Их Британи улсаас мягмар гарагт Хятад улсыг Хонг Конгийн тэмцэгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг хийхийг уриалж, 35 жилийн өмнө хийсэн Хятад-Британийн хамтарсан тунхаглалын амлалтаа дагахыг хүслээ.
Их Британийн колони улс байсан Хонг Конг Хятадад буцаж очсоны дараа өөртөө засах эрх(автономит эрх) нь 50 жилийн туршид өөрчлөгдөхгүй хэвээр байна гэж тохиролцсоны дагуу 1984 оны 12 сарын 19-нд гэрээнд гарын үсэг зурснаар 1997 онд Хятадын харъя болсон байдаг.
Хятадын дарангуйлал бий болж магадгүй гэсэн айдас Хонг Конгт олон сарын гудамжны ширүүн тэмцлийг бий болгоод буй.
“Шилжүүлэн өгснөөс хойшхи хамгийн үймээн самуунтай цаг үеийг одоо Хонг Конг туулж байна. Их Британи, Хятад улсын хооронд хийгдсэн зөвшилцөлд Хонг Конг 50 жилийн туршид өөртөө засах засаглал, эрх чөлөөтэй байна гэж тохиролцсон. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шүүхийн тусгаар байдал, хуулийн засаглал зэрэг Хятадын өгсөн амлалтууд Хонг Конгийн хөгжил дэвшил, амьдралын хэв маягийн чухал ач холбогдолтой хэсэг” гэж Их Британийн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Доминик Рааб мэдэгдэлдээ хэлжээ.
Тэрбээр мөн Их Британи улс тэдгээр амлалтыг чухалчлан авч үзэж буйг дурдаад “эдгээр амлалтуудыг биелүүлж, Хонг Конгийн ард түмэнтэй улс төрийн ач холбогдол бүхий хэлэлцүүлэг өрнүүлэх нь тус улсын ирээдүйн амжилт, тогтвортой байдлыг бататгана” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters