Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Орон нутагт ажиллаж амьдрах нь стресс багатайн дээр гэр бүлдээ их цаг зарцуулах боломжтой

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 20 секунд

Монгол Улс 21 аймаг 330 сумтай. Гэвч сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж хөдөө, орон нутаг гэхээсээ илүүтэй нийслэл хот руу чиглэх болсон. Нийт хүн амын 48,9 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бөөгнөрч байхад үлдсэн 50 гаруй хувь нь орон нутагт тархан суурьшиж байна. Энэ ч утгаараа хөдөө орон нутгаасаа дайжиж, хотын соёлтой хөл нийлүүлэн алхах хүсэлтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэх хандлагатай юм.

Угтаа хөдөө, орон нутгаа хөгжүүлж, залуусыг орон нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлбэл хот хүрээ бараадах хүсэлтэй хүмүүсийн тоо эрс багасна. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хотоос хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах хүсэлтэй залуусыг төр засаг дэмжихээ илэрхийлж байгаа ч орон нутгийг сонгох хүмүүс цөөрсөөр. Үүнээс үүдэн хөдөө орон нутаг мэргэжлийн боловсон хүчний хомстолд орж, ажлын байр эзгүйдэхэд хүрч буй. Хамгийн энгийн жишээ дурдахад Орхон аймагт 150 гаруй сувилагчийн орон тоо бий аж. Иймд Эрдэнэт хотын төлөөлөл өчигдөр Этүгэн их сургуулийн сувилахуйн оюутнуудад зориулан "Эрдэнэтэд хамтдаа хөгжье" өдөрлөгийн зохион байгуулж, олон олон боломжуудын талаар мэдээлэл өгсөн юм.

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ, II БАЙР

Өдөрлөгийн үеэр Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ Эрдэнэт хотод ажиллаж амьдрах хүсэлтэй залууст амьдрах орон байраас эхлээд бусад боломж нээгдэх талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,

Эрдэнэт хотод шилжин суурьших залуус 3 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой

"Орхон аймгийн хувьд хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, их сургуулиа төгсөж буй залуусаа татах зорилготой ажиллаж байна. Үүний хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран Улаанбаатар хотод ирж АШУҮИС болон Этүгэн их сургууль дээр ажиллаж байна. Учир нь төгсөх курсийн оюутнуудад Эрдэнэт хотоо танилцуулах, орон нутагт ажиллаж, амьдарснаараа яаж хөгжих боломжтой, өөр ямар боломжууд нээгдэх зэргийг таниулан сурталчлах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна.

Орхон аймгийн хувьд ойрын хоёр жилд гэхэд 50 эмч дутагдах магадлалтай байгаа бол 150 сувилагч дутагдана гэсэн судалгаа гарсан. Эрдэнэт хот бол өөрөө залуусын хот. Үйлдвэр дагаж хөгжсөн. Тиймээс ажлын байрны хүрэлцээ сайн, амьдрах орчин нөхцөл таатай, ая тухтай. Түүнээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьших гэж буй залуустаа зориулан 3 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжийг олгож байгаа. Ялангуяа эмч, сувилагч нартаа байрны урьдчилгааг амлаж байгаа юм" гэлээ.

Өдөрлөгийн үеэр Эрдэнэт хотоос ирсэн төлөөлөгчид орон нутагтаа ажиллаж, амьдрах орчин нөхцөл таатай гэдгийг сурталчилж, оюутан залуусын дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулсан юм. Тухайлбал, Эрдэнэт хотын талаар сонирхолтой асуултуудыг асууж, бяцхан гарын бэлгээр урамшууллаа.

Өдөрлөгт оролцож буй оюутан залуусын хувьд Сувилахуйн төгсөх курсийн оюутнууд байлаа. Мөн хэд хэдэн Эрдэнэт хотын оюутан байсан бөгөөд нутгийнхаа талаарх танин мэдэхүйн асуултуудад толгой цохин хариулцгааж байв. Түүнчлэн зарим оюутнуудын хувьд хөдөө орон нутаг, тэр дундаа Эрдэнэт хотыг сонгон, цаашид ажиллаж амьдрах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн юм.

Бид энэ талаар Сувилахуйн оюутан С.Отгонцэцэгтэй ярилцсан бөгөөд тэрбээр,

Залуусын хот гэгдэх Эрдэнэт хотод очиж ажиллаж, амьдрах төлөвлөгөөтэй байгаа

"Би Увс аймагт төрж өссөн. Одоо Этүгэн их сургуулийн сувилахуйн IV курсийн оюутан. Ирээдүйд Эрдэнэт хотод ажиллаж, амьдрах хүсэлтэй. Учир нь Эрдэнэт хотыг залуусын хот гэж нэрлэдэг шүү дээ. Тиймээс залууст чиглэсэн үйл ажиллагаа сайн явуулдаг байх гэж бодож байна. Түүнээс гадна амьдрах орчин нөхцөл таатай гэж сонссон. Эгч маань Эрдэнэт хотод очиж байсан учраас энэ талаар их ярьдаг. Тиймээс ирээдүйд Эрдэнэт хотод очиж ажиллаж, амьдарна.

Гэхдээ гурван жилийн дараа очих төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор Япон руу гэрээт ажилчнаар явах гэж байгаа учраас Японоос ирээд Орхон аймагт очихоор төлөвлөсөн. Тиймээс энэ зун Эрдэнэт хотод очиж үзэхийг зорьж байгаа" гэсэн юм.

Харин Сувилахуйн оюутан С.Лхам-Эрдэнэ,

Орон нутагт ажиллаж амьдрах нь стресс багатайн дээр гэр бүлдээ их цаг зарцуулах боломжтой

"Найз маань Эрдэнэт хотынх. Тиймээс байнга нутгаа магтаж, очиж үзэхийг санал болгодог. Тиймээс энэ зун Эрдэнэт хотод очиж эмнэлэгтэй нь танилцах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил төгсөх курсийн оюутан учраас ажлынхаа байрыг эртнээс бэлдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Одоогоор Хоёрдугаар төв эмнэлэгт гэрээгээр ажиллаж байгаа учраас зун очиж үзэх сонирхолтой байна.

Мөн орчин нөхцөл таатай гэж ярьдаг. Тиймээс цаашид ажиллаж амьдрах бүрэн боломжтой гэж бодож байгаа. Түүнээс гадна өдөрлөгийн үеэр орон нутагт шилжин суурьших залууст байрны 3 хувийн хүүтэй зээл олгоно гэдэг зүйлийг ярилаа. Энэ нь маш том боломж юм болов уу гэж бодож байна. Хөдөө, орон нутагт ажиллаж амьдрах нь стресс багатайн дээр чөлөөт цаг, гэр бүлдээ зарцуулах хугацаа их гарах байх гэж бодож байна" хэмээв.

Түүний хувьд Эрдэнэт хотод ажиллаж амьдрах хүсэлтэй тул ногоон картыг авсан юм. Эрдэнэт хот бусад аймгуудаас анхлан "Ногоон карт" гаргаж өөрийн аймаг, орон нутагт шилжин суурьших гэж буй иргэддээ зөвлөгөө мэдээлэл олгох, бүртгэлжүүлэх зорилгоор энэхүү картыг бий болгожээ. Тус картын талаар Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ны мэргэжилтэн Б.Ганди дараах мэдээллийг өглөө.

Эрдэнэт хотод шилжин суурьших гэж буй иргэдээ бүртгэлжүүлэх бусад үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг олгохоор "Ногоон карт"-ыг нэвтрүүлсэн

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт улс даяар явагдаж байгаа. Орхон аймгийн хувьд улсын төсөвт мөнгө төвлөрүүлдэг зургаан аймгийн нэг. Тийм учраас 20 хувиар хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зорилго тавьсан. Гэхдээ хүн амаа өсгөхдөө салбар, чиглэл бүрд дутагдаж байгаа хүний нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Иймд манай аймгийн зүгээс "Ногоон карт" гэх картыг гаргасан. Уг карт нь энэ бодлогыг хэрэгжүүлж буй бүх аймгуудын анхдагч болж байгаа. Ногоон картын давуу тал юу вэ гэхээр энд тэндээс шилжээд ирсэн иргэдийг тухайн аймаг, орон нутаг төдийлөн анхаараад байдаггүй. Тиймээс тэдгээр хүмүүсээ бүртгэлжүүлэх, туслан чиглүүлэх, үйлчилгээ авахад огт дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжийг олгохоороо давуу талтай юм" хэмээлээ.

Ийнхүү өдөрлөг дуусаж Эрдэнэт хотод очиж ажиллаж, амьдрах хүсэлтэй оюутан залуус холбогдох хүмүүсээс мэдээлэл авсан юм.

Орон нутагт ажиллаж амьдрах хүсэлтэй иргэд цөөнгүй бий. Тэр ч утгаараа аймаг, орон нутгаа хөгжүүлж, залуусын төвлөрлийг нийслэл хот руу бус орон нутаг руу чиглүүлэх нь өнөө үед хамгийн чухал асуудал болоод буй. Тэр ч утгаараа хөдөө орон нутгууд мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орж, хүний нөөцийн хомсдол бодитоор бий болж байгаа нь нэг талаараа эмгэнэлтэй. Иймд орон нутгийг зорьж, ажиллаж, амьдрах хүсэлтэй залуус улам илүү олон болбол орон нутгийн хөгжилд ч үнэтэй хувь нэмэр болох биз.

Д.Тогтохсүрэн: ҮХНӨ-ийн төслийн хэлэлцэх эсэхийг маргааш шийдчихвэл гишүүд тойрогтоо ажиллаж, төслийг танилцуулан иргэдийн саналыг авна
Д.Тогтохсүрэн: ҮХНӨ-ийн төслийн хэлэлцэх эсэхийг маргааш шийдчихвэл гишүүд тойрогтоо ажиллаж, төслийг танилцуулан иргэдийн саналыг авна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.