Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баттөмөр: Дауны синдромтой хүнийг Олон улсад Монголиад, Монголизм гэж нэрлэдэг. Энэ доромжлолыг халуулахын төлөө НҮБ-ыг зорьж байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
16 минут 8 секунд

Олон улсын “А” зэрэглэлийн кино наадмуудаас шагнал аваад буй “Трио” кино саяхан нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тэгвэл тус кино багийн хамт олон кино төслийн хүрээнд дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-тай хамтран зорилтот бүлгийн иргэдэд өчигдөр /2023.03.15/ үнэ төлбөргүй киногоо хүргэсэн юм. Арга хэмжээний төгсгөлд “Трио” киноны ерөнхий продюсер, найруулагч Д.Баттөмөр болон түүний гэргий, хамтарсан продюсер Г.Булгантамиртай ярилцлаа.

-Юуны өмнө яриагаа яагаад дауны синдромтой хүний дүрээр кино бүтээх болсон талаар эхэлье?

-2017 оноос хойш Холливуд, Барууны орнуудын кино урлагийн чиг хандлагад хөгжлийн бэрхшээлтэй болон дауны синдромтой хүмүүсийн ялгаварлан гадуурхал, нийгмийн эрх тэгш байдлын талаар хийсэн кино уран бүтээлүүд нэмэгдэж байна.

Энэ жилийн Оскарт ч гэсэн дауны синдромтой жүжигчин шагнал авсан. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдийн эрх тэгш байдалд дэлхий нийтээрээ анхаарч байна гэсэн үг шүү дээ. Үүнтэй адил Монголдоо төдийгүй Азийн кино урлагт ч дауны синдромтой хүн кинонд тоглож байсан тохиолдол байхгүй. Сэдэв ч байхгүй. Тийм ч учраас киноныхоо зохиолыг анх 2020 оноос бичиж эхэлсэн.

Ерөнхийдөө даунтай хүмүүсийн тухай кино хийе гэж зориглоод тэдний нийгэм дэх эрх тэгш бус байдал, ялгаварлан гадуурхлын эсрэг “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн концепцтэй төсөл байгаа юм.

Төслийн хүрээнд кино маань амжилттай явж байна. Одоогийн байдлаар дөрвөн тивийн найман шагнал хүртээд тэр дундаас хоёр фестиваль нь дэлхийн “А” зэрэглэлийн шагнал авсан. Дотооддоо хийсэн кино уран бүтээл маань ийм амжилттай явж байгаад манай кино урлагийн салбарынхан их баяртай байгаа.

-Өнөөдөр манайхан “Би хотынх” гэдэг хандлагаар монгол ёс заншил, зарим зан үйлээ мэддэггүй шүү дээ. Гэтэл кинон дээр хөдөөлүүлэх зан үйлийн талаар гардаг. Энэ талаар дэлгэрэнгүй яриач. Маш сонирхолтой санагдсан?

-Нутаг нутгийн зан үйл бага зэрэг өөр. Гэхдээ мэдээж бага зэрэг хоорондоо төстэй зүйл бий. Хотжилт суурин газар тэлэхийн хэрээр нүүдэлчдийн оршуулах зан үйл маш их ховордож байгаа. Үүнийг устаж үгүй болгохгүйн тулд кино урлагаар дамжуулан хойч үедээ үлдээх юмсан, таниулж мэдүүлэх юмсан гэсэн бодлоор оршуулах, ил хөдөөлүүлэх зан үйлийн талаар судалж киногоо хийсэн.

Бидний зураг авсан газар болох Өвөрхангай аймгийн нутгийн ахмад настан бидэнд заавар зөвлөгөө өгч, Таварлин хийдийн лам нар ч зааж зөвлөн, ил хөдөөлүүлэх оршуулгын зан үйлийн талаар товчхон боловч тодорхой гаргасан. "Буруу хийх, алдаа гаргах эрх бидэнд байхгүй". Маш зөв гаргаж хийсэн байна гэж Бурхан шашны тэргүүн Д.Чойжамц Хамба үзээд сэтгэгдэл үлдээсэн. Ардын доктор Дулам багш маань ч мөн алдаа мадаггүй зөв хийсэн байна гэж урам хайрласан.

-Мэдээж дурдахгүй өнгөрч болохгүй дүр бол таны бага насны дүрд тоглосон дауны хам шинжтэй хүү шүү дээ. Ер нь анх тэр хүүд кинонд тоглох санал тавихад хэрхэн хүлээн авсан бэ. Ээж, аав нь ч гэдэг юм уу?

-Тун таатай, нааштай хүлээж авсан. Дауны синдромтой хүн бие даан ганцаараа амьдрах бүрэн чадвартай гэдгийг киногоороо дамжуулан харуулъя гэж анх уулзахдаа би хэлсэн юм. Эцэг эхчүүд, багш нар даунтай хүүхэдтэйгээ тулж ажиллаж чадвал энэ хүмүүс хэний ч хараат бус өөрсдөө бие дааж амьдарч чадах юм гэдгийг кинондоо тусгаж харуулахыг хичээлээ. Энэ санааг минь хүүгийн аав н.Тулга, ээж н.Чимэгээ гэж ах эгч хоёр маань дэмжиж хүлээж авсанд их баяртай байдаг.

-Таны хувьд дүрээ бүтээхэд ямар санагдсан бэ. Мөн сэтгэлзүйн хувьд ямар мэдрэмж төрөв?

-Дүрээ бүтээхийн тулд судалгаа маш их хийсэн. Дотоод сэтгэл хөдлөл, бодол, биеийн хэлэмж болон нүүр, гадаад төрх зэргийг төстэй байлгахын тулд эрүүний аппарат хүртэл зүүсэн. Хөмсгөө хоёр гурав ч хуссан. Тэгж байж л нүүр хувиргагч, зураач нартайгаа тулж ажиллаж энэ дүрийг бүтээсэн юм. Ерөнхийдөө гаднах төрхийн хувьд ч тэр бүхий л зүйлээсээ төстэй болсон байна гэж кино шүүмжлэгчид хэлж байсан.

Миний хувьд өөрөө энэ кино зохиолыг бичиж, найруулсан. Тиймээс өөртөө энэхүү дүрийг хуваарилаад, би л энэ дүрийг бүтээх ёстой гэж бодсон. Санаагаа гэртээ боловсруулаад энийг чи л хийх ёстой, чи л найруулах ёстой гэсэн шийдвэрийг гарган маш чухал үүрэг гэж хүлээн авсан. Маш өндөр хариуцлагын дор бүтсэн зохиол, найруулга, жүжиглэлт юм.

Хэт хүнд хэлбэрийн даун байж болохгүй бас хэт хөнгөн байж болохгүй. Тиймээс алтан дунджийг баримтлан, хам шинжийнх нь тунг тааруулж энэхүү дүрийг бүтээсэн гэж хэлж болно. Ерөнхийдөө зохиолоо бичиж эхэлсэн тэр цагаас л сэтгэлзүйгээ бас тэр дүрийнхээ сэтгэлзүйг ойлгож, мэдрэхийг хичээсэн.

-Киног гаднын үзэгчид их үзэж байх шиг байна. Хэрхэн хүлээн авсан бол?

-Хүн ба байгалийн тухай сэдэв учраас бидний иргэншил, соёл хөгжихийн хэрээр байгалийн унаган төрхөө алджээ гэдгийг танай киноноос харлаа. Бидэнд сигнал болсон, “хүн бол байгаль юм” гэдгийг олж харлаа гэдэг сэтгэгдлүүдийг их илэрхийлж байна лээ. Фестивалийн киноны нэг онцлог нь үзэгч бүрийн ам руу хоол халбагаддаггүй. Харин үзээд төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ ухаарч ойлгох, хүлээн зөвшөөрөх боломж олгодог. Таны хэлж байгаачлан дүү нь хамт явъя гэж гуйсаар байхад яагаад явахгүй байгаа шалтгааныг үзэгч бүр өөр өөрийн нүдээр харж, өөр өөрийн ертөнцөөр бодож байгаа байх.

НҮБ-ын 200 гаруй орны төлөөлөгчидийн өмнө кино гаргана, илтгэл тавьна гэдэг бол тэнгэрийн од шүүрсэн мэт ховор боломж

-Энэ кинонд мөн гэр бүлийн хүн нь хамтарч ажилласан гэсэн. Эхнэртэйгээ нэг кинонд ажиллах ямар байсан бэ?

-Манай кино бол хоёр продьюсертэй. Нэг нь Монголын Дауны холбооны тэргүүн Ц.Ганзориг гэж хүн бий. Олон улсын бүх фестиваль наадамд киногоо явуулахаас эхлүүлээд их ажлыг маань нугалж өгч байгаа. Мөн танай сайтаар дамжуулан энэ ташрамд баярлаж талархсанаа хэлмээр байна. Мөн энэ олон кино наадмыг бүртгүүлэх гээд арын албаны ажлыг манай гэр бүлийн хүн Г.Булгантамир маань хийж байна. Энэ хоёр продьюсеруудын маань гар нийлсэн их ажлын үр дүн их сайхан байгаа шүү.

Кино маань дөрвөн тивийн найман шагнал хүртлээ гээд байгаа боловч олон улсын кино наадмуудын дөнгөж талд нь л орж байна. Цаана нь олон кино наадмууд ч биднийг хүлээж байна. Олон улсын Дауны Синдромын өдрийг угтан энэ сарын 20-ны өдөр НҮБ-ын төв оффист киногоо гаргах урилга авсан. НҮБ дээр кино гаргана гэдэг бол маш амаргүй ажил. Швейцар улсын Женев хотод байрлах НҮБ-ын төв оффис дээр өмнө нь найм, есөн л кино гарсан байна лээ. Дэлхийн хүний эрхийн төлөөх ганц байгууллагат гарна гэдэг бол үнэхээр үгээр хэлэхийн аргагүй “гүн шоконд” орохуйц их том түүхэн үйл явдал юм л даа. Энийг манай төр засаг яаж харж байгааг хэлж мэдэхгүй юм. Магадгүй энэ олон кино театрууд шиг л шууд барьж очоод гаргачихдаг гэж харж байгаа ч юм уу, бүү мэд.

Олон улсад дауны синдромтой хүнийг Монголиад, Монголизм гэж нэрлэдэг. Монголчуудыг ингэж доромжлох үг хэллэгийг халахын төлөө, болиулах тогтоол гаргахын төлөө НҮБ-ыг зорьж байгаа.

-"Трио" киноны эвлүүлэг дуусаад хамгийн түрүүнд үзсэн хүн та байх. Тухайн үеийн мэдрэмж ямар байсан бэ?

-Миний хувьд найруулга, монтаж, эвлүүлэг дээрээ л анхаарч үзэж байсан. Энийг нэг тэгчихвэл, үүнийг өшөө илүү ингэвэл гэсэн бодлоор шунан үздэг. Гэвч энэ бодол нь надад л үлдэнэ. Монтажаа дахиад нэг өөрчилчихдөг юм билүү гэхээр манай эхнэр за одоо болно шүү дээ, болиорой л гэдэг юм. Бараг бүтэн жилийг эвлүүлэг, монтажид зарцуулсан хэдий ч үзэх тоолонд нэг засвар хийчих юмсан гэж боддог.

Уран бүтээлч хүн хэзээ ч ханадаггүй байх. Энэ ингээд төгс зүйл болчихлоо гэж ханасан уран бүтээлч байдаггүй байх. Хэрэв ханаад ирвэл буруу замаар л гүйж байгаа хэрэг гэж боддог. Түүний адил өлсгөлөн чоно шиг хаана ямар алдаа байна, засаж янзлах зүйл юу байна гэдгийг хайж, эрэлхийлж л киногоо үздэг дээ.

Киногоо үзэх бүрд өөр, өөр өнцгийг олж хардаг

-Эхнэрээс тань асуумаар байна л даа. Нөхрийнхөө хамгийн сайн дэмжигч, ар тал байсаар ирсэн шүү дээ. Энэ кинон дээр продьюсерын ажлыг гүйцэтгэсэн. Гэр бүл болон албаны ажлаа хэрхэн яаж зохицуулав?

-/Д.Баттөмөрийн гэргий Г.Булгантамир/ Манайх 4 хүүхэдтэй шүү дээ. Хамгийн бага маань саяхан 2 нас хүрсэн. Ерөнхийдөө дандаа гэрээсээ ажилладаг. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь өгчихөөд өдөржин ганцаараа компьютер нүдээд суучихдаг хүн. Гарах ажил гарвал аав, ээждээ л ханддаг. Би нөхрийнхөө ар тал байсан бол, миний ар тал үргэлж аав ээж минь болж байдаг.

-Таны хувьд энэ кинонд ажиллахад ямар санагдсан бэ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Кино зохиол гарахаас эхлээд бүх зүйлд нь эхнээс нь хамтарч ажилласан. Продьюсер гэхээр хамтран бүтээгч л дээ. Миний хувьд анх удаа кино уран бүтээлд ажилласан. Хэцүү үедээ хэцүү байсан.

Ер нь кино хийх, кинонд тоглох процесс нь манай хүний хувьд шинэ зүйл биш шүү дээ. Энэ салбарт маш удаан ажиллаж байгаа. Өөрөө 10 гаруй кинонд продьюсер хийн, 30 гаруй кинонд туслах болон гол дүрүүдийг бүтээж байсан. Миний хувьд кино жүжигчний дэргэд байгаад, ойлгоод, суралцаад ирсэн учраас шинэ зүйл бас биш л дээ. Зуны зураг авалтын хувьд 40 гаруй хоног үргэлжилсэн. Тэр хугацаанд хүүхдүүдээ аваад явсан учраас гэр бүлийнхээ уур амьсгал, орчныг аваад явсан гэсэн үг. Бусад тохиолдолд бол нөхөртөө бүгдийг даатгаад, хүүхдүүдээ аваад гэртээ үлдсэн.

Продьюсер байна гэдэг нь зураг авалтын ард болдог бүхий л үйл явцын процесст оролцоно гэсэн ойлголт байхгүй. Уран бүтээлчдэдээ бүх боломжийг нь хангаж өгөөд орхичихдог учраас богино зургуудад миний оролцоо шаардлагагүй байсан.

-Энэхүү киногоороо нийгэмд юу хэлэхийг бас харуулахыг зорив?

-Киноны хувьд “даун” гэдэг үгийг нийгэмд таниулах нь гол чухал үүрэг. Түүнээс биш бид даунтай хүн ямар байдаг талаар бүгдийг цагаан толгой шиг тайлбарлах албагүй шүү дээ. Гудамжинд нэг даунтай хүүхэд явж байхад харсан хүн гайхаж, цочирдож хүлээж авдаг биш биднээс арай өөр хөгжилтэй хүүхэд байдаг гэдгийг мэддэг байх нь л чухал. Яг тийм л сэтгэлээр хийсэн.

-Танаас киноны дуу хэрхэн бүтсэн талаар асуух нь зөв байх?

-Хөгжмийн зохиолч, төрийн соёрхолт З.Хангал гуайн бүтээлүүдийг дахин сэргээж, Монголын морин хуурын чуулга, улсын филармони МУГЗ Д.Түвшинсайхан ах маань шинэчилсэн найруулгаар “ТРИО” кинон дээр ажилласан.

Оюуны өмчийн албан ёсны эрхийн зөвшөөрлийг З.Хангал гуайн эхнэр МУГЖ, циркчин Д.Ягаанцэцэг эгчээс авсан. З.Хангал гуайн зохиосон “Бодол” хэмээх аязыг шинэчилсэн найруулгаар найруулан МУГЖ С.Жавхлан киноны саналыг таатай хүлээн авч энэхүү дууг дуулсан. Манай гэр бүлийн хувьд энэхүү кино болон дууг бурхны оронд очсон ээждээ зориулан суварга босгон хийсэн бүтээл байгаа юм.

-Киногоо үзсэн анхны сэтгэгдэл ямар байсан бол?

-Манай хүн надад кино монтаж дууссанаас хойш бараг 2, 3 сарын дараа үзүүлсэн. Миний хувьд маш их шоконд орсон. Би ойролцоогоор 50-60 удаа үзсэн байх. Үзэх тоолондоо эмоци авдаг. Одоо үзээд дасаж байгаа болов уу гэхээр л төгсгөлийн хэсгийг үзээд, дуугаа сонсоод, клипээ үзээд дагаад уйлчихдаг. Миний сэтгэлийн утсан дээр л тоглолт хийгээд байгаа санагддаг. Анх үзсэн мэдрэмж одоо ч дотор минь тэр хэвээрээ байдаг.

Надад анзаарагдсанаар киноны маань нэг онцлог нь үзэх болгондоо өөр өөр зүйлийг олж харж байдаг. Хүн нэг үзээд маш олон бодлыг тээгээд гараад явчихдаг юм байна. Магадгүй долоо хоногийн дараа дахиад нэг үзэхэд шал өөр өнцгийг олж хардаг. Дахиад долоо хоногийн дараа үзэхэд анзаараагүй байсан хэсгүүдээ олж хардаг тийм онцлогтой кино юм байна лээ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Дөлгөөн, Э.Ариунтуяа

СОНСГОЛ: Л.Эрдэнэчимэгийн төрсөн ахын “Монос Групп“ ХХК 5.9 тэрбум төгрөгийн зээл авч, бэлнээр зарлагаджээ
СОНСГОЛ: Л.Эрдэнэчимэгийн төрсөн ахын “Монос Групп“ ХХК 5.9 тэрбум төгрөгийн зээл авч, бэлнээр зарлагаджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.