Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Молорчимэг: Үсээ өдөр болгон угаахгүйн тулд хүнсний содыг шампуньтай хольж хэрэглэн, хуйхаа цэвэрлэх хэрэгтэй

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
7 минут 32 секунд

Магадгүй хүн бүр "ҮСНИЙ АСУУДАЛ"-тай гэхэд хилсдэхгүй байх. Ялангуяа өвөл, хавар, зуны улиралд үс хуурайшиж гэмтэх бас тогслогтох, унах зэрэг асуудал тулгардаг. Гэвч бид үсэндээ төдийлөн ач холбогдол өгөхгүйн дээр хааяа нэг удаа үсчин орох тохиолдол ч гардаг. Түүнээс гадна өдөр бүр үс угаах ёсгүй гэдгийг мэдэх ч өглөө болгон үсээ угаадаг нь таны үсэнд бас л сөрөг нөлөөтэй байдаг байна. Тиймээс UBN.mn сайт мэргэжлийн үсчин "Молор" салоны үүсгэн байгуулагч Н.Молорчимэгээс үс арчилгаа болон гэрийн нөхцөлд хэрхэн үсэндээ анхаарах талаар багахан зөвлөгөө авч ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Н.Молорчимэг гэдэг. "Молор" салоны үүсгэн байгуулагч. Мэргэжлийн үсчнээр ажиллаад 12 жил, харин үсний залгаагаар 10 жил дагнан ажиллаж байна.

-Молор салоныг өглөө 06:00 цагаас шөнийн 12:00 цаг хүртэл ажилладаг гэж хүмүүс ярих юм билээ. Танай цагийн хуваарь бусад байгууллагаас их өөр байна?

-Ихэнх үсчний газрууд өглөө эрт бас шөнө ажиллах нь бага байдаг. Тийм ч учраас үйлчлүүлэгчид маань өөрсдийн хүссэн цагтаа ирээд цаг авдаг юм. Магадгүй маш яаралтай ажил гарахад үсчин олдохгүй байлаа гэхэд манай руу холбогдож цагаа аваад үйлчлүүлдэг юм. Тиймээс цагийн хувьд илүү уян хатан байдаг. Миний хувьд бүх үйлчлүүлэгчдээ хүрч бас чин сэтгэлээсээ хандахыг чухалчилдаг.

-Магадгүй хүн бүрд үсний асуудал байдаг байх. Танай салоноор үйлчлүүлж буй хүмүүс ихэвчлэн ямар асуудалтай байдаг вэ?

-Хүмүүс ихэвчлэн үс ихээр унаж байна бас хуурайшчихлаа, хагтчихлаа гэж ирдэг.

-Тэгвэл та мэргэжлийн хүний үүднээс хүмүүст үс арчилгааг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгч болох уу?

-Ялангуяа өвөл, хаврын улиралд үс маш их хуурайшдаг. Харин зундаа нарны хэт ягаан туяанаас үүдэн өнгөө алдах, гандах тохиолдол гардаг. Тэгвэл өвөл яагаад үс хуурайшдаг вэ гэхээр, Байнга малгай өмсдөг учир үс маань гаднаас хүчил төрөгчөө муу авдаг. Энэ нь үс унах шалтгаан болдог. Харин хаврын улиралд хэт их тоос, шороо босдог тул хуйх бохирлогдож, үс унахад нөлөөлдөг.

-ЦУС БАГАДАЛТ нь үс унах шалтгаан болдог-

Мөн үс унах удаах шалтгаан нь цус багадалт байдаг. Учир нь бидний үс булцууны доор байрлах артер, венийн судсаараа буюу цусаар дамжуулан тэжээл авдаг. Гэхдээ цусан дахь эрдэс нь шим тэжээлтэй, эрдэстэй байж эрүүл, энгийн байна гэсэн үг. Гэтэл цус багадалттай эсхүл маш их ядарсан, стресстэй байвал үс их унадаг.

Тэгвэл орчин үед үсээ арчлах, хуйхаа цэвэрлэх маш олон арга бий. Хамгийн энгийн нь гэхэд өөрт тохирсон чанартай бүтээгдэхүүн хэрэглэх. Гэхдээ их мөнгө зарлагадахгүйгээр үсээ арчилъя гэвэл интернэтээс гэрийн нөхцөлд үсээ арчлах арга судлан гар доорх материалуудаа ашиглах бүрэн боломжтой.

-Хүсний содыг шампуньтайгаа хольж үсээ угааснаар хуйхыг цэвэрлэж өгдөг-

Жишээлбэл, Та өөрт байгаа ямар ч төрлийн шампуниа содатай хольж, хутгаад үсээ угаавал энэ нь хуйхны цэвэрлэгээ болж өгдөг. Өөрөөр хэлбэл сода нь хуйхны балансыг тэнцвэржүүлж, үсний уутанцрын бөглөөг гаргаж өгдөг гэсэн үг.

Харин хэт их хуурайшаад байгаа бол тараг, зөгийн бал, өндөг гэх мэт материалуудыг ашиглаад үсээ арчилж болно. Заавал үнэтэй бүтээгдэхүүн хайгаад өөрийгөө зовоох шаардлага байхгүй.

-Үсээ өнжөөд угаах дадалд бага багаар суралцаарай-

Мөн хүмүүс өдөр бүр үсээ угаах хандлагатай байдаг. Гэтэл энэ нь маш буруу. Өнжөөд угаах хэрэгтэй. Хэрэв өдөр бүр үсээ угаах гээд байвал бага багаар дасгаж, өнөөдөр үсээ угаасан бол маргааш өнжөөд угаах гэдэг ч юм уу бага багаар дасгаж, хэвшүүлэх хэрэгтэй. Өдөр бүр үсээ угаагаад байна гэдэг нь үс уналтын бас нэгэн шалтгаан болдог.

-Ангижруулагч нь үсний үзүүрт чийг өгөх зориулалттай тул үснийхээ дундаас эхлэн ангижруулах шаардлагатай-

Зарим хүмүүс надаас "Заавал ангижруулагч хэрэглэх шаардлагатай юу" гэж асуудаг. Үүний хариуд яагаад хэрэглэдэг вэ гэж өөрсдөөс нь асуухад "Үсээ зөөлөн болгох гэж" гэх хариултыг өгдөг.

Угтаа ангижруулагч нь үсний үзүүрт чийг өгч, чийгийг нөхөх л үүрэгтэй байдаг. Гэтэл хүмүүс үснийхээ угаас эхлэн ангижруулагчаа түрхээд байдаг. Хэрэв ангижруулагчийн хуйхнаас эхлэн хэрэглэвэл хуйхыг хэт их тослогтой болгоно, бохирдолтой болгоно. Харин хуйхнаасаа 2-3 хурууны доороос /үсний дунд хэсгээс/ эхлэн ангижруулагчаа түрхэх нь хамгийн зөв. Яагаад гэвэл үсэн дэх булцуу нь шим тэжээлээ ялгаруулж, үзүүртээ хүргэх ёстой байдаг. Гэтэл шим тэжээл нь ялгарч үзүүр рүүгээ очиж чадахгүй байгаа учраас үзүүр хуурайшаад байдаг юм. Тиймээс л гаднаас нь ангижруулагч түрхэж чийг өгдөг.

-Өөрт тохирох бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох хэрэгтэй байдаг юм бэ. Заавал мэргэжлийн хүнд, үсчинд хандах хэрэгтэй юу?

-Хэт их уналттай байна уу, хэт их хагтаад байна уу, байнгын тослогтой байна уу гэдэг асуудлууд л ихэвчлэн тулгардаг. Үсний хуурайшилт нь мөн л шампунь, үсний будгаас шалтгаалаад байдаг. Энэ тохиолдолд заавал өөрт тохирсон бүтээгдэхүүн хайхаас илүүтэй салоноор эсвэл гэрийн нөхцөлд тохируулан сардаа 1-2 удаа хуйхны цэвэрлэгээ хийх, хааяа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй.

Тиймээс өөрийн тань үсэнд ямар асуудал тулгарч байна тэр болгоноо сайтар ажиглаад ямар арга хэрэглэх боломжтой талаар судлаад үзэх нь зүйн хэрэг.

-Үс уналтаас гадна халцрал гэдэг асуудал байдаг шүү дээ. Халцрал ер нь юунаас үүддэг юм бэ?

-Энэ нь цэвэр ядаргаанаас үүддэг. Мөн усны хатуулаг, орчин солигдох, дотор эрхтнүүд өвчлөх мөн цайр, эрдэс дутагдаж байгаагаас үүддэг. Биед ямар нэгэн байдлаар өөрчлөлт орж байна гэсэн үг.

-Зөвлөгөө, мэдээлэл өгсөнд баярлалаа.

Он гарсаар усны ослоор 11 хүүхэд амиа алджээ
Он гарсаар усны ослоор 11 хүүхэд амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.