Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Төрийн сургуулиуд 1-6 дугаар анги хүртэл үндсэн сургалтыг Монгол хэлээр оруулж сонгон суралцах хичээлд гадаад хэлийг оруулах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 6 секунд

УИХ-ын чуулганаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Түүнчлэн Боловсролын багц хуулийн зарим заалтууд хоорондоо уялдаа хамааралгүй буюу зөрчилдөж буй асуудлаар УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралаас тодрууллаа.

-Боловсролын ерөнхий хуульд гадаад хэлийг ЕБС-ийн бага ангиас эхэлж сургалтын хөтөлбөрт тусгах агуулга бүхий заалт тусгасанд олон нийтийн байр суурь хоёр талд хуваагдлаа шүү дээ. Тодруулбал, нэг хэсэг нь нэгдүгээр ангиас эхэлж Англи хэлийг заах асуудлыг дэмжиж, нөгөө хэсэг нь гуравдугаар ангиас эхэлж Англи хэлийг үндсэн гадаад хэлд хамааруулж заах асуудлыг ярьж байна. Та үүнд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Боловсролын ерөнхий хууль бол манай боловсролын салбар аль загвараар явах вэ гэдгийг тодорхойлох суурь нь юм. Европын боловсролын тогтолцоо. Барууны боловсролын тогтолцоо бүхэлдээ өөр. Жишээ нь, Зүүн өмнөд Азийн Сингапур, Малайз, Тайвань, Тайланд гэх орнууд Европын загвараар буюу тэр дундаа Английн боловсролын системийг нэвтрүүлдэг.

Барууны боловсролд АНУ-д хувийн хэвшил мэргэжлийн экспэртүүдээр дамжуулан хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагууд байгуулж тэдгээр нь өөрсдөө их, дээд сургуулиудынхаа чанарыг тодорхойлж Академик эрх чөлөөг нь олгодог. Тэгэхээр Боловсролын ерөнхий хууль нь үндэс сууриа тодорхойлох ёстой юм.

Яах вэ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн санаачилсан хуулийг би зарчмын хувьд суурь агуулгыг нэлээд тусгасан гэж харж байсан. Гэтэл үүнд УИХ-ын ажлын хэсэг гарч бас ажилласан юм байна. Их олон нэмэлт дагуулуудыг хуульд оруулж ирсэн бөгөөд таван агуулга нэмэгдсэн байсан.

Тухайлбал, дэлхийн улс гүрнүүдэд төгсөгч нар нь тодорхой ашиг орлогоосоо санхүүжилт хийж бусдад боломж олгодог бөгөөд тус мөнгөө судалгаа шинжилгээнд зарцуулдаг арга хэлбэр байдаг. Гэтэл хуулийн төсөлд ийм агуулгыг заах гэж оролдсон хэр нь Академик эрх чөлөөнд халдсан зохицуулалтыг оруулсан нь харагдаж байгаа юм. Жишээ нь, хоёр сургууль тус бүр 60 кредит гэж үзвэл нийт 120 кредит бакалаврын түвшний сургалтын хөтөлбөр гаргалаа гэхэд тус бүрийн 60 кредит цагийг хооронд нь зохицуулж шилжүүлж тооцож болдог. Гэтэл энэ зохицуулалтыг төрийн захиргааны байгууллага буюу Боловсролын ерөнхий газар зөвшөөрөл олгодог болно гэдэг бол шууд утгаараа академик эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг.

-Гадаадын шилдэг сургуулиудын сургалтын хөтөлбөрийг жишиг болгох замаар зарим хувийн сургуулиуд сургалтын хөтөлбөрөөрөө ялгарч байна. Боловсролын суурь хуульд энэ агуулгыг ямар зохицуулалтаар тусгах ёстой гэж хардаг вэ?

-Боловсролын ерөнхий хуулийн концепц нь зөв гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл Кэмбрижийн хөтөлбөр, IB хөтөлбөр гээд байгаа. Кэмбрижийн хөтөлбөрийн тухайд яагаад зургаадугаар ангиас эхэлж хэрэгждэг вэ гэхээр тухайн хугацаанд суралцагсдад үндсэн эх хэлийг нь эзэмшүүлж, 6-р ангиас нь эхлэн Кэмбрижийн стандартыг тавьж өгдөг. Миний хувьд Их Британы магадлан итгэмжлэх зөвлөлд шинжээчээр ажиллаж байхдаа дөрвөн жил Монголд Их Британы магадлан итгэмжэлийг оруулжирэх хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан.

Тиймээс миний ойлголт бол Кэмбрижийн хөтөлбөр ч бай, IB-гийн хөтөлбөр ч бай Зөвхөн үндэсний онцлогыг 30 хувьд шингээх бодлогыг дэмждэг. Тиймдээ ч Кэмбрижийн хөтөлбөрийг дөрвөөс дээш хичээлийг л тухайн орны хэлээр, төлбөрөөр нь заахыг хэлдэг. IB хөтөлбөр ч мөн ялгаагүй. Тэгэхээр нэгдүгээр ангиас үндэсний хэлийг нь заагаад Англи хэлийг сонгон суралцах байдлаар заах байдлаар сорилтуудыг л дэлхийн улс орнууд хийж яваа болохоос биш 100 хувь Англи хэлээр суурь боловсролын сургалтыг эхлүүлдэггүй.

Харин Америкийн сургууль, Их Британы сургуулиудын хувьд өөр. Жишээ нь төлбөргүй байгаа ХБНГУ, Финланд, Европын зарим үнэ төлбөргүй боловсрол олгож байгаа улс орнуудын тухайд хэлний сургатыг эцэг эхийн дурын сонголтоор оруулах зохицуулалтыг хийж өгдөг. Харин төрөөс олгож байгаа боловсрол бол 1-6-р анги хүртэл нь үндсэн сургалт нь Монгол хэлнийх байж, сонгон суралцахад нь гадаад хэлийг оруулж өгөх хэрэгтэй байгаа юм. Тиймээс гадаад хэлний сургалтын агуулгыг хуульд тусгайлан авч үзсэн нь академик эрх чөлөөнд халдаж буй хэлбэр бөгөөд Үндэсний хэлний боловсролд сөргөөр нөлөөлөх аюултай.

-Өнөөгийн боловсролын системийг сайжруулахад гол анхаарах зүйл нь багшлах боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байна. Сургалтын чанарыг сайжруулахад юу дутагдаж байна гэж та хардаг вэ?

-Өнөөдрийн бодит байдлаас харвал IELTS-ийн долоогоос дээш оноотой багш нар өнөөдөр аймаг сумдад байхгүй. Тоног төхөөрөмж, лаборатори, ном товхимол ч алга байна. Гэтэл багшаар дамжсан бодлого хэрэгжүүлж байж л түвшин бүрт ахиц гарна шүү дээ. Дээр нь хүүхдүүд өнөөдөр YOU TUBE, GOOGLE, гэх мэт олон цахим хэрэглүүрийг ашиглаж Англи хэлийг сурах боломж нь нээлттэй болсон үе. Зарим нь үүгээр дамжуулж бараг хэлд орж байна шүү дээ. Товчхондоо хүн суралцах хүсэл байвал зах хязгааргүй цахим мэдээллийн эрх чөлөөнд төрөл бүрийн видео хичээл аваад суралцах бололцоо байгаа учраас цаашид бид боловсролын чанарын баталгаажуулалт руу анхаарах шаардлагатай болж хувираад байна.

Боловсролын ерөнхий ххуулийг харвал чанарын баталгаажуулалт, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, боловсролын үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ, мэргэжлийн хяналтын тогтолцоо гэсэн хяналт шалгалтуудын агуулгын зөрчилтэй зүйлс олон харагдаж байна лээ.

Ярилцсанд баярлалаа

СУРВАЛЖИЛГА: Орон нутагт ажиллаж амьдрах нь стресс багатайн дээр гэр бүлдээ их цаг зарцуулах боломжтой
СУРВАЛЖИЛГА: Орон нутагт ажиллаж амьдрах нь стресс багатайн дээр гэр бүлдээ их цаг зарцуулах боломжтой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.