“Ирж яваа цаг, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, “Гэрлэж амжаагүй явна” гэх мэт та бидний сэтгэлд хоногшсон бүтээлүүдийн эзэн, нэрт найруулагч Ж.Бунтарын ганц хүү, ШИНЭ ҮСГИЙН БАГШ Б.Гарьд бамбайн хорт хавдраар оношлогдож, БНСУ-д яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон тул гэр бүлийн хүн нь "НЭГ Л УДАА БИДЭНД ТУСЛААЧ" хандивын аяныг өрнүүлж, ард түмнээсээ дэмжлэг хүссэн. Тэгвэл өнөөдөр эмчилгээний зардал бүрдсэн тул хандивын аяныг албан ёсоор зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Эхнэр Ц.Үүрцайх энэ талаар өөрийн сошиал хуудаснаа "Энэ тухай түүний эхнэр Ц.Үүрцайх “Бурхан болсон аав маань ард түмнээрээ дамжуулж хайр ивээлээ харамгүй илгээлээ. Ийм агуу хүний нэр хүнд, бүтээлүүд нь манай гэр бүл, хүүгээ аварлаа. Би зөвхөн хагалгааны зардлаа л босгочихвол болно доо гэж хичээнгүйлэн залбиран, сэтгэлийн гүнээсээ үнэнээ хэлэн гуйсан билээ. Тиймээс эмчилгээний зардал тэд, хэд гэж албатай мэт гуйхыг хүсээгүй ээ. Гэсэн ч төсөөлснөөс минь илүү байж хагалгаа болон, хагалгааны дараах эмчилгээг ч сэтгэл амар хийлгэх боломжтой боллоо. Үүнээс илүү буян заяа гэж хаана байхав дээ. Би нэг л удаа та бүхний буянаар нөхөртөө аавын нөмрийг үзүүлсэн мэт баярлан сууна.
Тусгайлан Монголын кино урлагт хайртай үзэгчид, биднийг хайрласан Монголын ард түмэндээ баярлалаа. Ямар агуу сэтгэл, ямар агуу дэмжлэг, тэнгэр мэт уужим хайр вэ. Та бүхний буян заяаг энэ яваа насандаа үл мартнам би.
Нэрт найруулагч Б.Бадар-Ууган, Б.Жамбалдорж зохиолчид гүнээ талархъя. “Шинэ үсгийн багш” киноны Тулгын дүрийг манай нөхөрт өгсөн нь өнөөдөр ханийг минь аварлаа гэж бодож сууна. Хүн бүрийн сэтгэлд тэр л жаахнаараа үлдэж, Тулгаа хүүг аврах хөдөлгөөн Монгол орон даяар өрнөлөө. Энэ эрхэм уран бүтээлчид тэнгэрт байгаа хэдий ч хайр ивээлээ түмэн олноор дамжуулан хүртээлээ.
Манай гэр бүлийг дэмжсэн “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАР”-ынхандаа баярлалаа. Хандивын аяныг минь мэдээлээгүй сайт, телевиз гэж байсангүй ээ. Та бүхэндээ чин сэтгэлээсээ ТАЛАРХЪЯ. Хэвлэлийн салбарынхан ийм л хүчтэй, нэгнээ дэмждэг, зовсон үед нь түшдэг халуун сэтгэлтэй хамт олон юм.
Нэмээд энэ долоо хоногт зарим телевизээр аавын кинонуудыг, “Шинэ үсгийн багш” киног гаргана гэсэн.
Ханийн минь мэргэжил нэгт найзууд, ах эгч нар #УРЛАГИЙНХАН-даа баярлалаа. Уран бүтээлд хамт ажилласан, зүс мэдэх төдий байсан ч дуу нэгтэйгээр биднийг дэмжиж сошиалд түүчээллээ. Халуун хамт олон, эв нэгдэлтэй, хүчтэй хүмүүс юм. Та нарын хайр биднийг аварч байна.
Одоо ч хандиваа цуглуулж байгаа, араас минь ерөөл өргөж, санхүүгийн дэмжлэг үзүүлж буй хүн бүрт гүн талархал илэрхийлье. Нөхрөө хагалгаандаа ороод гарсных нь дараа өөрөөр нь #ТАЛАРХАЛ илэрхийлж, пост оруулах болно. Удахгүй сайхан мэдээтэй уулзъя" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!