Хэдийгээр хүмүүсийн улаан гарагт хүрэх зам нь нээлттэй байгаа ч хараахан тэнд хэн ч хөл тавьж амжаагүй байгаа билээ.
Энэ зун дэлхий болон ангараг гараг хоорондоо хамгийн их ойртож байгаа үе бөгөөд уг завшааныг ашиглан Арабын Нэгдсэн Эмират улс, Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Хятад Улсууд ангараг гарагруу станц хөөргөхөөр зэхэж байгаа юм.
Тус гурван улсаас хамгийн эхэнд сансрын станцаа хөөргөх улс нь АНЭУ бөгөөд ангараг гарагийн агаар мандлын зургийг цогц хэлбэрээр дарах төлөвлөгөөтэй байгаа аж. Хөлгийг энэ долдугаар сарын 15-нд хөөргөх байсан боловч цаг агаарын байдлаас хамааран өөрчлөгдснөөр энэ долоо хоногийн сүүлчээр Япон улсын газар нутгаас хөөрөх бэлтгэлээ хангаж байгаа юм. Ингэснээр Арабын улсуудаас түүхэндээ анх удаа гараг хооронд станц хөөргөсөн үйл явдал болох юм.
Одон орон гэх зэрэг салбараар эдийн засгаа төрөлжүүлэх нь АНЭУ газрын тосны давамгайллаа сааруулах бодлого юм. Өнгөрсөн жил гэхэд л тус улсын ДНБ-ний 30%-ийг газрын тос дангаараа эзэлж байжээ.
АНЭУ-ын засгийн газрын хүсч байгаа зүйл нь Эмиратын Ангараг төлөвлөгөө гэх зэрэг санаачлагуудаараа өсвөр үеийнхэн болон залуусыгаа STEM буюу ШУ, Технологи, Инженерчлэл, Математикын чиглэлээр суралцахад нь уриалал, урам зориг болгож байгаа юм. Ингэснээрээ залуу үе нь Эрдэм шинжилгээний салбар, Аж үйлдвэрийн салбар болон Эдийн засгийн салбарыг багтаасан олон чиглэлд хүчтэй өөрчлөлт оруулах хурдасгуур болно хэмээн найдаж байгаа аж.
Эдгээр санааг цогцлоон тэмдэглэж сансрын станцаа “Al Amal” буюу “Найдвар” хэмээн нэрлэсэн байна.
“Бид хэдийгээр үймээн самуун болж буй нутагт байгаа ч бидэнд итгэл найдвар байгааг зөвхөн Эмиратын залуу үе бус нийт орны залуу үедээ бэлгэ тэмдэг болгон харуулж байгаа юм, энэ бол шинэ эрин үе, шинжлэх ухааны эрин үе юм. Технологи, сансрын хөлөг… зүгээр л боломжгүй зүйл гэж байхгүй” хэмээн нислэгийн багийн шинжлэх ухааны салбарын менежер өгүүлжээ.
-Дэлхийгээс Ангараг руу-
“Al Amal” буюу “Hope” хөлгийг 450 гаруй инженер 6 жилийн турш ажиллан бүтээсэн ба энэ долоо хоногийн сүүлээр Япон дахь Танэгашима сансрын төвөөс хөөрөлтөө хийх аж.
Хэрвээ бүх зүйлс төлөвлөгөөний дагуу явагдвал “Hope” станц Ангарагийн тойрогт 687 өдрийн турш устөрөгч болон хүчилтөрөгчийн түвшинг задлан шинжилж өнгөрөөх юм. Тус шинжилгээгээр Ангараг гарагийн агаар мандлын талаар өмнө тогтоогдоогүй мэдээллийг олж авч, уг гарагийг яагаад хүн амьдрах боломжгүй байгаа талаар илүү их ойлголтыг бидэнд өгөх юм.
“Станц хөөргөх мэдээлэл цацагдснаас хойш бидний зорилго биелэгдэж эхэлж байгааг харсан. Шинжлэх ухааны хөтөлбөргүй их сургуулиуд шинээр ШУ-ны программыг хичээлдээ хэрэгжүүлж эхэлсэн мөн төгсөх ангийн сурагчид эдийн засаг, олон улсын харилцааны гэсэн чиглэлээ өөрчлөн шинжлэх ухаанаар суралцаж эхэлж байна.”, “Бид залуу үеийнхэнд аль хэдийнээ нөлөөлж эхэлсэн. Тэд ч мөн бидэнд нөлөөлж байгаа", “Мэдлэг болон шинжлэх ухаанд суурилсан учраас хэн ч биднийг энэ салбарт амжилт гаргана хэмээн төсөөлөөгүй байх” “Энэ бол АНЭУ-ын алтан үе” хэмээн нислэгийн багийн шинжлэх ухааны салбарын менежер Фатма Хуссейн Лута тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN