"Хөгжлийн банк"-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгад үргэлжилсээр байна. Тус шүүх хуралд оролцож буй “Вертекс майнинг партнерс” ХХК нь хөрс хуулалт, нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өмнө нь Монгол Улс БНХАУ-ын оператор компаниудаар хийлгэдэг байсан бол өдгөө энэ ажлыг тус компани хийж гүйцэтгэж буй. Өнөөдрийн байдлаар Ухаа худаг уурхай дээр сардаа 1,4 сая м3 хөрс хуулалт хийж, улсад 28,5 тэрбум төгрөгийн татвар нийгмийн даатгалын орлого төвлөрүүлэн ажиллаж, 600 гаруй ажилтныг ажлын байраар хангаж байгаа аж ахуй нэгж аж.
Харин тус компани нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч үндсэн зээлийн төлбөрт 33 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 9,9 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 сая төгрөг гээд нийт 43,1 тэрбум төгрөгийн төлөлтийг хийж зээлээ бүрэн барагдуулжээ. Мөн зээл авахдаа зах зээлийн үнэлгээ нь 69,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаанд тавьж, Хөгжлийн банк түүнийг 33,1 тэрбумаар үнэлэн зээл олгожээ.
Шүүх хуралд Хөгжлийн банк шинжээчийн дүгнэлттэй холбоотой хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй гэдгээ хэлсэн байдаг.
Хөгжлийн банкны мэргэжилтэн: "Вертекс майнинг партнерс" компани дээр онцолж хэлэхэд өнөөдрийн байдлаар нэхэмжилт байгаа өр төлбөр байхгүй гэсэн юм.
Харин өмгөөлөгч н. Түвшинтамир: Хөгжлийн банк гомдолоо гаргаад энэ эрүүгийн хэрэг нээгдэж байгаа биш юмуу? гэж асуухад банкны мэргэжилтэн үгүй, Вертекс майнингийн асуудал дээр гомдол нь хаанаас эхэлж гарсныг би санахгүй байна" гэлээ.
Үүнээс харахад шүүх хурал яг энэ компанийн асуудал дээр хохирогчгүй шүүж байна гэж ойлгогдохоор байгаа юм.
Тодруулбал, Хөгжлийн банкнаас авсан зээл нь зориулалтын дагуу зарцуулагдсан гэдэг нь шүүх хуралдааны явцад гэрчүүдийн өгч байгаа тайлбараас харагдаж байна.