Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд гишүүн сонсголоо зохион байгуулж чадахгүй “нүүрсний хулгайг“ БҮДГЭРҮҮЛЖ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 1 секунд
UBN.MN

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 31-р тогтоолоор байгуулагдсан "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" түр хороо 6 сарын дотор тусгай шалгалт явуулж, тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд 12 дугаар сард танилцуулах ёстой байсан.

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Хянан шалгах түр хороо нүүрсний экспорт, тээвэрлэлтийн асуудалд дорвитой анхаарч, тусгай шалгалтын хүрээнд цугласан баримт материалыг тайлагналгүй ам үдээстэй явсаар 10 сар болж буй.

Тиймээс нүүрсний хулгайн сэдвийг бүдгэрүүлсэн Хянан шалгах түр хороо хоёрхон сарын дараа ам асуулгах юм. Байгуулагдсанаасаа хойш эхний зургаан сар “эсгий хийж” ирсэн түр хороо УИХ-ын 75-р тогтоолоор өнгөрсөн арванхоёрдугаар сард дахин зургаан сараар сунгагдсан ч дорвитой ажиллаж чадахгүй байгаа нь олон талаараа хардлага төрүүлэх болсон юм.

Тодруулбал, Хянан шалгах түр хороо энэ сарын 10-12-ны өдрүүдэд нүүрс, тээврийн асуудлаарх нээлттэй сонсголыг зохион байгуулахаар товлосон боловч гэнэтхэн хойшлуулсан. Хянан шалгах түр хороог даргалж буй Г.Ганболд гишүүний яриагаар АТГ-аас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарах зарим мэдээлэл сонсголоор ил болж ажиллагаанд саад учруулж болзошгүй тул сонсголыг хойшлуулах санал гаргасныг хүлээж авч шийдвэрлэсэн гэж тайлбарласан билээ.

Хэрэв тийм бол өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны сонсгол ч мөн энэ жишгээр болохгүй байх байсан.Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Түр хорооны тайлангаа танилцуулах үеэрээ “Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтуудыг цуглуулах явцад хэрэгт холбогдсон хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан учраас АТГ, Прокуророос мөрдөн шалгах ажиллагааны нууц гээд баримт материалаар хангаж өгөхөөс татгалзсан. Тиймээс данс хөөх аргыг ашиглаж 90 хувьд шинэ нотлох баримтуудыг цуглуулж чадсан юм.Харин хуулийн байгууллагын шалгаж байгаа асуудлаар парламентын мөрдөн шалгах ажиллагааг явуулж болохгүй гэж тогтоолд тусгасан байсан бол цаашид ийм түр хороо ажиллах боломжгүй. Харин парламент ард түмний хамгийн дээд байгууллагын хувьд олон нийтийг мэдээлжүүлэх, нээлттэй ил тод байх үүргээ Хянан шалгах түр хороогоор дамжуулан биелүүлж байгаа нэг хэлбэр юм” гэж хэлсэн агуулгыг харахад ч Нүүрс тээврийн асуудлаарх Хянан шалгах түр хороог даргалж байгаа Г.Ганболдын тайлбар шалтгаан биш, шалтаг болж байгаа нь илт.

Цаад агуулгаараа эрх баригчид нүүрсний сонсгол явуулах дургүй байна уу гэсэн хардлагыг эс үйлдэхгүйгээрээ харуулж байх шиг. Тухайлбал, нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан, А.Адьяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар яллагдагчаар татагдсаны тав нь МАН-ын гишүүд. Үлдсэн хоёр нь Ардчилсан намын гишүүн байдаг.

Өнгөрсөн сар прокуророос Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг УИХ-д хүргүүлж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед эрх баригч нам Н.Наранбаатарыг хамгаалж авч үлдэнэ Т.Аюурсайханыг сөрөг хүчний гишүүн Д.Бат-Эрдэнийн хамтаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тэрний өмнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Том зургаар нь харвал нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь МАН-ын гишүүд, тэдний хамаарал бүхий хүмүүс болж таарч буй юм.Тиймээс тэд асуудлыг унтуулах шинждээ орж, болж өнгөрсөн бужигнаанаанаар сэдвээ хаахыг хүссэн бололтой.

Уг нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга Хөгжлийн банк, нүүрсний гэх хэрэгт ижил байр суурьтай хандаж хуулийнхныг шахаж ажиллаж байгаа гэж харагддаг. Гэтэл УИХ-аас байгуулагдсан нүүрс тээврийн асуудлаарх Хянан шалгах түр хороо бүтэн 10 сарын хугацаанд ямар ч шийдэлд хүрч чадсангүй. Тиймээс хариуцлагыг түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдоос нэхэх цаг тун ойрхон байгааг санах хэрэгтэй болжээ. Улс төрийн хүрээнд ч чадамжгүй улстөрчөөр Хянан шалгах түр хороог удирдуулснаас үүдэж парламентын авах арга хэмжээг сулруулж, асуудлыг зориудаар бүдгэрүүлэх гэсэн оролдлого ажиглагдаж эхэлсэн талаар ярих болсон.

Зүй нь бол УИХ-ын гишүүн Г.Ганболдын ахалж буй Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны нээлттэй сонсгол шиг олон нийтийг нүүрс, тээвэртэй холбоотой асуудалд баримттай, бодит мэдээллээр хангаж, нотлох баримтыг шинжлэн судлах ёстой. Гэтэл мань хүн өөрөө ч нүүрсний хэрэгт холбоотой талаарх мэдээлэл зарим хэвлэлүүдэд гарч, нүүрсний сонсгол удааширж эхэллээ. Товчхондоо муу даргын нэрд чирэгдэж нүүрээ түлж, хариуцлага хүлээж шийтгүүлэхийг хүсэх хэн байх билээ дээ.

Асуудлын гол нь Түр хороо татан буугдахаасаа өмнө нүүрс, тээврийн асуудлаарх нээлттэй сонсголыг яаралтай хийх шаардлагатай бөгөөд УИХ-д тайлангаа танилцуулах өдрийг хүртэл хоёр сар хүрэхгүй хугацаа үлдчихээд байна. Ирэх долоо хоногоос ҮХНӨ-ийг төсөл өргөн баригдах төлөвтэй байгаа. УИХ Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ-ийн төслийг хүлээж аваад хэлэлцээд эхэлчихвэл дундуур нь өөр асуудал хэлэлцэхгүй 45 хоног үргэлжлэх хуультай. Үүний араас сонгуулийн хууль, намын хууль болон бусад багц хуулиуд гээд УИХ-аар олон чухал хуулийн төслүүд хэлэлцэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Г.Ганболдын нүүрсний сонсгол явуулах цаг хугацаа улам л давчуу болох юм. Дахин сануулахад сонсголоо зохион байгуулж чадахгүй бол эрхэм гишүүнд ирэх сонгуулиар иргэд дүнгээ хатуухан л тавих байх даа.

Нэхмэл хүүхэлдэйн уран бүтээлч Д.Нина: Миний дотор жаахан охин бий, монос цэцэглэх цагаар үзэсгэлэнгээ гаргасан минь учиртай
Нэхмэл хүүхэлдэйн уран бүтээлч Д.Нина: Миний дотор жаахан охин бий, монос цэцэглэх цагаар үзэсгэлэнгээ гаргасан минь учиртай
 
АН: Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.