Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Атарболд: “Намайг аваад үлдээч“ кино гарсны дараа түүнийг эхнэрээ болгоод аваад үлдчихсэн дээ

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
10 минут 26 секунд

"Намайг аваад үлдээч" МУСК-г үзээгүй хүн цөөхөн байх. Жирийн л монгол залуусын хайр дурлал хийгээд маш гэгээлэг ертөнцийг энгийн хэрнэ үнэн өгүүлсэн цөөхөн хэдэн бүтээлийн нэг гэхэд хилсдэхгүй. Тэр ч утгаараа тус киноны хоёрдугаар анги өнөөдрөөс эхлэн кино театруудын дэлгэцнээ тавигдах гэж байна.

Иймд бид Монголын кино урлагт хүч төрөн гарч ирж буй шинэ бас залуу продакшн болох "Дөрвөн бэрх филм"-ийн найруулагч, жүжигчин Б.Атарболд болон түүний гэргий жүжигчин Ш.Саранбилэг нарыг энэ удаагийн ярилцлагынхаа буланд урин оролцууллаа.

-Сайн байцгаана уу. Юуны өмнө өөрсдийгөө танилцуулахгүй юу?

-Б.Атарболд: Намайг Болдбаатарын Атарболд гэдэг "Дөрвөн бэрх филм"-ийн үүсгэн байгуулагч, найруулагч, жүжигчнээр ажилладаг. "Намайг аваад үлдээч" МУСК-ны найруулагч, жүжигчнээр ажилласан.

-Ш.Саранбилэг: Харин намайг Шонхооны Саранбилэг гэдэг. "Сити" дээд сургуулийг 2015 онд жүжигчний мэргэжлээр төгссөн. МУГЖ С.Оюундарь багшийн шавь. "Намайг аваад үлдээч" МУСК-ны нэгдүгээр ангийн гол дүрийн жүжигчнээр ажилласан.

-"Намайг аваад үлдээч" МУСК-ны нэгдүгээр анги хэдэн онд гарсан бэ?

-Б.Атарболд: 2018 онд би болон миний хэдэн найзууд нийлээд "Дөрвөн бэрх филм"-ийг үүсгэн байгуулж байсан юм. Тэгээд 2018 оны наймдугаар сард "Намайг аваад үлдээч" МУСК-г хийж, 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийж байсан юм. Тухайн үед олны танил жүжигчид тоглоогүй түүнээс гадна маш цөөхөн хүн үзлээ дээ гээд битүүхэн гомдолтой байсан ч дажгүй кино болсон доо гээд өөрсдөөрөө бахархаж байсан юм.

Гэтэл төд удалгүй Ковидын үе таараад найзуудтайгаа ярилцаад өөрсдийнхөө киног үнэгүй цацаад үзье, дүнгээ тавиулъя гээд цахим орчинд цацаж байсан юм. Гэтэл үзэгчдээс маш сайхан сэтгэгдлүүд ирсэн. Үүнээсээ үүдэн "Намайг аваад үлдээч" МУСК-ны II ангийг хийх ташуурыг авсан гэж бодож байгаа.

-Та хэдэн найзтайгаа нийлээд "Дөрвөн бэрх филм"-ийг байгуулсан гэлээ. Ямар хүмүүс байсан юм бэ?

-Б.Атарболд: Хүмүүс сайн танина. Ковер дуу дуулдаг Г.Өлзий мөн нэгдүгээр ангид тоглодог Бооёо маань, Б.Нямдэлгэр, Ч.Ганбаатар гээд бидний хэдэн нөхөд тухайн үедээ маш зоригтой хөдөлж байсан юм. Түүгээрээ ч оносон гэж бодож байгаа.

-Жүжигчин Ш.Саранбилэг таны хувьд энэхүү кинонд яагаад тоглох болов?

-Ш.Саранбилэг: Би дөнгөж төгсөөд байж байхад манай ангийн залуус "Дөрвөн бэрх филм"-ийг байгуулаад ажиллаж байгаа гээд ярьж байсан юм. Би тухайн үедээ өөр ажил хийдэг байсан л даа. Гэтэл манай ангийн хүүхдүүд намайг "энэ киноны гол дүрд тохирох байх, чи хүрээд ир" гэсэн юм. Тэгээд л киноныхоо зохиолыг аваад уншаад үзтэл надад маш их таалагдсан.

Миний өөрийн характертай ч дөхөм санагдаж байсан юм. Гэхдээ киноны гол дүрд тоглох гэж чамгүй урт хугацааг өнгөрүүлсэн. Ойролцоогоор 14 хоног үнэд ороод тэгээд л нэгэнт жүжигчний мэргэжлээр төгссөн юм чинь үзээд алдъя, мэргэжлээрээ ажиллаад үзье гээд кинондоо орсон. Гэтэл киноны маань баг хамт олон маш их таалагдсан.

-Ер нь яагаад энэхүү киног хийх болсон юм бэ?

-Б.Атарболд: "Зөрүүд эрийг номхотгосон нь" гэдэг кино байдаг шүү дээ. Түүнээс санаа авч, бид ярилцаад өөрсдийн хөрсөн дээр буулгаад ямар ч хар бараан зүйлгүй, гэгээлэг кино хийе гэж ярилцсан юм. Гэтэл үзэгчид киног маань үзээд маш гэгээлгээр хүлээж авсан. Тиймээс энэ нь хоёрдугаар ангид маш том хариуцлага үүрүүлж байгаа юм. Тэр сайхан үнэ цэнтэй байр суурийг алдчих вий гэсэн ачаа бидэн дээр ирсэн.

Миний хувьд найруулагч, жүжигчнээр ажилласан учир үүнд маш их анхаарч, киноныхоо нандин бөгөөд гэгээлэг чанарыг алдахгүй барихыг хичээсэн. Үүнийг маань үзэгчид үнэлж, дүгнэх байх.

-Нэгдүгээр анги дээр та хоёрын хувьд хайр сэтгэлтэй болж буй хосуудын дүрд тоглодог шүү дээ. Тэр үед үзэгчид та хоёроос гадна "Жаргал, Ариука" хоёрыг нийлэх байх гэж битүүхэн горьдож байсан гэхэд буруудахгүй байх. Тэгвэл хоёрдугаар анги дээр тэр хоёрын хайрыг өгүүлэх үү. Жаахан спойлердвол?

-Б.Атарболд: Ариука, Жаргал хоёрын романс болно. Гэхдээ тийм ч амархан бүтчихгүй. Хүний амьдралд ямар саад, бэрхшээл тулгардаг түүнийг л туулна. Бүгд дардан бүтнэ гэж байхгүй шүү дээ. Түүнээс гадна маш сонирхолтой гоё дүрүүд орж ирнэ. Ерөнхийдөө ярих гэхээр бүх үйл явдлаа ярих гээд байгаа тул үзэгчид маань үзээд асуултынхаа хариултыг авах байх.

Мөн киног маань манай Г.Өлзийгийн дуулсан "Огторгуй" гэдэг киногоор үзэгчид маш сайн таньдаг гэж боддог юм. Тиймээс би нэг зүйлийг боддог.

7 хүн ба инээмсэглэж буй хүмүүс нарын зураг байж магад

Бид хоёр 2018 онд нэг гэрт орсон юм. Киноны маань нэг гэрэлтэй сцень байдаг, Г.Өлзий маань "Огторгуй" гэдэг дуугаа дуулаад л, бид хэд урд нь сууж байдаг хэсэг байсан юм. Тэр зураг бол натурын маань хамгийн сүүлийн зураг байсан. Яг л зуслангаас явахад бүгдийнх нь сэтгэл сонин болдог шиг надад ч мөн тэр мэдрэмж төрж байсан.

Тухайн үедээ манай Минжээ буюу миний гэргий Ш.Саранбилэг хөөрхөн харагдаад л, татагдаад л байсан. Гэхдээ би тэр үед гэргийдээ хайртай болчихсон гэдгээ ч мэдээгүй байсан юм. Тэгээд л "Огторгуй" гэдэг дуу маш их нөлөөлсөн юм шиг санагддаг. Мөн маш их нандин дурсамжийг сануулж байдаг юм.

-Та хоёр киноныхоо дараа нэг гэр бүл болсон юм байна шүү дээ. Тэгвэл гэргийнх нь хувьд тухайн үед ямар мэдрэмжийг авч байсан бэ. Киноны явцын дунд бие, биедээ татагдсан уу?

-Ш.Саранбилэг: Би өөрөө тийм ч их сэтгэл хөдлөлтэй хүн биш юм шиг байгаа юм. Кинон дээр романс үүсгээд байгүй л дээ. Дүрээ л гаргаж байсан. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр надад хань маань маш их анхаарал тавиад эхэлсэн л дээ. Тухайн үедээ эмэгтэй хүн юм хойно анхаарал тавиад байна уу даа гэж л харсан. Гэтэл натураас буугаад хотод ирснийхээ дараа нөгөө хайр, халамжийг үгүйлээд байсан л даа.

Түүнээс гадна би анх киноныхоо зохиолыг унших гээд Атараагийнхаа гэрт орж байсан юм. Тухайн үедээ гэрт нь ороод "За би Атараатайгаа сууна аа" гээд л амнаас маань унаж байсан санагдаж байна. Яагаад тэр үед тийм үг амнаас маань уначихсан юм бүү мэд, яг л миний хэлснээр болчихсон. Одоо ч гайхаад байдаг юм.

-Тэгвэл та /Б.Атарболд/ Минжээгээ /Ш.Саранбилэг гэргий/ аваад үлдчихсэн юм байна шүү дээ?

-Б.Атарболд: Тийм шүү. Гэхдээ бид хоёр одоо ярьдаг юм. Хоёулаа хэзээ нэг гэрт орчхов доо гээд. Ер нь бол би чинь нөгөө түлээ гэдэг нь шүү дээ. Ядаж үерхье гэж гуйж байгаагүй, нэг л мэдэхэд нэг гэрт орчихсон одоо хөөрхөн охины аав ээж болчихсон явж байна. Ингээд бодоход кино маань бид хоёрыг холбочихсон гэхэд буруудахгүй байх.

-Хүмүүс та хоёрыг нэг гэр бүл болсныг төдийлөн сайн мэддэггүй юм шиг байна?

-Б.Атарболд: Хүмүүс төдийлөн мэддэггүй юм. Кино маань биднийг мөнгө санхүүгийн хувьд маш их шатаасан ч миний хувьд хайртай минь учруулж өгсөн. Тиймээс энэхүү кино маань цаашид олон үзэгчдэд хүрэх байх гэж найдаж байна.

Тиймээс хоёрдугаар ангийг маань үзэх гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд урмыг тань хугалахгүй, маш сайхан мэдрэмжийг авах байх гэж хэлье.

-"Намайг аваад үлдээч" МУСК-аас гадна "Амьд бус амьдрагсад" олон ангит киног "Дөрвөн бэрх филм" бүтээсэн үү?

-Б.Атарболд: Тийм. Киноны зохиол эхлээд зураг дуусан дуустал манай "Дөрвөн бэрх филм" хариуцаж байсан. Түүнээс хойш "Мэлмий" энтертайнмент хариуцсан.

-"Намайг аваад үлдээч" МУСК хэзээнээс эхлэн кино театруудын дэлгэцнээ гарах вэ?

-Өнөөдөр буюу 2023.04.14-ний өдрөөс эхлэн Тэнгис, Соёмбо, Cinema Next кино театруудаар үзэгчдэд хүрэх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Бат-Эрдэнэ: Хуулийн төсөлд сонгуулийн зардлыг 50 хувиар бууруулж, санал авах өдрийг зургаан хоног болгох зохицуулалт туссан
Д.Бат-Эрдэнэ: Хуулийн төсөлд сонгуулийн зардлыг 50 хувиар бууруулж, санал авах өдрийг зургаан хоног болгох зохицуулалт туссан
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.