Б.Аригун: Зургаан аяга кофе, 1000 төгрөгний талх хэзээ ч, хэзээ ч би цалингаас нь хасаж байгаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 2 секунд

Anjuna Book&Art-н ажилтан охин саяхан цахим орчинд цалингаа өгдөггүй, үйлчилгээ аваагүй гарсан иргэдийн кофены мөнгийг цалингаасаа хасуулсан, түлсэн талхандаа 1000 төгрөг хасуулсан тухайгаа бичсэн нь олны анхаарлыг татсан. Тэгвэл тус Кофе шопын эзэн Б.Аригун тайлбар өгчээ. Тэрбээр "Амьдралын минь хэдэн өдрүүд.......

Намуухан таатайгаар нар төөнөж байсан ч гэнэт л тэнгэрт хар үүл хурж аадар бороо асгарах гэж буй мэт хүчтэй салхилсан энэ хэдэн өдрүүд.

Эргээд дурсахад ямар дурсамж болон үлдэх бол гэж гайхширсан миний мөчүүд.

Амьдрал өөрөө баян ажээ.

Жаргаж инээж явсан ч шаналж, уйлж сөхрөх ээлжилсэн хоногууд.

Энэ шуурганд хийсчэхгүй юмсан гэж хайртай хүмүүсээсээ тас зуурч өнгөрүүлсэн хэдэн өдрүүд ......

Цагаан нь харлаж, ус тос нь ялгарсан чанга бөгөөд амттай өдрүүд.

Өөрийн зарчимдаа бүдэрч өөртөө урхи бэлдэж занганд орсон миний л өдрүүд.

Нэр төрдөө дэндүү хайртай надад нэр төр гэж үнэндээ юу байдгийг сануулсан хатуухан сануулгууд.

Өөрийгөө би шудрага шулуухан үгтэй. Хатуу үедээ хатуу зөөлөн үедээ зөөлөн. Санаа нь сайхан буян ихтэй. Миний мэдэх би өөртөө их л таатай гэж боддог байлаа. Төгсөд тэмүүлж, шудрага хөдөлмөрлөж, аливааг алдаа мадаггүй төгс төгөлдөр хийх гэсэн миний шунал харин энд хүрээд ихийг бодогдууллаа.

Хүн гомдоож явжээ. Хүнийг хорстол нь гомдоожээ гэдгээ мэдэх надад та бүгдийн төсөөлснөөс ч илүү хүнд байна. Би уул нь сайн хүн шүү дээ гэж өөрийгөө өмөөрөн хамгаалмаар байвч үнэн нь энэ юм.

Хэрэв хожимдоогүй бол уучлаарай дүү минь. Намайг уучлаарай. Хатуу хахир зангаа их юманд санаж бизнес ийм л байдаг гэх туйлширсан бодолдоо автаж айхтар ихээр би өөрийгөө шүүж байгаа нь үнэн юм шүү.

Би өөртөө ч дэндүү хатуу хүн. Алдаагаа уучилж чаддаггүй юм. Намайг чадвал өршөөж уучлаарай. Дэндүү хатуурхан явснаа гүн гүнээр би мэдэрлээ.

Гэвч хзэээ ч хар буруу санаж шудрага бусаар яваагүй юм шүү.

Үнэн нь үнэнээрээ худал нь худлаараа байгаасай л гэж энэ тайлбарыг бичиж сууна.

Ажилтнаа би хараалын үгээр харааж явсан өдөр нэг ширхэг ч байхгүй гэдгийг би сайн мэднэ. Эвлүүлж оруулсан нэг зургийг хараад айхтар ихээр гомдож би ийм үг хэзээ ч, хэзээ ч ашиглаж байгаагүй би ийм хүн биш шүү дээ, Аригунаа чи өөрийгөө өмөөрч хамгаал л даа гэж миний өдий хүртэл баримталж ирсэн зарчим над руу хашгирч байлаа.

Зургаан аяга кофе, 1000 төгрөгний талх хэзээ ч, хэзээ ч би цалингаас нь хэзээ ч хасаж байгаагүй нь бас үнэн юм.

Кофе гаргадаг газар зургаан аяга кофе гаргалгүй үйлчлүүлэгчээ явуулах нь миний хувьд миний зарчимтай нийцэхгүй байсан тул хэлэх үгээ би хэлсээн. Талхаа түлчихээд хогийн саванд хийгээд байсан алдаа дутагдал олон гарч байсан тул аргаа бараад үнэлж эхэлсэн ажилтнуудаа ч би буруутгамааргүй байна.

Гэвч би хэзээ ч хэнээс ч 1000 төгрөгний талхны мөнгө хасаж үзээгүй юм.

Балдантайгаа хамтдаа ихийг л бодож сууна даа. Гэвч Хүсээд хүсээд үйлчилгээний бизнес хийдэг хүмүүс Балдантай найзлая гэж санадаггүй юм шүү дээ.

Түүнээс салья гэж өчнөөн арга хайж арга хэмжээ авч өмнөх жил хүүтэй зээл авч 15.000.000 сая төгрөгөөр шинэчилсэн засвар хийж бүх нүх сөвийг нь таглуулаад төсөөлснөөс амжилттай үр дүн гарч өнөөдрийг хүртэл Балдантайгаа таараагүй яваа нь бас үнэн юм. Олон жилийн өмнөх чат байсан нь үнэн шүү дээ.

Ажилтнууд бэлэн гоймон идэж, шарсан түлсэн, хуурсан аюултай чанаргүй хоолоор хооллож байсан тул ядаж гэрийн хоол бэлдээд ирвэл хоолны мөнгө өгч урамшуулдаг байя л гэж санасан юм.

Уул нь бүгд л дуртай байдаг. Энэ соёл манайд амжилттай таатай жаргалтайгаар 5 дахь жилдээ хэрэгжээд явж буй юм шүүдээ.

Өглөө унааны мөнгө өгдөгтөө ч бас буруудаад авлаа. Өглөө 06:00-н цагт нээдэг газар нийтийн унаа олддоггүй тул ядаж аюулгүй хоцролгүй ирээсэй гэсэндээ өгдөг юм.

Өдөр өдөртөө авдаг нийлээд 10.000 төгрөг цалингаас нь гадна хөөрхөн дэм болчих болов уу л гэж санасан юм. Уул нь мөнгийг нь нэммээр байгаа би хүсэж байгаа. Гэвч өндөр зээлтэй, түрээс зардал ихтэй бизнес хийдэг надад боломж нь л үнэхээр тэр юм.

Надад таван жилийн дурсамж буй тул энэ дурсамжаа худлаар цуурч яваа хүмүүст тайлбарлахаас өөр аргагүй юм.

Үйлийн үрэнд итгэдэг надад ажилтнаа өөрөөсөө ч илүү хайрлаж бодож явсан үе бишгүй олон юм шүү.

Нэгнийгээ хайрлаж нэг хамт олон болоосой гэсэндээ би олон удаа хичээж явсан.

Гэртээ урин гарын хоолоороо дайлж, хамтдаа тоглож, кино үзэж, инээж хөгжилдөн ярьж сууцгаасан өдрүүдийг, нэгнийхээ төрсөн өдрийг заавал хамтдаа тэмдэглэж гэнэтийн бэлэг барин хамгийн гоё бэлгийг бэлдэж, шинэ гоё орчинтой сайхан гэсэн хоолны газруудаар ээлжлэн явж, кафегаа бүтэн өдөр хаагаад хамт олноо баярлуулъя гэсэндээ дуртай хүмүүсийг нь урин авчирч лекц уншуулж, мөрөөдлийг нь сонсож, зураг зурж, гитар хөгжим эгшиглүүлэн ядарч, хичээсэн өдрүүдийг нь үнэлэн хайлж, тэднийгээ хайрлаж, найрч хөгжилдөж явсан дурсамжаа би хааш нь хийх вэ.

Амралт зугаалгаар хөдөө дагуулан явж, цан чаргаар гулгаж, амралтын газар гараа гарган хуушуур хайрч салат бэлдэж ажилтныхаа гарыг ч хүргэхгүй бүгдийг нь өөрөө бэлдэж амарч явахад нь ус ч зөөлгөж зүрхлэлгүй өөрөө бөхөлзөж хамаг юмыг нь бэлдэж өгдөг хүн чанараа би бас хааш нь гээх вэ.

Гадагшаа томилолтоор хамтдаа явж хань түшиг бололцож асуудлыг нь сонсож, зовлон жаргалаа хуваалцаж, ярьж явсан сайхан дүү нарыгаа би бас хаана нуух вэ.

Хөдөлмөрлөж чаддагийг нь үнэлж, ажлын туршлагагүй орсон ч сэтгэлтэй, шудрага сайхан дүү нараа би дэмжин дэмжсээр туршлагажуулсаар, тушаал дэвшүүлсээр өдий хүрсэн юм. Шинээр ажлын байр бэлдэх хүсэлдээ хөтлөгдөж шинэ бизнес эхлүүлж одоогоор өөртөө ч өгч чадахгүй байгаа 3.000.000 төгрөгний цалингаа мундаг дайчин ажилтандаа өгч цалинжуулж байгаа нь ч үнэн юм.

Эцэст нь хэлэхэд үйлчлүүлэгчийг хохироож болохгүй гэсэн миний хатуу шаардлага, хатуу зарчим энд үнэртэж байгаа нь үнэн боловч ажилдаа хайртай, зүтгэлтэй сайн сайхан хамт олныхоо сэтгэлд нь, тэдний хичээл зүтгэлд нь өнөөдөр би юу юунаас илүү хүндэтгэлтэй ханддагаа энд нуумааргүй байна.

Ойлгох хүн нь ойлгож, ойлгохыг хүсэхгүй нь үлдэж, хэзээ ч харж, уулзаж учирч үзээгүй хүмүүс хорлочихвий гэсэндээ хүмүүс худал цуурж, хүн гүжирдэж байгааг би бас харж буй тул үг хэлэх эрхээ эдэллээ.

Дампуурах ёстой бол зах зээлийн зарчмаараа дампуурахад би бэлэн байгаагаа бас хэлье.

Энэ хүртэл уншсан таньд баярлалаа бас уучлаарай" гэжээ.

“ЛИФТЭНД ОЦГОНОДОГ“ тодотголтой Б.Баасанцогт нарын хүмүүс өнгөрсөн 6 жилд үнэхээр дураараа эрхэлсэн“
“ЛИФТЭНД ОЦГОНОДОГ“ тодотголтой Б.Баасанцогт нарын хүмүүс өнгөрсөн 6 жилд үнэхээр дураараа эрхэлсэн“
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (24)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!