Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын бусад гишүүд Архангай аймагт ажиллаж байна.
Энэ үеэр тус аймагт шинээр баригдаж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явц болон Булганхангай шинэ суурьшлийн бүсийн инженерийн дэд бүтэц,зам талбайн тохижилт, Цэцэрлэгт хүрээлэнгийн танилцуулгыг сонслоо.
Архангай аймгийн хувьд 60 га талбайд шинэ суурьшлийн бүс байгуулахаар төлөвлөж, ажлаа эхлүүлээд буй.
Эхний ээлжид 20 га талбайд 120 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, Усан бассейн, 320 хүүхдийн сургууль, спорт заал, 100 хүүхдийн дотуур байр, аймгийн Онцгой байдлын газар, Багш хөгжлийн төв, аймгийн Прокурорын газар, 600 хүний суудалтай Хөгжимт драмын театр, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хамт баригдаж, өнөөдрийн байдлаар 63,2 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа юм.
Энэ ажлын хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 300 ортой шинэ барилгыг барьж, барилгын ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус барилга нь 13800 м2 талбай бүхий 5 давхар, Хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, Амбулаторийн тасаг, Халдварт сүрьеэгийн тасаг, Ариутгал угаалга, Хүчилтөрөгч, Уурын зуух, Дэд өртөө, Дизель станцын барилга гэсэн 8 блокоос бүрдэж байгаа аж.
Тус эмнэлэгийн нийт төсөвт өртөг нь 25.2 төгрөг бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй.
Булганхангай суурьшлын бүсийн 40 га талбайн бүтээн байгуулалтад, 129 айлын амины орон сууц, 8 байршилд 1500 айлын орон сууцны газар олгогдоод байгаа бол Хүүхэд, залуучуудын үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 640 хүүхдийн сургууль, 150, 240 хүүхдийн цэцэрлэг зэрэг барилгуудын зураг төслийн ажил хийгдэж эхэлжээ.
Мөн Монголын түүх соёлын музейн цогцолборын барилга, Зооноз өвчин судлалын төв , Улсын бүртгэл хэлтэс газар байгууламжийн зураг төсөл нь хийгдэж байгаа талаар танилцууллаа.
Архангай аймгийн нийт өрхийн 17 орчим хувь нь л орон сууцад амьдардаг бол энэхүү суурьшлийн бүс байгуулагдсанаар орон сууцны хангамж 45-50 хувиар нэмэгдэх аж.