Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар УИХ-ын ээлжит сонгуулийг холимог системээр явуулах агуулгатай холбогдуулан сонгогчдын санал өгөх процесст ямар өөрчлөлтүүд орох талаар СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцсаныг хүргэж байна.
-УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн 74 хувь нь Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ. СЕХ уг хуулийн төсөлтэй танилцаж, саналаа хүргүүлсэн үү?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан буюу УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгээс боловсруулсан сонгуулийн хуулийн төсөлтэй бид танилцаж саналаа хүргүүлсэн байгаа. Харин АН-аас боловсруулсан хуулийн төслийг манай хороонд танилцуулаагүй учраас санал хүргүүлж амжаагүй. Хоёр хуулийн төсөл дээр ижилхэн зүйл нь хосолмол тогтолцоотой байх асуудлыг тусгасан байна. Хэрвээ аль нэг хуулийн төсөл нь батлагдвал СЕХ-ноос сонгогчдод бүтэн жилийн хугацаанд санал дугуйлах заавар болон сонгуулийн хуульд орсон өөрчлөлтүүдийг дэлгэрэнгүй хүргэх шаардлага тулгарна.
"Нэг нэр дэвшигч тойрогтоо 400 сая төгрөг зарцуулдаг ч гүйцэтгэл 60-70 хувьтай үнэлэгддэг байдлыг хална"
-Сонгуулийн зардлыг бууруулах заалт хуулийн төсөлд туссан байсан. УИХ-ын гишүүд ч мөн зардлыг бууруулах асуудлыг дэмжиж байна. Өнгөрсөн удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиудад зардал хэрхэн тусч байв. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд бодитоор яаж зардлыг бууруулахаар тооцоолсон бэ?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөлд үзэл баримтлалын хувьд саналаа гаргасан.Энэ хүрээнд сонгуулийн сурталчилгааны арга барил буюу зурагт самбар, ухуулга хуудас, ухуулагч нарын тоо, хэвлэмэл хуудас, тээврийн хэрэгсэл гэсэн хамгийн их зардал гардаг арга хэлбэрүүдийн тоо хэмжээг хуулийн төсөлд бууруулж зохицуулсан байна лээ.
Тухайлбал, сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн зардлыг 50 хувь, Хэвлэмэл материал 30 хувь, Ухуулах хуудас 50 хувь, Зурагт самбарын зардлыг 60 хувь буурах гэх мэт. Ойролцоогоор зардал тус бүрийг 30-60 орчим хувиар буурах боломжтой гэж тооцоолсон байна. Нийт зардлыг дундажлахад 48-50 хувь буурна гэж үзсэн.
Аудитын байгууллагаас зардлын дээд хэмжээг яг буурсан хэмжээтэй дүйцүүлээд тооцоолоход 2020 онд тухайн тойрог дээр гарч байсан зардал одоо гарах зардлын хэмжээ хоёр 50 хувиар буурч тогтоогдохоор байгаа.
Гэхдээ тойрог бүр харилцан адилгүй зардал гаргадаг. Дунджаар тойрогт нэг нэр дэвшигч 400 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ бол зөвхөн дээд хэмжээ. Хамгийн сонирхолтой нь зардлын гүйцэтгэлд аудит дүгнэлт хийхэд дээд хэмжээний зардалд хүрдэггүй гэсэн дүн мэдээ байдаг. Гүйцэтгэл 60-70 хувьтай гардаг гэсэн үг. Энэ нь 200 сая орчим төгрөгийн бодит зардал л гардаг байх жишээтэй. Тиймээс яг бодитоор гарч байгаа зардлын хэмжээнд нь баланслах боломжтой гэж харж байгаа.
-Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах, сурталчлах арга хэрэгсэл бүхий Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтыг яаж тусгаж байгаа вэ?
-Хосолсон тогтолцоогоор сонгууль явуулах шаардлага тулгарсан тохиолдолд сонгуулийн сурталчилгаа телевиз, радиогоор өмнө нь яаж явдаг байсан түүгээрээ явна. Харин МҮОНТ үнэ төлбөргүйгээр тодорхой эфирийн цагаа өгдөг. Энэ нийт цагийнх нь тал хувь нь сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдэд зориулагдах юм. Үүнд нам, эвслүүд цэвэр мөрийн хөтөлбөрөөрөө мэтгэлцээн хийх зохицуулалт хуулийн төсөлд орсон. Бусад хэрэгслээр явуулах сурталчилгаа хуучнаараа л явна.
"СЕХ сонгууль зохион байгуулахаас гадна сонгогчдын гомдлыг шийдвэрлэх эрхтэй болно"
-Сонгуулийн үед сонгогчдын нэрийг давхардуулдаг асуудалд олон нийтийн зүгээс багагүй анхаарч байна. Өмнөх сонгуулийн дараа ч мөн улс төрийн нам, эвслээс ийм шүүмжлэлүүдийг хэлдэг. УБЕГ-аас санал өгөх иргэдийн нэрс, санал өгөх тойргийн хаягийн хамаарлыг давхар хянах уу?
-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд СЕХ-ноос гадна 29 төрийн байгууллага оролцдог. Сонгогчдын нэрсийг жагсаалт буюу үндсэн суурийг УБЕГ хуулиараа бүрэн хариуцаж хийж ирсэн. Гэтэл СЕХ сонгууль зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж байгаа мөртлөө нэрсийн жагсаалттай холбоотой гомдол гарахад шийдвэрлэж чаддаггүй гэдэг асуудлууд үүсэж ирсэн. Үүнийг хуулийн төсөлд зохицуулах заалт тусгагдсан.
Ингэхдээ шаардлагатай гэж үзвэл сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой гомдол мэдээллийг СЕХ мэдээллийнх нь хэмжээнд шалгах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, асуудал үүссэн тохиолдолд УБЕГ-аас СЕХ нотлох баримтуудыг авах эрхтэй болж байна гэсэн үг. Хэрвээ зөрчилтэй гэж үзвэл холбогдох хуулийн байгууллагад шилжүүлж зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгөх эрхтэй байхаар зохицуулалтыг оруулж өгсөн.
УИХ-ын гишүүд ч мөн нэрийн жагсаалтыг онлайн болгох асуудлыг хөндөж байна. УБЕГ-аас цахим үйлчилгээтэй холбогдуулан тайлбараа хэлдэг. Тухайлбал, нь сум, хорооны түвшинд хамгийн багадаа онлайн байж болно. Харин хэсгийн хороод маань багуудад мөн байгуулагддаг. Энэ үед нөгөө нэрийн жагсаалт онлайн байх дэд бүтэцгүй болчхоод байгааг мэдээлдэг. Магадгүй үүнийг нь шийдээд өгвөл сонгогчийн нэрсийн жагсаалт гэдэг зүйл нэг л баазтай болно гэсэн үг. Ингэснээр хэл ам гарах магадлал улам л багасна.
"Гадаадад байгаа сонгогчид дөрөв хоногийн хугацаанд саналаа өгдөг болно"
-2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэдээс саналыг нь авсан байдаг. Тухайн үед хуульд зааснаар хоёр хоногийн хугацаанд санал авах зохицуулалтыг хийдэг байсан байна. Одоогийн хуулийн төсөлд хугацааг хэрхэн тусгасан байгаа вэ?
-Хуулийн төсөлд гадаад улсад байгаа иргэд саналаа өгнө гэдгийг шууд тусгаж өгсөн байгаа. Санал авах хугацааг дөрөв хүртэлх хоног байж болно гэж заасан. Гадаадад байгаа иргэдийн саналаа өгөх процесс жаахан төвөгтэй байдаг. Эхлээд тухайн иргэн сонгуульд саналаа өгөх саналаа илэрхийлдэг. Түүнийг нь үндэслэж овог, нэрийн жагсаалт гэж үйлддэг. Тэгтэл нөгөө иргэн маань эхэнд илэрхийлсэн саналаа буцаах тохиолдол гардаг. Ийм шат дамжлага нь өөрөө сонгуулийн санал хураалтын үйл явцыг төвөгтэй болгодог. Тиймээс гадаад улсад байгаа сонгогчдын нэрсийн жагсаалтын журмыг Гадаад Харилцааны яам болон УБЕГ хамтарч батлахаар зохицуулсан байгаа.
Техник технологийн хөгжлийг дагаад санал авах хэлбэр яаж ч өөрчлөгдөж болох учраас үүнийг журмаар зохицуулахаар болсон байгаа. Жишээ нь зарим улс орнууд иргэдийнхээ саналыг онлайнаар авах боломж үүсчихсэн байдаг.
-Та СЕХ-ны Хуулийн хэлтсийн даргын хувьд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа сонгогчдоос ирсэн түгээмэл гомдол саналууд юу байсныг хэлбэл?
-Сонгуулийн процесс өрнөөд дуусах хүртэл хоёр сарын хугацаанд 2000 орчим гомдол ирдэг. Гомдлын 60 орчим хувь нь сонгуулийн сурталчилгааны арга, хэлбэрүүд өөр байгааг сануулсан зүйл байдаг. Гэтэл 2019 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд СЕХ зөрчлийг шалган шийдвэрлэдэг байгууллага биш гэж үзээд зөвхөн сонгууль зохион байгуулах эрхийг л хэвээр үлдээсэн байдаг. Гэтэл яг үүнтэй холбоотой гомдол СЕХ-нд нэлээд ирдэг байсан.
-Сонгогчид төдийгүй улс төрийн нам, эвслийн хүрээнийхний дунд гардаг хамгийн их хардлага, шүүмжлэл саналын хуудас унших төхөөрөмжид төвлөрдөг. Сонгууль дөхөхөөр ялангуяа улс төрийн намууд "хар машин"-аас татгалзъя гэж уриалж жагсдаг. Саналын хуудас унших төхөөрөмжид асуудал бий юу. Ийм төрлийн алдаа үнэхээр гарч байв уу?
-Санал тоолох төхөөрөмж нэг ширхэг саналыг ч зөрүүлж тоолдоггүй. Үүнийг 100 хувь итгэлтэй хэлж чадна. Мэдээж сонгууль дөхөхөөр санаатай, санамсаргүй байдлаар зарим хүмүүс санал тоолох төхөөрөмж худал тоолдог гэж янз бүрээр л ярьдаг. Зарим нь ч бүр саналын хуудас дотор нь орохоороо ууршиж алга болоод өөр хүн дээр тодорч гарч ирдэг гэсэн үлгэрийн ч юм шиг зүйл ярьдаг. Гэтэл СЕХ-нд ирдэг 2000 орчим гомдол дотор саналын хуудас унших төхөөрөмжтэй холбоотой нэг ч гомдол ирж байсан удаагүй.
Нөгөө талаас үүнийг буруу тайлбарлаж ирсэнтэй холбоотой. Тодруулж хэлбэл, 2012 оноос хойших бүх сонгуулийг зөвхөн санал унших төхөөрөмжөөр тоолдог байсан юм шиг буруу ойлголт нийгэмд төрүүлсэн явдал. Гэтэл бид 2012 оноос хэвлээд гараар давхар санал тоолдог болчихсон байхгүй юу. Ингэхдээ санал хураалтын дүнг гаргахад цаг адахгүй гэсэн утгаар нийт саналын 50 хувьд гараар тоолдог болсон.
"Сонгуулийн саналыг урьдчилж таван өдөр, үндсэн нэг өдөрт авдаг болно"
-Хуулийн төсөлд холимог системийг оруулж ирснээр сонгогчдын санал өгөх явцад өөрчлөлтүүд орох асуудлыг тодруулах хэрэгтэй байх. Тойргоос болон намын жагсаалтаас нэр дугуйлах, мөн нам дугуйлах сонголтууд гарч ирж байгаа. Тэр хэрээр нэг нүүр саналын хуудас дугуйлдаг байсан бол одоо хоёр хуудас шахуу болж хувирч байгаа асуудлыг хөндөж байсан. Тодруулбал?
-Бид саналын хуудасны загварыг макс хэмжээнд нь гаргаж үзсэн. Одоогийн байдлаар УДШ-д бүртгэлтэй 36 нам байна. 36 нам тус бүр 38 нэр дэвшигчийг жагсаалтаар нэр дэвшүүлэх юм бол саналын хуудас ямар байх вэ гэдгийг тооцоолж үзсэн гэсэн үг. Энэ тохиолдолд саналын хуудасны хамгийн урт хязгаар нь 56 см хоёр саналын хуудас гарахаар байгаа бөгөөд төхөөрөмж хамгийн дээд тал нь 22 инч буюу 56 см урттай саналын хуудсыг хоёр талаар нь унших шаардлагатай болно.
-Тэгээд санал тоолох төхөөрөмж энэ ачааллыг авах боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Төхөөрөмжийн хамгийн дэд хязгаарыг бид ингэж тооцож үзсэн гэсэн үг. Нөгөө талаасаа сонгогчдод хэрэв саналын хоёр хуудас бөглөх шаардлага тулгарсан тохиолдолд мэдээж санал өгөх хугацаа уртасна. Төхөөрөмж ачааллаж эхэлнэ. Ингээд хугацаа илүү уртасна гэж ойлгож болно.
-Дотооддоо санал авах хугацаа ганцхан өдөр буюу тухайн өдрийн 22 цагт орон даяар саналын хайрцагийг битүүмжилж, санал авах ажиллагаа зогсоодог шүү дээ. Гэтэл сонгогчдын нэрсийн жагсаалт, санал дугуйлах процессоос үүдсэн хугацаа авах тохиолдолд нэг өдөр амжих уу. Эсвэл хуульд хугацааг ямар байдлаар зохицуулсан юм бол?
-Үндсэндээ санал авах хугацаа маань зургаан өдөр болж байгаа гэсэн үг. Хуулийн төсөлд урьдчилж санал авах ажиллагаа гэсэн зохицуулалтыг тусгасан. Тиймээс санал авах үндсэн нэг өдөрт амжихгүй гэсэн сонгогчид урьдчилж таван өдөрт нь саналаа өгөх боломжтой болно.
Ярилцсанд баярлалаа