Б.Мэргэн: Томилгооны сонсгол хийгээгүй томилогдсон хууль сахиулах байгууллагын дарга нар хууль сахиулах уу

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 2 секунд

АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг улираан томилсон. Үүнтэй холбогдуулан хуульч Б.Мэргэн цахим хуудаст байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Хууль бусаар томилогдсон хууль сахиулах байгууллагын дарга нар хууль сахиулах уу. Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурор нарыг улируулан томиллоо.

Нэгдүгээрт, сонсгол хийсэнгүй ээ. Авлигын эсрэг хууль, Прокурорын тухай хууль, Нийтийн сонсголын хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд тус тус зааснаар эдгээр албан тушаалтныг томилохдоо томилгооны буюу нэр дэвшигчийн сонсголыг олон нийтэд зарлаж, төр, хувь хүн, хуулийн этгээдийн нууцаас бусад асуудлаар нээлттэй хэлбэрээр зохион байгуулахыг Улсын Их Хурал, холбогдох байнгын хороонд үүрэг болгосон. Хэдэн хоногт, хэрхэн зохион байгуулахыг нь ч зааж өгсөн. Анх томилохдоо сонсгол хийсэн, одоо улируулж байгаа учраас сонсгол хийхгүй гэсэн зүйл байхгүй. Дахиад хийх л ёстой.

Хоёрдугаарт, Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын даргыг нэг удаа улируулан сонгож болно. Тэгэхээр түүний хувьд энэ нөхцөл дээр асуудал байхгүй.

Харин Прокурорын тухай хуульд улируулан томилж болно, эсхүл болохгүй гэсэн заалт байхгүй. Тэгэхээр хэдэн ч удаа улируулж болно гэж ойлгох уу? Үгүй. Хувийн эрх зүйн хувьд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрдөг бол нийтийн эрх зүйд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Энгийнээр бол иргэн хүнд ямар нэг хуулиар хориглоогүй бол хүссэнээ хийж болох бол төр, түүний албан тушаалтны хувьд хуулиар зөвшөөрөөгүй бол түүнээс гадуур юу ч хийж болохгүй. Тодруулбал, Прокурорын тухай хуульд улируулан томилж болно гэж зөвшөөрөөгүй учраас улируулж болохгүй.

Гуравдугаарт, Төрийн албаны тухай хуульд "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийн насны дээд хязгаар 65 байна гэж" заасан. Гэтэл Прокурорын тухай хуульд нь өөрөөр заачихсан учир тухайн хуулиа баримтална. Тус хуульд зааснаар прокурор өөрөө хүсвэл 55 насанд хүрээд тэтгэвэрт гарч болох бөгөөд харин дээд хязгаар нь 60 нас байна. Үүнийг нэмэх боломжгүй. Гэтэл Б.Жаргалсайхан нь 61 настай. Энэ талаар асууж байгаа гишүүн ч алга.

Ингээд өөрсдийг нь хууль бусаар томилчихоод эргээд хуулийн биелэлт шаардаж чадах болов уу" гэлээ.

Зайсангийн шинэ гүүрийг нээвэл хоногт 26 мянган автомашин зорчино
Зайсангийн шинэ гүүрийг нээвэл хоногт 26 мянган автомашин зорчино
 
“The MongolZ” багийн тамирчин Б.Мөнгөнтуул Гүржийн Salome Melia-г хожлоо
“The MongolZ” багийн тамирчин Б.Мөнгөнтуул Гүржийн Salome Melia-г хожлоо
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!