СУРВАЛЖИЛГА: Ноолуур үнэгүйдэж малчид өрийн дарамтад орох цагаар

Огноо
Унших
9 минут 16 секунд

Хүйтний эрч цаашилж, урин хавар иржээ. Хөдөө талд төлийн дуу цангинаж, малчид толгой өндийх завгүй үе. Айл хотлоороо ямаагаа самнаж, амжихгүй бол хотоос хүмүүс цалинжуулаад ёстой л орлогын үүд нээгддэг. Харин энэ жил малчид гундуухан байна. Ноолуурын үнэ унаад зогсохгүй авах эзэнгүй үнэгүйдсэн хахир хавар. Хотноосоо туусан хэдэн хонио зарахаас өөр найдваргүй өр зээлээ хэрхэн төлөх тухай бодлогоширч толгой гудайлгажээ. Өдийд ноолуур авах цэгүүд малчдын хөлд дарагдаж амьдрал буцалдаг ч өнөөдөр эл хуль. Ачаа дүүрэн ноолууртай малчид гар хоосон буцсаар...Хотын ойролцоох хамгийн том амьд малын зах Эмээлт эзгүйрчээ.

НООЛУУРЫН ҮНЭ 100 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРЭХГҮЙ НЬ

Хаалгаа барьсан юм уу гэж андуурахаар аниргүй хоосон хашаа, хэдхээн малчдаас өөр хүнгүй шахам Эмээлтэд ноолуур тушаадаг цэгүүд ч эхнээсээ хаалгаа барьсан харагдах. Километр хүрэхгүй зайд байрлах ноолуур тушаах цэгүүдээс ажиллаж байгаа нь нүдний гэм болжээ. Харин тоотой хэд нь эл хуль, ченжүүд тамхилангаа хөзөр тоглож хаврын уртад цаг нөхцөөж буй дүр зурагтай байна. Зарим нь "ноолуур авахгүй" гэж эрс хариулж байхад зарим газар "хаанахын ноолуур юм" гэж сонжих аястай асууна. Одоогийн байдлаар зүүн аймгуудын нарийн ширхэгтэй ноолуур нь дөнгөн данган тоогдож байгаа бол баруун болон говийн аймгуудын бүдүүн ширхэгтэй гэх ноолуур үнэгүйджээ. Уг нь ноолуур цагтаа 175 мянган төгрөг хүрч цалгиж явсан үе саяхан. Гэвч өнөөдөр 100 мянган төгрөгт гуйгаад ч борлогдохооргүй болж. Учир нь Засгийн газраас нэгдүгээр сарын 29-ний ээлжит хуралдаанаар түүхий ноолуурын экспортыг хязгаарлаж, угаасан ноолуур гаргах шийдвэр нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн нь малчдад хоол биш хор болсныг "малдаа хайртай" төр нь анзаарсан болов уу.

"ЦАГАА ОЛООГҮЙ" ЦАГААН АЛТ ХОГ БОЛОХ НЬ

Эмээлт захын ойролцоох хонины нэхий, ямааны арьс ширээр дүүрсэн хогийн цэг шиг хашаанууд хаа сайгүй таарна. Хамар цоргим өмхий үнэр нь хурц. Ойролцоох замын наана байрлах мал амьтны түүхий эд, ноолуур авах цэгийн ченж "Ноолуур үнэгүйдвэл удахгүй арьс ширний араас орж хогийн цэг рүү л ачигдах байх даа. Ихдээ л нэг жил хадгалах байх. Үнэ нь л улам унана, чанар ч муудна" гэв. Түүний хэлсэн үгэнд чаа гэх ямаагүй хүн ч цочирдохоор байлаа. Тэрбээр өөрийгөө Мэндээ гэж танилцуулаад ноолуурын үнэ унасан, авах эзэнгүй болсон шалтгааныг "Цагаан алт" хөдөлгөөнтэй холбож байлаа. Энэ тухай ярихдаа "Түүхий ноолуурын экспортыг хориглох шийдвэр гарснаас хойш үнэ нь буурсан. Бид ноолуур авахгүй тэг зогссон байдалтай л байна. Өглөөнөөс хойш ноолуур авах уу гэсэн малчид их ирж байгаа. Ямаагаа самнаад л машиндаа байгаагаа ачаад л ирдэг. Авахгүй болохоор яах билээ дээ. Өмнө нь Хятадууд монголчуудтай өрсөлдөөд ноолуур авдаг байсан ч энэ өрсөлдөөн байхгүй болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээс сайн гэсэн нь багахан ноолуур л авдаг. "Цагаан алт" бол үйлдвэрүүдэд ашигтай, дэмжсэн хөдөлгөөн шүү дээ. Бид ноолуур авахгүй байсан ч бусад түүхий эдээ зараад амьжиргаагаа залгуулна. Харин малчдад л ашиггүй юм даа. Уг нь өр зээлээ дардаг үе нь шүү дээ. Одоо ноолуур нь энэ өвөл дарагдаж, ирэх хавраас л зарагдах уу, үгүй юу л болох нь. Өнөөдөр ноолуур авсан ч бидэнд өгөх газар байхгүй, орлогогүй байна" гэсэн юм. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулж хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Бас малчдын орлого өснө гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, одоо Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан хэлж байсан юм. Тэрбээр "Хөтөлбөр хэрэгжсэнээр малчдын орлого өсөх, үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэх, хөнгөн үйлдвэрүүдийн тоо нэмэгдэх, био вакцины үйлдвэрийг бүрэн шинэчлэх зэрэг ажлууд хийгдэнэ" гэж байлаа. Харин бодит амьдрал дээр "Цагаан алт" хөдөлгөөний цаасан дээрх шийдвэр "цагаа олохгүй" бол цасан шуурганаас илүү аюул дагуулж мэдэхийг малчдад ноолуураар нь сануулж эхэлсэн бололтой. Хэрэвзээ "Шинэ хоршоо" хөдөлгөөнд нэгдэж 50 хүртэлх сая төгрөгийн зээл авсан бол түүнийгээ ноолуураар "нөхөх" байсан ч үнэ нь буураад зогсохгүй хог дээр үсэрсэн нь банкны зээл овоорч малчид өрийн дарамтанд орох санхүүгийн хямрал руу хөтөлнө. Магадгүй "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөс зээл аваагүй байсан ч зээлүүдээ төлж чадахгүй нөхцөл аль хэдийнэ үүсжээ.

Малчдын хувьд хамгийн багадаа л 10 гаруй сая төгрөгийн зээлтэй. Жилд хоёр удаа өр төлбөрөө төлдөгийн нэг нь хавар ноолуур самнах үе. Албан байгууллагын ажилчдаар зүйрлэвэл 13 дахь сарын цалин нь малчдад ноолуур нь юм. Гэвч энэ жилийн хувьд ноолуур үнэгүйдэж байгаа нь малчдад хүнд цохилт болжээ. Тэдний төлөөлөл,

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ДАРАА НООЛУУРЫН ҮНЭ МАШ ХУРДАН УНАСАН

Булган аймгийн Баяннуур сумын малчин Б.Одгэрэл: Ноолуурыг хилээр гаргаж байсан бол үнэ нь буурахгүй бас авах байсан. Өнгөрсөн жил хилээр ноолуур гарч байсан учраас үнийн хувьд харьцангуй өндөр байсан. Засгийн газраас ноолуурыг угааж гаргана гэх шийдвэр гарснаас хойш ноолуурын үнэ маш хурдан уналаа. Уг нь ноолуур 160 мянган төгрөг хүрч байсан юм. Миний хувьд 100 гаруй ноолуур өгөхөөр ирсэн ч арга буюу маш хямд өгсөн болохоор зээл төлөлт маань дутах байх. Гэхдээ авсан нь үнэн болохоор төлнө дөө.

НООЛУУР ҮНЭГҮЙДСЭН ШҮҮ ДЭЭ

Баянхонгор аймгийн малчин Ц.Чинтогтох: Ноолуурын үнэ унаж, гадуур авахгүй болохоор зээлээ төлж чадахгүй байдалд орох байх. Ноолуур авч байгаа хүн байгаа юм уу. Маш ховор байна шүү дээ. Засгийн газар угаасан ноолуур гаргах шийдвэрээс болоод бид ноолуураа зарж чадахгүй, худалдан авах хүнгүй болсон. Өмнө нь ноолуурын үнэ худалдан авах эрэлт сайн байсан ч энэ жил алга. Ноолуураа зарж чадсангүй гэлээ.

НООЛУУРЫН ҮНЭ ШАЛААР НЭГ БОЛЛОО

Малчин Г.Энхтайван: Өнгөрсөн жил ноолуурын үнэ дунджаар 140-160 гаруй мянган төгрөг байсан. Энэ жил манай суманд ноолуурын үнэ 130 мянган төгрөг болсон ч одоо авахгүй байна гэж байна билээ. Ноолуур авах хүн олдохгүй байна. Малчид хэцүүхэн л байгаа, "Шинэ хоршоо"-ноос зээл авсанд нь бүр ч хүнд тусах байлгүй дээ. Хоршооны зээлгүй нь мөн л адилхан дөө. Малчдын амьдралыг ноос, ноолуур, түүхий эд, мал аж ахуй л залгуулж байна. Бүтэн жил хөдөлмөрлөснийхөө эцэст ямаагаа самнах гэхэд ноолуур авахгүй боомилж байгаа нь асуудалтай байна. Хятад нь ноолуур авдаг байсан ч энэ жил байхгүй, ноолуур шалаар нэг болж байна. Өдийд том ямаануудаа самнаад дуусах үе гэж байлаа.

Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 18-нд эхэлнэ
Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 18-нд эхэлнэ
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!