Ойрын өдрүүдэд “Нина 41” нэртэй үзэсгэлэн “B Contemporary” арт галлерейд гарч, урлаг сонирхогчдын анхааралд өртөөд байна. Тус уран бүтээлийн эзэн болох ахмад багш Д.Нина хөл хорионы цагийг ашиглан дэгээ зүүний нэхмэлээр хүүхэлдэй урлаж сурчээ. Түүнээс хойш өөрийн уран бүтээлээ тасралтгүй туурвиж ийнхүү үзэсгэлэнгээ дэлгэж байна. Тус үзэсгэлэнд дэлхийн алдарт зураач Ван Гог, Фрида Кало, Адольф Гитлер, Чарли Чаплин, их эрдэмтэн Б.Ринчен, В.Путин Зеленский нарыг оролцуулсан “Дайн дуусаасай” хэмээх нэртэй уран бүтээлүүд ч заларсан нь эрхгүй нүдэнд тусах аж.
Түүний уран бүтээлийн онцлог нь дэлхийн алдартнуудын нүүр царай буй төрхийг нэхмэлээр урладагт оршино. Хамгийн хайртай бүтээл нь эх зохиолч Д.Нацагдорж бөгөөд урлаж байхдаа түүний түүх намтрыг бодож нулимс дуслуулан сууж байсан талаараа дурсаж байлаа. Ингээд түүний ярилцлагыг уншигч танд хүргэе.
-Үзэсгэлэнгээ монос цэцэглэх цагаар нээж, “Нина 41” хэмээн нэрлэсний учир юу вэ. Надад их сонирхолтой санагдлаа?
-Уг нь үзэсгэлэнгийн нэрний утга учраа нууцалж байсан юм. Гэхдээ чамд хэлж орхиё. 41 гэдэг тоо чинь Нина л гэсэн үг. Цагаан толгойн үсгийн дарааллаар “Н” үсэг 15, “И” үсэг 10, “А” үсэг эхэнд бичигддэг шүү дээ. Миний нэрэнд “Н” үсэг хоёр ордог. Ингээд тус тоонуудын нийлбэрээр 41 гэсэн утгыг зааж байгаа юм даа.
Дараагийн үзэсгэлэнгээ “Нина 42” гэж гаргадаг юм бил үү. Эхний үзэсгэлэн дөнгөж гарч байхад л дараагийнх нь санаа ороод ирэх юм. Саяхан хөлбөмбөгийн ДАШТ болсон. Би шөнөжин хөл бөмбөг үзсэн. Дараагийн үзэсгэлэнд оруулах бүтээлийнхээ дүрийг сонгох гээд тэр шүү дээ.
-Нууц биш бол хэнийг дүрээрээ сонгосон бэ?
-Францын хөлбөмбөгч Мбаппэг сонгож аваад нэхээд эхэлчихсэн. Өнгөт арьстан болохоор надад их таалагдсан.
-Монос цэцэглэх цагаар л үзэсгэлэнгээ гаргана гэсэн байсан даа?
-Би мод тарих их дуртай. Мойлыг үрслүүлээд 1000 мод болгож байсан юм. Монос цэцэглэх цагаар хүмүүс энерги авахаар нөмөрт нь суудаг юм л даа. Тиймээс л Монос цэцэглэх цагийг дөхүүлээд гаргалаа. Хайрлам мод шүү.
-Төлөвлөгөө яг таарч. Одоо хоёулаа анх бүтээл хийж эхэлсэн тэр онц цаг хугацааг эргэн санавал?
-Цар тахал гарахаас өмнөхөн зээ охиныхоо технологийн хичээлийг хийж өгөх гээд хүүхэлдэй нэхсэн юм. Тэгсэн гологдсон. Харин хөл хорионы үеэр юм нэхье гэж бодоод Адольф Гитлер, Чарли Чаплин хоёрыг нэхсэн. А.Гитлерийг нэхэхэд нэлээд цаг хугацаа шаардсан даа.
-Зарим уран бүтээлчид миний бүтээлүүдийг үзчихээд “Хөдөө жинхэнэ авьяастан байдаг юм байна” гэж хэлсэн дээ-
-Таныг өөрөө ч мэдэлгүй бүтээл туурвиж байсныг хүү тань олж нээсэн гэдэг байх аа?
-Миний хүү мэргэжлийн зураач байдаг юм. Яг хөл хорио тавигдсаны дараа хөдөө гэртээ ирээд миний хүүхэлдэнүүдийг үзээд “Ээж минь ёстой хөөрхөн нэхэж байна. Урлагийн бүтээл болговол яасан юм” гэж анх санаа гаргасан. Би ч бодож үзээд хөдөө урлаг соёлын тоглолт зохиогддог хэрнээ дүрслэх урлагийн үзэсгэлэн гардаггүй юм байна гэдгийг ойлгосон. Ингээд “Хөх зэв” нэгдэл, “Дөрвөлжин дугуй” сийлбэрийн залуучуудтай нийлж анх удаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Зүү” олон улсын наадмыг зохиосон. Түүнд ирсэн уран бүтээлчид миний бүтээлүүдийг үзчихээд “Хөдөө жинхэнэ авьяастан байдаг юм байна” гэж хэлсэн дээ. Тус үзэсгэлэнд оролцсон нь миний анхны алхам шүү дээ. Тус үзэсгэлэнд ирсэн бусад бүтээлүүдийг ч харчхаад би хувьдаа контенпрари чинь ёстой орчин үеийн урлаг юм байна гэж ойлгосон.
-Хүүхэлдэйн үзэсгэлэн гарч гэж би лав сонсоогүй санагдах юм. Тэр тусмаа алдартнуудын хөргийг бүтээсэн үзэсгэлэн гарч байгаагүй байх шүү?
-Хүүхэлдэй урладаг хүмүүс олон бий. Хүмүүс их нэхдэг болсон. Гэхдээ олны танил хүмүүсийн царай төрхийг нэхдэг гэдэг утгаараа анхдагч болсон байна гэж хүмүүс хэлээд байгаа юм. Би анхдагч нь болж байна л гэж ойлгосон.
-Уран бүтээлч би 65 настай. Гэтэл миний дотор бяцхан охин ороод суучхаад байдаг юм шүү дээ-
-Пабло Пикассо “Рафаэло шиг зурж сурах гэж би дөрвөн жилийг, харин хүүхэд шиг зурахын тулд бүх амьдралаа зарцуулсан” хэмээн хэлж байсан юм билээ. Гэтэл би сая таны бүтээлийг үзээд явж байхдаа нэг тийм хүүхэд ч юм шигээр өөрийгөө төсөөлсөн мэдрэмжид автлаа?
-Харахаар тоглоом юм шиг хэрнээ цаанаа их утга агуулж байгаа. Яг үнэндээ уран бүтээлч би 65 настай. Гэтэл миний дотор бяцхан охин ороод суучхаад байдаг юм шүү дээ /инээв/. Тийм болохоор чамд тэгж санагдсан байх. Би өөрөө цэцэрлэгийн багш байсан хүн. Хүүхдэд ойрхон ажиллаж байсан болохоор тийм болдог ч байж магадгүй. Мөн хүүхэлдэйнд их хайртай. Надад 40 гаран жил болж байгаа Оросын хүүхэлдэй ч байж л байна. Эмээ болчихсон хэрнээ л хүүхэлдэй сонирхоод байх юм. Гайхмаар.
-Хүүхэлдэйг хайрлана. Хүүхэлдэйг бүтээнэ. Хүүхэлдэйнд гаргадаг цаг зав их байх нь?
-Дүрээсээ л шалтгаална. Ганцхан дүрт мөртлөө царай нь гарч өгөхгүй хүмүүс ч байдаг юм. Жишээ нь, их зохиолч Д.Нацагдоржийг би хийх гэж нэлээд л оролдсон. Яг болж өгөөгүй хэрнээ миний хамгийн хайртай бүтээл. Д.Нацагдорж маань жаахан нийтлэг төрхтэй хүн юм билээ. Гэхдээ шилээпэн малгай, трүф хоёроор нь илэрхийлж болж л байгаа юм л даа. “Миний нутаг” шүлэгт нь тааруулж хээр талд хэвтэж байгаагаар хийсэн ч дүрээ харахаар л гунигийн сэтгэл төрдөг юм. Хайран сайхан сэхээтэн залууг яаж тамалж байсан юм бэ гэж бодоод хэцүү санагддаг /санаа алдав/.
-Хүний хамар, ам, царай төрхийг нэхээд гаргаад ирсэн гэхээр надад их хачирхалтай санагдаад байгаа юм даа?
-Хамрыг бол нэхнэ. Заримдаа нүд, нүүрний үрчлээ зэргийг зурна л даа. Зөвхөн дүр бүтээхийн хажуугаар жижиг хэрэгслүүдэд ч гэсэн их цаг зав зарцуулна. Жишээ нь, Эйнштений сууж байгаа мэлхийг л хийхэд маш их цаг хугацааг шаардсан.
-Хүмүүс таны уран бүтээлийг ойлгож, хүлээж авах нь хэр байна даа. Хүн болгонд ойлгуулах албагүй ч доромж маягаар хандаад байдаг хүмүүс байдаг шүү дээ?
-Сайхан хүлээж авч байна. Хүүхдүүд ирж үзэхдээ хүүхэлдэй болохоор нь гар хүрэх гээд байдаг юм. Эхний удаа болон хоёрдох удаагаа авах гэж оролдоод сүүлд нь үзэсгэлэн үзэх соёлд суралцчихдаг байхгүй юу.
-“Зэрэг нэмэхийн өмнө” киноны дүрүүд л гэхэд “Төрийн ордны тамхины цэг, цүнх баригч” гэж...-
-Та ер нь хэдэн нас хүртлээ ингээд уран бүтээлээ туурвих хүн бэ. Лавтай 30 жил туурвих байх аа?
-Тэгэхээр би 95 нас хүртлээ уран бүтээл туурвих нь байна. Амны бэлгээр болог. Одоо олон бүтээлийн хойноос биш чанарын хойноос явна л гэж бодож байна даа.
-Бүтээлүүдийн нэрс их сонирхолтой санагдаад байх юм?
-Ерөнхийдөө кураторуудтайгаа ярилцаж байгаад л өгсөн нэр. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны дүрүүд л гэхэд “Төрийн ордны тамхины цэг, цүнх баригч” гэж байх жишээний.
-Таны уран бүтээлүүдийн жижиг хэсгүүдийг хараад байхад тухайн хүнийхээ түүхтэй холбоотой байгаад байх шиг санагдлаа. Жишээ нь, Фрида Кало л гэхэд осолд ороод хөлгүй болсон байдаг. Гэтэл таны бүтээлд яг л туссан байх юм?
-Тийм. Мэдээж шууд цээжний бангаар хийчихгүй эхлээд судална. Жишээ нь Абрахам Линколн л гэхэд түлээчин хүн байсан. Түлээчнээс АНУ-ын ерөнхийлөгч болсон байдаг. Тухайн хүний ажил үүрэгтэй чиг болгодог үг нь “Намайг найман цаг түлээ хагал гэвэл зургаан цагт нь би сүхээ ирлэнэ” гэсэн үг. Тиймээс гарт нь сүх бариулж нэхсэн. Фрида Калогийн хувьд осолд орж хүзүү нүрүү нь тэр чигтээ гэмтсэн. Тэгсэн мөртлөө л амьдралын үнэ цэнийг ойлгож цаг хугацаатай уралдаж уран бүтээлэ эхийдэг байсан хүн шүү дээ. Сүүлийн үзэсгэлэндээ ортойгоо ирж оролцож байсан юм билээ. Тиймээс бүтээлээ амьтай байлгах гэж тэгэж хийсэн шүү дээ.
-Надад бас Б.Ринчен гуайг хийгээд бүтээлээ “Үүрийн туяа” гэж нэрлэсэн нь их таалагдсан. “Үүрийн туяа” романыг бодож нэр хайрлав уу?
-Би Б.Ринчен гуайг хоёр удаа харж байсан. 1970-аад онд гэх юм уу даа. Яг хоёр удаа харсан тэр дүр зургаараа бүтээсэн гэх юм уу даа. Дээл өмсөөд, доогуур нь ботинк өмсөж явдаг хүн байсан санагддаг.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс та бүхэнд сонирхуулья
Гоген намайг орхиод явсан
Винсент Виллем ван Гог (1853 - 1890)