“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өчигдөр хэлэлцэн баталлаа. Төлөвлөөг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал танилцуулсан юм.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны санхүүжилтийн тусламжтайгаар боловсруулсан “Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө” нь хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл юм. Энэхүү төсөл нь эрчим хүч, ундны ус, хог хаягдал, үйлдвэрлэл, барилга байгууламж, газар ашиглалт болон зам тээвэр гэсэн үндсэн 7 салбарыг хамарч байна.
Хотын хөгжилд олон салбарыг хамруулсан нэгдсэн цогц төлөвлөгөө шаардлагатайн хувьд эдгээр 7 салбарыг хамарсан нь өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий стратегийн 4 зорилттойгоор төлөвлөжээ.
Агаар орчны бохирдлыг хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал танилцуулгадаа “Агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүч болон зам тээврийн салбарт тодорхой өөрчлөлтийг хийж тэдгээрээс агаарын чанарт үзүүлдэг сөрөг нөлөөллийг бууруулна” гэдгийг онцоллоо.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах чиглэлд тодорхой ажлыг төлөвлөжээ. Эдгээр ажил нь байгальд түшиглэсэн арга барилд суурилснаараа онцлогтой байна. Иргэдийн ая тухтай амарч зугаалах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн олон төрлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах ажлууд ч орхигдоогүй. Мөн хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирын танкаар хангах, бохир усны шугам сүлжээг сэргээн засварлах, борооны ус хураах систем нэвтрүүлэх, “Туул” усан сан цогцолбор байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ” гэдгийг онцоллоо.
“Улаанбаатарыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх санхүүжилтийн тодорхой хувийг нийслэлийн Ногоон сангаас гаргах боломжтой бөгөөд “Нийслэл хотыг хөгжүүлэх хэтийн зорилт” бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нийслэл хотыг ногоон байгууламжтай болгож иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах нь чухал гэдгийг онцолж, тус төлөвлөгөөг захирамжаар баталж хэрэгжүүлэхээр боллоо.