УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь санаа зовинож буй асуудлын нэг гэдгийг онцлоод энэ чиглэлд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад нь анхааруулсан юм.
Мөн түүнчлэн энэ үеэрээ "Хүүхдийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгаалах хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд тэр тусмаа эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Энэ чиглэлд Нийгмийн бодлогын байнгын хороо болон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хороо, УИХ дахь хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд онцгой анхаарал хандуулж, ойрын үед шийдвэртэй арга хэмжээ авахыг үүрэг болгож байна" гэв.