ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийтдээ 315 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Эдгээрийг задалж хэлбэл, тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц цуглуулж нийт 9 хүний сорьцод шинжилгээ хийсэн.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханга мандлын боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолооч, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч мөн Зэвсэгт хүчний дайчдын 77 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжиж байна. Батлан хамгаалах сургуулийн оюутнууд юм.
Манай улсад одоогоор нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 89 нь эдгэрчээ. Харин эмчилгээнд 105 хүн байгаа аж. Биеийн байдлыг нь үнэлбэл, 89 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна гэх мэдээллийг өглөө.
"Эдгэрсэн 89 хүнээс сувилалд 58 хүн, гэртээ 16 хүн мөн ажиглалт тандалтын хугацаа дууссан 15 хүн байна. ХӨСҮТ-Д одоогоор 149 хүн байна. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцонд 175 зорчигч ирсэн. Ажиглах байруудад тусгаарласан. Үүнээс гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Тус гурван хүмүүст шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй байна. Бусад ажиглах байранд тусгаарласан хүмүүсийн шинжилгээ хийгдэж байна. Шинжилгээний хариу маргааш буюу зургадугаар сарын 12-нд гарна” гэх мэдээллийг өглөө.
Сэтгүүлч:Н.Золзаяа