Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Намуудыг шинээр бүртгэх хэрэгтэй. Жагсаалтыг хэдэн тэрбумаар нь зардаг хүй нэгдлийн ойлголтоор Монгол төрийг тодорхойлж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 40 секунд

No description available.Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж сонгуулийн хууль, улс төрийн намын хуульд өөрчлөлт, шинэчлэл хийгдэж буй. Холимог системээр явагдах сонгуульд жендэрийн квотыг хэд болгох агуулга улс төрийн хүрээнд төдийгүй нийгэмд маргаан дагуулсаар байгаа юм. Түүнчлэн улс төрийн намуудын төлөвшил, парламентын чадавх, сөрөг хүчний оролцоо, нөлөөлөл зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ярилцсаныг хүргэж байна.

"Жендэрийн квотыг Олон Улсын хуульд нийцүүлж батлах ёстой"

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх агуулга дотор нэр дэвшигчдийн жендэрийн квот багагүй маргаан дагуулж байна. “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын хөндөж буй асуудал нь ч үүнтэй холбогдож байгаа. Та хувьдаа жендэрийн квотыг юу гэж харж, дүгнэж байгаа вэ?

-Монголд жендэрийн тэгш байдал хэрхэн хангагдаж байгааг бодох ёстой. Манайхан эмэгтэйчүүд гэж ярихаар яахаараа эмэгтэйчүүдийн асуудлыг ярьдаг юм. Эрэгтэйчүүдийн ч гэсэн асуудал байна гэж ярьдаг. Мэдээж нээлттэй нийгэм учраас тэгж ярьж болно. Манай эмэгтэйчүүдэд нийгмээс ямар нэгэн урамшуулал байхгүй. Маш их ажлыг хийдэг. Хүүхдээ тээж төрүүлнэ гэдэг эмэгтэйчүүдийн наад захын том хүндрэл шүү дээ. Үүний дараа хүүхдүүдээ өсгөнө. Ар гэрийн ажлаа хариуцна. Тиймээс ийм их ажлыг нуруундаа үүрч явдаг эмэгтэйчүүдийг бид арай илүү дэмжих ёстой. Ийм ойлголт ч дэлхий нийтэд байгаа. Хүн төрөлхтөнд байгаа шинэ хандлага шүү дээ.

Энэ шинэ хандлагын тухай олон судлаачид ярьж байна. "Шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоо хангагдаж чадахгүй байна. Зарим эмэгтэйчүүд шүүмжилж ярьж байна. Сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвшилт 50 хувийн квоттой байна гэж бөөн тунхаглал гаргасан. Үүний араас 40 хувь болсон. Яг хуулиа батлах болсон чинь 30 байхаар тогтчихлоо" гэж. Гэтэл хурал цуглаан хийж, эмэгтэйчүүдийг цуглуулах болохоороо их л сайхан юм ярьдаг гэж шүүмжилж хэлж байна.

Олон Улсын судалгааны эрдэмтэд жендэрийн эрх тэгш бололцоог хангах асуудлаа хуульдаа тусга гэж зөвлөж байна. Дараа нь баталсан хуулиа амьдрал дээр бодитоор хэрэгжүүл гэж сануулж байгаа байхгүй юу. Манайд энэ хоёрын аль аль нь бараг алга. Нэг их ярьдаг л хүмүүс байна.

Тэгвэл эмэгтэйчүүд яагаад улс төрд хэрэгтэй вэ гэхээр авлигад идэгдсэн, живүүлсэн удирдагч эмэгтэй гэж би сонсоогүй. Эмэгтэй удирдагч гарч ирээд дайн тулаан хийгээд бусдыг эзэлж аваад Украин шиг болгочихсон гэж би дуулаагүй. Эмэгтэйчүүд цаанаасаа л нинжин сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Хүний аминд хүрнэ, устгана гэсэн сэтгэхүй тэдэнд байхгүй. Дээрээс нь хуваах сэтгэхүй маш өндөртэй байдаг. Гэртээ орж ирээд л хүүхдүүдээ хоол идсэн үгүйг мэдчихдэг. Гэр орны ажлыг маш няхуур харж хийдэг. Дээр нь Монголчууд эрт үеийн түүхээсээ л ээжүүд, эмэгтэйчүүдийг хүндэтгэж ирсэн гайхалтай уламжлалтай ард түмэн. Энэ үнэт зүйлсээ бид өнөөдөр хуульдаа тусгаж өгөх хэрэгтэй. Энэ зөвхөн Монголд яригдаж буй асуудал биш. Монгол Улсын оролцоод нэгдээд баталсан Олон Улсын хууль нь ийм болчихсон юм. Тиймээс бид ч мөн нийцүүлэх ёстой.

"Би сонгуульд нэр дэвшихгүй. Миний орон тоо дээр хоёр гялалзсан залуу эмэгтэй ороод ирэг л дээ..."

-Эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвших болохоор мөнгөний шалгуурыг давж чаддаггүй байдлаас болоод боломжоо алддаг гэж ярьж байна шүү дээ?

-Би мэднэ. УИХ-д сонгогдоод орох болоход эмэгтэй нэр дэвшигчдэд тулгардаг санхүүгийн маш олон бэрхшээлүүд бий. Мөнгөө босгохоос авхуулаад. Тиймээс хууль талаас нь бэрхшээлийг нөхөж өгч дэмжих ёстой. Эмэгтэйчүүд дээр адил санхүүгийн босго тавьдаг. Тэгээд янз бүрээр хавчиж боодог байдлаа болимоор байгаа юм.

Тухайлбал, миний хувьд сонгуульд нэр дэвшихгүй. Миний нэр жагсаалтад байхгүй. Тойрог дээр ч байхгүй. Миний дэвшихгүй орон тоо дээр хоёр гялалзсан залуу эмэгтэй ороод ирэг л дээ. Ер нь хамгийн сайн арга бол ойлгоогүй, дутуу орхичихсон, амжаагүй ажлуудаа дараа үеэрээ хийлгээд тэд нарыгаа дэмжээд явах нь зүйтэй. Өнөөдрийн төр засагт ямар ч нам байгаад хэн нь ч гараад ирсэн Монголын төлөө л юм хийж байгаа бол тэр хүмүүсийн араас би сүү өргөөд л явна.Тиймээс энэ улс төрөөс миний үеийн нөхдүүд зайгаа тавиад харин эмэгтэйчүүдэд боломжийг нь олго гэж хэлмээр байна.

"Ардчилал гэдэг бол арай дээрийг сонгох боломжийг л хэлээд байгаа юм"

-Ирэх оны сонгууль хаяанд тулчихлаа. Улс төрийн жижиг намуудыг худалдаж авч, саналын жагсаалт руу шургадаг байдал яригдаад эхэлчихсэн. Та үүнд ямар байр суурьтай хандаж байна?

-Ерөөсөө л сонгуулийн зөрчлийн асуудал. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь нэг асуудал байж болно. Сайн, муу эсэх нь бодитоор хэрэгжиж эхэлсний дараа харагдана. Хоёр дахь асуудал сонгуулийн булхай. Сонгууль тойрсон баахан зөрчлүүд. Тэдгээрийн нэгийг чи сая хэллээ. Тэгэхээр энэ бүх зөрчлүүдээ арилгаж хааж чадахгүй юм бол Монголын сонгууль шударга явж чадахгүй. Би Монгол Улсын иргэний хувьд зөв хүндээ саналаа өгсөн гэсэн итгэл төрөхгүй л бол тэр сонгосон хүмүүс нь итгэлтгүй хүмүүс гэсэн үг. Дахиад л бөөн хараалгаж, муу үзэгдсэн тийм л хүмүүс болж хувирна. Бүр сонгуулийн зөрчлийн хууль гээд түүн дотор зөрчлүүдийг жагсаагаад харах хэрэгтэй.

Ялангуяа эрх барьж байгаа намын нөхдүүдийн мөн чанар сөрөг хүчнийхээ, ард иргэдийнхээ саналыг хэр зэрэг авч байна гэдгээр танигддаг. Тиймээс саналуудыг аваад дүрэмдээ тусгаад чаддаг юм бол тэр дүрмээр яг ижилхэн түвшинд тогло л доо. Тэгэхгүйгээр хүссэн бүхнээ авна гэсэн ойлголт ардчилалд байхгүй шүү. Ардчилал гэдэг бол арай дээрийг нь сонгох боломжийг л хэлээд байгаа юм. Түүнээс биш өнөөдөр УИХ, ЗГ толгойлоод явж байгаа хүмүүс хүссэн бүхнээ аваад суугаад байвал улс орон ерөөсөө хөгжихгүй биз дээ. Улс төрчдийн амьдрал сайхан байвал ард түмний амьдрал сайхан байхгүй л гэсэн үг.

"Намуудыг шинээр бүртгэх хэрэгтэй. Жагсаалтаар нь хэдэн тэрбумаар ярьдаг хүй нэгдлийн ойлголт шиг зүйлээр Монголын төрийг тодорхойлж болохгүй"

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга нам худалдаж авлаа гэдэг яриа гарсан. Тодруулбал, хэдэн тэрбумаар нь мөнгө зарж УДШ-ийн бүртгэлд гуравт жагсдаг нам болох Иргэний зориг Ногоон Намыг авсан гэх мэдээлэл бий. Үүнийг та хэрхэн анхаарч байна?

-Би маш тодорхой зүйл хэлье. Хэрэв бид сая баталсан ҮХӨ-өө, сонгуулийн хуулиа агуулгатай болгоё гэж байгаа бол Улс төрийн намын хуулийг бүрэн өөрчлөх нь зөв. Би нэг удаа УИХ руу оруулаад батлуулж чадаагүй юм. Тэгээд улс төрийн намын “монополь” байдлыг халах ёстой. Ганцхан улстөрийн нам л шүүхэд бүртгэгддэг. Бусад нь бүртгэлийн газар бүртгэгддэг ч юм уу ийм байдлаа боль гэж хэлмээр байна. СЕХ гэж сонгуулийн үед л ажлаа хийдэг. Бусад үед зүгээр суудаг байгууллага бий. Тэр байгууллага улстөрийн намын асуудлыг бүртгэдэг. Дээрээс нь улс төрийн намын нийтлэг дүрэм журмыг тэд батлах ёстой байхгүй юу. Түүнээс биш улстөрийн нам өөрөө дүрэм журмаа батлаад явдаг дээр үеийн коммунист намын улстөрийн товчоо шиг ийм хачин балиар юм байж болохгүй шүү дээ.

Улс төрийн нам Монгол Улсад тулгамдаж байгаа үнийн асуудал. Ард иргэдийн амжиргааны байдал ямар хүнд байна. Үнэ яаж өсөж, амьдралд нөлөөлж байна. Монголын эдийн засаг яагаад сүүлийн 10-аад жил таг түгжигдчихэв гэдэг асуудалд дүгнэлт гаргаад урагш нь авч явахын төлөө уралдаж байх ёстой байхгүй юу. Нийтлэг дүрэм, журмыг СЕХ батлаад өгдөг байх ёстой. Тэгээд энэ улстөрийн намуудыг шинээр бүртгэх хэрэгтэй.

Хуучин улстөрийн намыг нэг, хоёр, гурав гээд л хэдэн тэрбумаар нь ярьдаг ийм балай хүй нэгдлийн үеийн ойлголт шиг зүйлээр Монголын улс төр тодорхойлогдож болохгүй. Бусад газрууд блокчэйнээр зохион байгуулалтад орж байна. Бүгд шилэн болж байна. Тэгэхэд Монгол Улс хэчнээн хол хоцорч явж байна. Блокчэйн ашиглаад сонгуулийнхаа булхайн асуудлыг бүрэн шийдэж болно. Гэтэл улстөрчид манай иргэд мэдэхгүй байгаа. Үүнийг ойлгохгүй гэж ярьдаг. Битгий ард түмнийг дорд үз гэж сануулмаар байна.

"Сөрөг хүчин иргэд рүүгээ чиглэ. Жаахан задарч сэтгэ..."

-Яг өнөөдөр Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадаж байгаа юу. Та ер нь юу гэж дүгнэж байна?

-Сайхан асуулт асуулаа. Ардчилсан намыг тойрсон тулгамдаж байсан асуудлууд шийдэгдэх гэж явж байгаа. Ямар үед ардчилал зөв явах вэ гэхээр хоёр талын өрсөлдөөн зэрэг байх үед. АНУ-ыг аваад үзье л дээ. Тус улсын Конгресс сенат гэдэгт нэг гишүүний зөрүү л гараад байдаг. Сүүлийн 50-60 жил тэгж л явж байна шүү дээ. Нэг нь 51 хүн авсан байхад нөгөө нь 49 хүнтэй л байдаг байхгүй юу. Ингэж тогтож явах хэрэгтэй.

Саяын шинэ хуулиар шинэ намуудад боломжууд гарч ирж байх шиг байна. Энэ хүмүүсээ хажиглахгүйгээр үнэхээр ард түмэн дэмжиж байгаа бол тэгээд л ороод ирэг л дээ. Үүнд аль нэг тал нь монополь тоглолт хийдэг зүйлийг хориглох хэрэгтэй. Ер нь улстөрийн нам иргэний нийгмийн байгууллагаас ялгагдах зүйлгүй.

Тиймээс хүнээ бодсон хууль санаачил. Иргэд рүүгээ чиглэ. Жаахан задарч сэтгэ ээ. Тэгвэл Монголчууд чинь хөгждөг юм шүү. Монгол хүний нэр төр өндөр явдаг юм шүү гэж хэлье.

Ярилцсанд баярлалаа

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүн
ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.