Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 64 хувийг буюу 8228 суралцагчийг бүх шатны боловсролын үйлчилгээнд хамруулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 49 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн хийсэн мэдээллийг сонсов.

Тэрбээр "Төрийн албанд 2022 оны байдлаар нийт 4864 хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байгаагаас 0.5 хувь нь удирдах албанд, 57.7 хувь нь гүйцэтгэх албанд, 37.1 хувь нь туслах албанд ажилладаг. Үүнээс 87 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байна. Энэ нь төрийн захиргааны албан тушаалд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломж нөхцөл хангалтгүй байгааг илтгэх нэг үзүүлэлт юм. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн захиргааны албан тушаалд ажиллах боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд 2 дахин бууруулсан зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлтээр тусган УИХ-аар энэ онд батлууллаа.

Мөн 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулан ажиллаж байна.

2022-2023 оны хичээлийн жилд нийт хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 64 хувийг буюу 8228 суралцагчийг бүх шатны боловсролын үйлчилгээнд хамруулж байна. Боловсролын түвшнээр авч үзвэл, сургуулийн өмнөх боловсролд 1498, ерөнхий боловсролд 5673, мэргэжлийн боловсролд 643, дээд боловсролд 414 суралцагч суралцаж байна.

Шинэ төрсөн нярай бүрийг 4 төрлийн скрининг шинжилгээнд (нярайн түнхний хэт авиан скрининг, нярайн сонсголын скрининг, дутуу нярайн ретинопатийн скрининг, бодисын солилцооны скрининг) хамруулах ажлыг хэрэгжүүлж байна. Нярайн скрининг шинжилгээ нь эмнэлзүйн шинж илрээгүй байхад оношилж, эрт эмчилгээнд хамруулснаар оюуны хомсдол, өсөлтийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээл, эндэгдлээс сэргийлэх боломжтой юм. Мөн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд ургийн төрөлхийн зүрхний гажиг, хромосомын шинжилгээ хийж байна. Ингэснээр ургийн хөгжлийн ямар нэгэн гажгийн эрсдлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх магадлалыг бууруулах юм" гэлээ.

ДУЭЛЬ: Х.Нямбаатар VS Т.Доржханд /Хотын хууль/
ДУЭЛЬ: Х.Нямбаатар VS Т.Доржханд /Хотын хууль/
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц