ТББ-уудын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийлээ.
Уулзалтад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, асрамжийн үйлчилгээ болон амралт сувиллын үйлчилгээ үзүүлж байгаа 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нээж, нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд нийгмийн халамжийн мөнгөн тэтгэмж, тусламжуудыг оновчтой болгож зорилтот бүлэгт илүүтэй чиглүүлэх, харин бусад улс орнуудын жишгээр бэлэн мөнгөний бус үйлчилгээ буюу зорилтот өрх, иргэний зан үйл, хандлагыг өөрчлөх, бие даан амьдрах чадвар дадлыг хэвшүүлэхтэй холбоотой шинэ төрлийн үйлчилгээг нэмэгдүүлж, чадавхтай, мэргэшсэн ТББ-ын хамтын оролцоотой урт хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаар оролцогчдод танилцуулсан.
Уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчид халамжийн үйлчилгээг гэрээлэн хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудал, хүндрэл бэрхшээл, цаашид хамтран шийдвэрлэх боломж бололцооны талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн хууль тогтоомжид тусгах шаардлагатай саналаа бичгээр өгч, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээтэй холбоотой журам, аргачлалыг шинэчлэн сайжруулах чиглэлээр ажлын хэсэг гаргаж хамтран ажиллахаар боллоо.