Турк улс Сириэс орж ирэх цагаачдын шинэ урсгалыг хүлээж авч дийлэхгүй гэдгийг Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган ням гарагт мэдээллээ. Хэрэв Сирийн баруун хойд хэсэгт өрнөж буй зөрчилдөөнийг зогсоохгүй бол Европын улсууд ч бас олон цагаачдын урсгалын үр нөлөөг мэдэрнэ гэж анхаарууллаа.
Турк улс одоогоор дэлхийн хамгийн их дүрвэгчид буюу 3.7 сая Сирийн дүрвэгчдийг хүлээн аваад байгаа. Босогчид эзэлсэн гурван сая сиричүүд амьдардаг Идлиб мужаас ихээхэн хэмжээний дүрвэгч орж ирнэ гэсэн айдастай байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад тус мужийг буцааж авна гэж амлаад байгаа, Сири болон Оросын тал Идлиб дэх бөмбөгдөлтийг нэмэгдүүлж байгаа нь Турк улсыг зорих дүрвэгчдийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
80 мянга гаруй хүн Идлибээс Туркийг зорин гараад байна гэж Эрдоган ням гарагт Истанбулд болсон шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгджээ.
“Хэрэв Идлибийн хүмүүсийн эсрэг хүчирхийлэл зогсохгүй бол энэ тоо улам нэмэгдэнэ. Тэр тохиолдолд туркууд цагаачдын дарамтыг ганцаараа үүрэхгүй. Европын улсуудад бас хүндрэл учирна. Ялангуяа Грект” гэж Эрдоган хэлээд 2015 оны цагаачдын хямрал дахин тохиолдох нь зайлшгүй гэж мөн дурджээ.
Турк улсын зүгээс Идлиб дэх Оросын бөмбөгдөлтийг зогсоохын тулд бүхнийг хийж байгааг мөн дурдсан. Даваа гарагт Туркийн төлөөлөгч Орост Сирийн асуудлаар хэлэлцэнэ.
Хэрэв Европ Турк улсад дүрвэгчдийн асуудлаар тусламж үзүүлэхгүй бол тэднийг Европ руу гарах замыг нээнэ гэж Эрдоган сүрдүүлээд байгаа.