Монгол Улсын Засгийн газраас гаргасан Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах арга хэмжээний тухай тогтоолоор Олон Улсын болон Улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн цахим горимд шилжүүлсэн байдаг.
Ингэхдээ Нийслэл хот руу орж, мөн гарч байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр гурван секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх товчоодод суурилуулаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн 9 сарын хугацаанд 4,523,103 машин зорчин өнгөрсөн бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй байдлаас үүдэж авто замын санд нийт 7,400,240,440 төг нэхэмжлэл үүсжээ. Дээрх үнийн дүнгийн зөвхөн 11.48 хувь буюу 849,828,410 төгрөг төлөгдсөн байгааг албаны хүмүүс мэдээллээ.
Харин үлдсэн 88.52 хувь буюу үүссэн нэхэмжлэхийн 6,550,412,030 төгрөгийг авто машин эзэмшигч нар төлөхгүй байгаа нь авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгаа, үерийн ус, шавар шороо зайлуулах мөн нүхэн эвдрэл гэмтэл болон тэмдэг тэмдэглэгээг засварлах ээлжит засвар болон их засвар хийх төсөв бүрдүүлэлтэд саад учруулж эхлээд буйг сануулж байна.
Иймд иргэд, жолооч нар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй цахим үйлчилгээнд хүндэтгэлтэй хандаж, татвар хураамжаа цга тухай бүрд нь төлж, улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцон үүргээ ухамсарлахыг зөвлөж бмйна.
Даршамд сануулахад, жолооч нар зам ашигласны хураамжаа тээврийн хэрэгслийн үзлэгт орохдоо заавал төлсөн байх зохицуулалтыг энэ сарын 24-ноос эрчимтэй хэрэгжүүлж эхлүүлэхээр болж байна. Мөн автомашин эзэмшигч тээврийн хэрэгслээ зарах бэлэглэх зэрэг шилжилт хөдөлгөөнийг хийхдээ заавал олон улс, улсын чанартай авто зам ашигласан төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд нэр шилжих зохицуулалтыг давхар хийх юм. Цаашлаад хураамжаа төлөөгүй авто машиныг цахим товчоодоор нэвтрүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг авахаар Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.