Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Отгонзаяа: Эцэг, эхдээ санхүүгийн дарамт учруулахгүйн тулд зуныхаа амралтаар цагийн ажил хийж, төлбөрийнхөө 50 хувийг олсон

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
8 минут 34 секунд

Их хотын оюутан залуусын өдөр тутмын амьдрал гал цог, эрч хүч, энергиэр дүүрэн. Шинэ зүйлийг мэдэхийн тулд амьдралд дөнгөж хөл тавьж буй оюутан залууст хүний амьдралд тулгарах бүхий л саад бэрхшээл тулгарна. Түүний нэг нь мэдээж хэрэг дөрвөн жилийн сургалтын төлбөр. Хэдийгээр эцэг, эх нь ажилтай, орлоготой байлаа ч эцэг, эхдээ дарамт учруулахгүй өөрөө сургалтынхаа төлбөрийн талыг ч болов олохыг хүсдэг оюутнууд олон бий. Тэдний нэг бол Т.Отгонзаяа. Өдгөө Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн гуравдугаар курсийн оюутан хэдий ч өөрт олдсон бүхий л ажлыг голохгүй хийж, олсон цалингаасаа сургалтынхаа төлбөрийг төлөхөөр хичээж буй. Иймд бид уншигч та бүхэндээ ялангуяа оюутан залуустаа зориулан дараах ярилцлагыг онцлон хүргэж байна.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Төмөрсүхийн Отгонзаяа гэдэг. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлч мэргэжлээр сурж байгаа. Энэ намар гуравдугаар курст орно.

-Одоо зуны амралт дуусаж байна шүү дээ. Амралтаараа юу хийж өнгөрөөв?

-Амралтаараа яг тогтсон ажил хийгээгүй ээ. Учир нь би аль болох цагийн ажил олж хийхийг илүүд үздэг. Тиймээс зуны амралтаараа хүүхэд асрагч, худалдааны зөвлөх гээд олон ажлыг хийсэн. Яг одоогийн байдлаар гэртэйгээ ойр нэг айлд хүүхэд асрагч хийж байгаа. Зуны улирал бол оюутан залуус бидэнд олддог хамгийн урт хугацааны амралт учраас энэ хугацааг ашиглаад ажил хийж, сургалтынхаа төлбөрийн талыг ч болов олохыг хичээдэг.

-Яагаад ажил хийж, сургалтын төлбөрөө өөрөө төлөх хэрэгтэй гэж бодсон бэ?

-Анх оюутан болоход ээж, аав маань миний сургалтын төлбөрийг төлж байсан юм. Тухайн үед ээж, ааваараа сургалтынхаа төлбөрийг төлүүлсэндээ бас оюутан хүнд байнга мөнгөний хэрэг гардаг тул өдөр бүр мөнгө авахад хэцүү санагддаг байсан. Хэдэн сар гэмшиж явсны эцэст өөрөө ажил хийж ядаж л хэрэглээнийхээ мөнгийг өөрөө олдог байя гэж шийдсэн юм. Тиймээс л цагийн ажил хийж, ээж, аавдаа санхүүгийн дарамт үүсгэхээргүй болсон.

Одоо ч мөн адил зуныхаа амралтаар олдсон ажлаа хийгээд дээр нь найзтайгаа байр түрээслээд амьдарч байна.

-Өмнө хэлсэнчлэн зуны амралтаараа ажил хийгээд төлбөрийнхөө тал хувийг ч болов олохыг хичээдэг гэсэн шүү дээ. Тэгвэл энэ зуны амралтаараа төлбөрийнхөө хэдэн хувийг олов?

-Ер нь бол хаана, ямар газар ажилласнаасаа шалтгаалаад цалин өөр, өөр байдаг. Миний хувьд энэ жил гурван сарын хугацаанд ажиллаад хэрэглээнээсээ тусдаа сургалтынхаа төлбөрийн 40-50 хувийг олсон байна лээ.

-Өмнө нь ямар нэг ажил хийж байсан туршлага бий юу?

-Өмнө нь ресторанд зөөгч, худалдааны зөвлөх гэх мэт маш олон төрлийн ажил хийж байсан. Анх 11 дүгээр ангидаа орон нутагтаа худалдааны зөвлөх хийж үзэж байсан юм. Түүнээс хойш оюутан болоод цагийн ажил хийдэг болсон.

Хамгийн удаан ажиллаж байсан ажлын байр маань Гранд плаза-д байрладаг гутлын дэлгүүр байсан юм. Тэнд жил гаруйн хугацаанд ажиллаад хувийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан.

-Ер нь оюутан байхаасаа эхлээд эсвэл ЕБС-ийн сурагч байхаасаа эхлээд ажил хийх нь ямар давуу талтай юм шиг санагддаг вэ?

-Ямар ч ажил хийсэн бай түүний хэцүү бэрх байх, ачаалал их байх нь тийм ч чухал биш юм шиг санагддаг. Хамгийн гол нь ажлын хамт олны уур амьсгал их чухал байх. Ер нь ямар ч ажил хийсэн олон хүний дунд орж, олон хүмүүстэй харьцаж үздэг учраас тэр чинээгээрээ хүмүүстэй хэрхэн зөв харьцах, хүмүүсийн арга эвийг хэрхэн олохоо мэддэг болдог юм билээ. Үүгээрээ л илүү давуу талтай санагдсан.

-Өмнө нь оюутнуудад цагийн ажил олдоход их амаргүй байдаг байсан. Одоо цаг үе өөр болсон юм шиг санагдаж байна уу. Ер нь цагийн ажил хэр их олддог вэ?

-Манай эцэг, эхийг оюутан байхад үндсэн ажил битгий хэл цагийн ажил ч олдоход хэцүү байдаг байсан гэж ярьдаг юм. Харин одоо үед ажлын байр их олон болсон юм шиг санагддаг. Яг ажил хайж байгаа, ажил хийе гэж шийдсэн хүн фэйсбүүкээс хэдэн зар хараад холбогдоход л болно. Эсвэл GS25, CU-д ажлын анкет бөглөхөд их дуртай хүлээж авдаг. Ерөнхийдөө сүлжээ дэлгүүрүүд их болж байгаа учраас илүү их боломж нээгдсэн гэх юм уу.

-Оюутнуудын хувьд зарим байгууллагуудад ажиллахад гэрээ хийдэггүй шүү дээ. Тиймээс зарим тохиолдолд цалингаа авахгүй байх, хөдөлмөрийн мөлжлөгт орох эрсдэл их байдаг. Магадгүй өөрийнх нь хувьд ажил хийхэд үүсч байсан хүндрэл бий юу?

-Ажил хийж байхад хамгийн их тулгардаг асуудал бол мэдээж тухайн байгууллага маань цалингаа өгөхгүй байх, амралтгүй ажиллуулах эсхүл туршилтаар ажиллуулж байгаад үндсэн ажилтнаар авахгүй байх зэрэг бэрхшээл тулгардаг. Энэ бүрт мэдээж оюутан хүн учраас ямар нэг гэрээ хийгээгүй бол бидний хохь болоод л үлддэг. Энэ асуудал хамгийн хүнд санагддаг.

Түүнээс гадна эрүүл мэндийн асуудал их тулгарч байсан. Учир нь ажил хийхээр бие их сульдаа болно, удаан зогсоод нуруу их өвдөнө. Түүнийгээ тоохгүй удаан ажиллахаар яах аргагүй эрүүл мэндийн асуудалтай болдог. Түүнчлэн хамт ажиллаж байгаа хамт олон маань ямар байна гэдгээс хамаарч өөр асуудлууд ч гарч ирдэг.

Ер нь л цалингаа өгөхгүй ажиллуулах тохиолдол их байдаг болохоор оюутнууд хамгийн ихдээ л нэгээс хоёр сар ажилладаг юм шиг санагддаг.

-Өөрийн тань хувьд ч бас цалингаа аваагүй тохиолдлууд байдаг байх нь?

-Мэдээж байлгүй яах вэ. Сарын цалинг маань битгий хэл ажилласан өдрийн маань цалинг нэгтгэж өгдөггүй болохоор ажиллахаар очсон газартаа шууд цалингаа хувааж авъя гэдэг хүсэлтийг тавьдаг. Тиймээс сүүлийн ажилласан ажлуудаасаа долоо хоног ажилласан бол долоо дахь хоногтоо цаингаа авдаг байсан.

-Ярилцлагынхаа төгсгөлд өөрийнхөө үе тэнгийн залууст хандаж үг хэлэхгүй юу?

-Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд “Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл шүү”. Тиймээс эцэг, эхдээ бага ч болов санхүүгийн дарамт үзүүлэхгүйн тулд ажлыг голохгүй хийж, ядаж л хэрэглээнийхээ мөнгийг олдог байгаарай гэж хэлэмээр байна. Гэхдээ ажиллах газраа зөв олохгүй бол зарим хүмүүс оюутнуудыг элэг барьдаг учраас хулхидуулах тохиолдол гардаг шүү.

Г.Маргад-Эрдэнэ

Аяллаар ирсэн Солонгос 2 иргэн Хөвсгөл аймагт нууранд живж нас баржээ
Аяллаар ирсэн Солонгос 2 иргэн Хөвсгөл аймагт нууранд живж нас баржээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.